Эпилепси өвчтэй хүүхдийн гавлын ясанд анх удаа таталтыг хянах төхөөрөмж суулгажээ

Эпилепси өвчтэй хүүхдийн гавлын ясанд анх удаа таталтыг хянах төхөөрөмж суулгажээЭпилепси буюу уналт таталтын өвчтэй Оран Ноулсон хэмээх 13 настай хүү  мэдрэлийг өдөөгч төхөөрөмж буюу уналт таталтыг хянах шинэ төхөөрөмжийг гавлын ясандаа суулгуулсан анхны өвчтөн болжээ.

Төхөөрөмжийн илгээсэн дохио нь тархины гүнд нэвтэрдэг бөгөөд хүү өдрийн цагаар таталт өгөх давтамж тав дахин багассан байна. Ораны ээж Жастин Ноулсон ВВС-д ярилцлага өгөхдөө, хүү маань аз жаргалтай болж байгаа нь илт анзаарагдаж байгаа, "түүний амьдралын чанар мэдэгдэхүйц сайжирсан" хэмээн ярилаа. 

Уг төхөөрөмжийг суулгах мэс заслыг өнгөрсөн оны 10 дугаар сард Лондоны “Грейт-Ормонд-стрит” хүүхдийн эмнэлэгт эмнэлзүйн туршилтын хүрээнд хийсэн байна. 

Оран хүү Соммерсет гүнлэгт төрсөн бөгөөд гурван настайдаа эпилепсийн ховор тохиолддог, эмчлэхэд хэцүү хэлбэр болох Леннокс-Гастаутын хам шинжтэй гэж оношлогджээ. 

Ораны эмчилгээг хүнд эпилепситэй өвчтөнүүдэд тархины гүн өдөөлт өгөх нь аюулгүй, үр дүнтэй эсэхийг үнэлэх зорилготой цуврал судалгаа буюу CADET төслийн хүрээнд хийж байгаа ажээ. “Грейт-Ормонд-стрит” эмнэлэгт явуулж буй эмнэлзүйн туршилтыг Лондоны их сургуулийн коллеж, Кингс коллежийн эмнэлэг, Оксфордын их сургуулийн эрдэмтдийн баг хамтран хийж байна. 

Тархины эсээс цахилгаан цэнэгжилт богино хугацаанд хэт ялгаран, үйл ажиллагаа алдагдахад унаж татаж эхэлдэг. Тэгвэл мэдрэлийг өдөөгч энэ төхөөрөмж нь цахилгаан цэнэгжилтийн ийм хэвийн бус байдлыг зогсоох эсвэл засах зориулалттай тогтмол гүйдлийн импульсийг тасралтгүй ялгаруулдаг аж. 

Мэс заслыг хийсний дараа төхөөрөмжийг асаахаас өмнө хүүд мэс заслаас эдгэрэх нэг сарын хугацаа өгчээ. Эмнэлзүйн туршилтын хүрээнд уг төхөөрөмжийг дахин гурван хүүхдэд суулгахаар төлөвлөсөн байна. 

Одоогоор уг төхөөрөмж тасралтгүй ажиллаж, тархины төв рүү байнга цахилгаан дохио илгээж байгаа юм. 

epilepsy.PNG

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen