Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх, эрт илрүүлж эмчлэхэд ДЭМБ хамтран ажиллана
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др.Сокорро Эскалантег хүлээн авч уулзлаа.
Тэрбээр манай улсад хавдрын шинэ тохиолдлууд жилээс жилд тууштай буурахгүй байгааг онцолж, шинээр бүртгэгдсэн хавдрын тохиолдлуудын дийлэнх нь хожуу шатанд оношлогдож байгаагаас гадна хавдрын шалтгаант нас баралтаар дэлхийд тэргүүлж байна. Цаашид эрт илрүүлгийг оновчтой зохион байгуулах замаар аль болох олон тохиолдлыг бага зардлаар эрт илрүүлж, эмчилгээнд хамруулахад онцгой анхаарч ажиллана гэлээ.
Түүнчлэн эмэгтэйчүүдийн дунд түгээмэл тохиолддог умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэгч хүний папиллома вирусний эсрэг вакциныг энэ оны 10 дугаар сараас эхлэн товлолын дархлаажуулалтын хөтөлбөрийн хүрээнд үндэсний хэмжээнд нэвтрүүлэхтэй холбоотойгоор Олон улсын вакцины холбоо (Гави)-гаас уг вакциныг нэвтрүүлэх ажилд 2,6 сая ам.долларын санхүүгийн дэмжлэг үзүүлэх болсон тухай тэмдэглээд, уг санхүүжилтийн 1 сая ам.долларыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, үлдсэн 1,6 сая ам.долларыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сангаар дамжуулан зарцуулах тул Засгийн газар, Эрүүл мэндийн яам болон хөгжлийн түнш олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа, үйл ажиллагааны уялдаа туйлын чухал болохыг онцлов.
Сайд Т.Мөнхсайханы онцлон дурдсан эрт илрүүлгийг оновчтой зохион байгуулах, өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах замаар халдварт болон халдварт бус өвчлөл, тэдгээрийн шалтгаант нас баралтыг бууруулах чиглэлээр Засгийн газрын үйл ажиллагааг бүхий л талаар дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам