МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТ, ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ГАЗРЫНХАН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЭРХИЙН ТӨЛӨӨ ТЭМЦЭЖ БАЙНА

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТ, ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ГАЗРЫНХАН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЭРХИЙН ТӨЛӨӨ ТЭМЦЭЖ БАЙНА

 

Сүүлийн үед нийслэлийн  мэргэжлийн хяналтын газрынхан ам л нээвэл улсын комисст орж ажилласан Ерөнхий төлөвлөгөөний газрынхныг буруутгах хандлага ажиглагдах болсон. Хамгийн сүүлд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас зөрчилтэй барилгуудын талаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр архитектур төлөвлөлтийн даалгавар зөрчсөн, ажлын зураг төслийн бүрдэл дутуу, барилга угсралтын ажлын явцад зөрчилтэй байсан барилга байгууламжууд болон "Төрийн хяналт шалгалтын тухай”, "Хот байгуулалтын тухай”, "Барилгын тухай”  хуулиуд, дүрэм, журамд тавигдах шаардлагын хэрэгжилтийг хангахгүй байгаа хэд хэдэн барилга байгууламжуудад улсын /ахлах/ байцаагчийн акт, албан шаардлага хүргүүлж, биелэлтийг хангуулаагүй байхад улсын комисс ажиллаж ашиглалтад хүлээн авсан байгааг мэдээлсэн.


Мөн тус барилгуудад ашиглалтын явцад нэлээдгүй зөрчил илэрсэн талаар мэдээлж байсан юм. Түүнчлэн барилга угсралтын ажил нь дуусаагүй, зөрчилтэй барилгуудаас гадна ашиглалтын шаардлага хангахгүй байгаа автозамыг Улсын комисс хүлээн авсан тохиолдол байгаа гэдгийг мөн хэлж байлаа. Тухайлбал  Багахангай дүүргийн Үнэгтэйн гэр хорооллын 1.2 км автозамын угсралтын ажилд улсын ахлах байцаагч албан шаардлага өгсөн ч биелүүлээгүй байхад комисс хүлээн авчээ. Мөн Багануур дүүргийн гэр хорооллын 6.44 км автозамыг комисс хүлээн авсан ч "Автозам жим” ОНӨААҮГ-аас ашиглалтын шаардлага хангахгүй буй талаар гомдол ирж байгаа аж.

Улмаар дээрх барилгуудад зөрчлөө арилгах даалгавар өгөөд байгаа гэж мэдээлсэн юм. Гэсэн хэдий ч улсын комисс анхнаасаа чанартай сайн шалгаж үзэж авсан бол өнөөдөр ийм асуудал үүсэхгүй байсан гэдгийг тэд мөн хэлж байлаа. Тухайлбал, НМХГ-ын ДБХХ-ийн дарга Г.Гантулга "Сүүлийн үед ашиглалтад орж байгаа барилгуудтай холбоотой гомдол санал  олноор ирэх болсон. Энэ нь  улсын комисс хүлээж авахдаа хангалтгүй ажиллаж, дутуу шалгаж авсанаас үүдэлтэй”  гэлээ. Энэ нь ч үнэний ортойг иргэд, оршин суугчид хэлж байна. Улсын комисс хүлээгээд авчихсан асуудалгүй гээд итгээд орсон шинэ байранд нь өдөр бүр чанар, стандарт зөрчсөн асуудал гарч, энэ талаар зогсоо зайгүй мэргэжлийн байгууллагад гомдол гаргаж амьдрахыг иргэд хүсэхгүй байгаагаа хэлж байна. 
 
Тэгвэл нөгөө талд нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрынхан арай өөр байр суурийг илэрхийлж байна. Ерөнхий төлөвлөгөөний газрын мэргэжилтний ярьснаар мэргэжлийн хяналтынхны   гэнэт ингэж улсын комисс руу  дайрч байгаа нь  огт өөр зорилготой аж. Учир нь 2013 оноос   барилгын тусгай зөвшөөрлийг олгох эрхийг Ерөнхий төлөвлөгөөний газарт өгсөнийг одоо буцаан авахаар санаархсандаа ийнхүү ярих болсон гэнэ. 2013 оноос өмнө барилгын тусгай зөвшөөрлийг мэргэжлийн хяналтын байгууллага өгдөг байсан билээ. Гэвч хяналт шалгалт хийдэг байгууллага тусгай зөвшөөрөл олгох эрхийг давхар эзэмшдэг улс гэж энэ дэлхийд манайхаас өөр байдаггүй байжээ. Иймээс олон улсын  жишигт нийцүүлэн ийнхүү  тусгай зөвшөөрөл олгох эрхийг Ерөнхий төлөвлөгөөний газарт шилжүүлжээ. Гэвч мэргэжлийн хяналтынхан дахин энэхүү эрхийг авахын төлөө ийм зүйл ярих болсон байна.
 
Түүнчлэн зарим эх сурвалжуудын хэлж буйгаар  мэргэжлийн хяналтынхан барилгын тусгай зөвшөөрөл олгож, түүнийгээ хянаж шалгадаг байх үед нийслэлд баригдаж буй зөрчилтэй барилгын тоо 200 хол давсан байжээ. Харин 2013 оноос хойш  зөрчилтэй барилгын тоо эрс багасаж өдгөө 40 орчим болсон аж. Энэ нь хяналт тавьдаг, зөвшөөрөл олгодог байгууллагыг ялгаж өгсөнтэй холбоотой гэдгийг ч мөн хэлж байлаа.
 
Б.Сансар
olloo.mn
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen