Шинэ хууль: Төрийн алба тогтворжиж, улстөржсөн халаа сэлгээ зогсох уу

 

УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэгдэж онцлох хуулиудын нэг бол яах аргагүй Төрийн албаны тухай хууль юм. Уг хууль батлагдсанаар төрийн алба тогтворжиж, улстөрийн нөлөөллөөс ангид байна гэж ард түмэн хүлээж буй. Учир нь хуучин цагт намын үзэл бодол, намын ялалт, ялагдал зөвхөн дарга, удирдлагуудад нөлөөлдөг байсан бол одоо төрийн албан хаагчдад хүртэл нөлөөлдөг болсон. Тухайлбал, нэг нам ялахад яамны дарга солигдож, тухайн дарга нь багаа бүрдүүлж байгаа нэртэй доорх ажилтнуудаа хүртэл халж, сэлгэдэг тогтолцоо тогтоод байгаа юм. Энэ нь мэдээж ар гэрээ тэжээж буй төрийн албан хаагчдад хүнд нөлөөлдөг. Харин Төрийн албаны хууль батлагдсанаар энэ бүх бэрхшээл үгүй болох боломж нээгдэж байна.

Уг хуулийн төсөл нь 7 хэсэг, 33 бүлэг, 109 зүйлтэй. Хуулийн төслөөс сонирхуулвал,

  1. Улс төрөөс хараат бус, шударга, ил тод, хариуцлагатай төрийн албаны эрх зүйн үндэс бүрдэж, төрийн албан хаагч тогтвортой ажиллах, төрийн алба хаших шалгуур нь зөвхөн мэргэшлийн болон уг албыг гүйцэтгэх мэдлэг чадвар, мэргэжлийн ёс зүйгээр тодорхойлогддог болох нөхцөлийг баталгаажуулна.
  2. Иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх, дэвшүүлэх, шагнаж урамшуулахдаа хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд тулгуурлах зарчмыг хуулиар тодорхойлж, түүнийг тууштай хэрэгжүүлэх арга хэлбэрүүдийг нарийвчлан зохицуулна.
  3. Мэдлэг, чадвартай иргэдэд нээлттэй өрсөлдөөнөөр төрийн албанд орох боломж олгохын зэрэгцээ карьерын шатлан дэвших тогтолцоог төрийн албанд нэвтрүүлэх, төрийн албан хаагч /улс төрийн албан хаагчаас бусад/ улс төрийн аливаа үйл ажиллагаанд оролцох явдлыг таслан зогсооно.
  4. Улс төрийн нөлөөнөөс ангид, ард түмнийхээ тусын тулд, зөвхөн төрийн ашиг сонирхолд захирагдан ажиллах Үндсэн хуулийн үзэл санаа бодитоор хэрэгжих боломж бүрдүүлнэ.
  5. Төрийн албанд авилга, хээл хахууль, хүнд суртал буурах нөхцөл сайжирч, төрийн үйлчилгээ иргэдэд ойртох, төр, иргэний харилцан итгэлцэл, хамтын ажиллагааг бэхжүүлэх, төрийн албаны удирдах албан тушаалтны хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүргийг шинээр тогтоож, үүрэг, хариуцлагыг нарийвчлан тодорхойлсон гэж тусгаж өгсөн байна.

Хуулийн төсөлд тусгасан заалтуудаас улстөрийн нөлөөнд хамгийн их өртдөг албан тушаалыг улстөрийн нөлөөнөөс ангид, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, бүрэн эрхийн хугацаанд улстөрөөс хараат бус байхаар тусгасан нь олон нийтэд ихээхэн таалагдаж байна. Тодруулбал, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга нарыг зургаан жилийн хугацаагаар томилох эрхзүйн орчныг бүрдүүлэхээр тусгажээ. Ингэснээр Засаг солигдож, нам ялсан ялагдсанаас үл хамаарч, тухайн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга нар өөрсдийнхөө эхлүүлсэн ажлын үр шимийг хүртэх боломжтой болж байгаа аж.

Мөн уг хуульд төрийн албан хаагч аль нэг намд харьяалагддаггүй байхаар тусгаж өгсөн байна. Энэ нь төрийн албан хаагч улс төрөөс ангид байх хамгийн том шалгуур болж байгаа юм. Тодруулбал, Улс төрийн албан хаагчаас бусад албан хаагч улстөрийн намын гишүүн бол намын гишүүнээс түдгэлздэг биш, татгалздаг байхаар хуульчилжээ. Мөн удирдлагын академийг төрийн албан хаагчдын тасралтгүй үргэлжлэх сургалт, хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулагч, судалгаа, сургалт, эрдэм шинжилгээ, арга зүйн хүрээлэн болгон өөрчилж, чадавхийг бэхжүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэхээр болсон байна.

Харин хариуцлагын тухайд,

  1. Төрийн албан тушаалтан хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг чангатгах, 
  2. Төрийн байгууллага, албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүнг үнэлэх шалгуур үзүүлэлт боловсронгуй болж, төрийн албан хаагчийн ажлын үр дүн, өсөлт хөгжлийг удирдлагын субьектив хандлага бус үйлчлүүлэгч, хамт олон, өөрийн үнэлгээ болон үр дүнгийн үзүүлэлтэд тулгуурласан хэмжүүрээр бодитой үнэлдэг тогтолцоонд шилжинэ.
  3. Хариуцсан ажлын чиг үүрэг, түүний хүрээ, хүлээх хариуцлагад тулгуурласан цалин, урамшууллын шударга тогтолцоог төрийн албанд нэвтрүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх зэрэг зохицуулалтыг төсөлд тусгасан байна.

 Сануулахад, УИХ-аас 1994 онд Төрийн албаны тухай хуулийг батлан 1995 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдүүлсэн бөгөөд 2002 онд уг хуулийг шинэчлэн найруулж, 2008 онд хэд хэдэн зарчмын шинжтэй томоохон нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэ хугацаанд нам төвтэй төрийн албыг мэргэшсэн, тогтвортой, улс төрөөс хараат бус төрийн алба болгон өөрчлөн шинэчлэхэд ихээхэн анхаарч ирсний үр дүнд тодорхой ахиц дэвшил гарсан боловч цаашид чадахуйн зарчим /мерит/-д суурилсан, улс төрөөс хараат бус, шударга, ил тод, хариуцлагатай, мэргэшсэн, тогтвортой төрийн албаны эрх зүйн үндсийг бэхжүүлэх зорилгоор Улсын Их Хурлын нэр бүхий гишүүд Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.

Б.Анир

http://www.zaluu.com/read/1232747bg


Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen