Хуучирсан шугам сүлжээ өвлийн оргил ачааллыг давах уу?

Хуучирсан шугам сүлжээ өвлийн оргил ачааллыг давах уу?

 

Улаанбаатар хотын инженерийн дэд бүтцийн 40 орчим хувь нь 30-аас дээш жилийн насжилттай байна. Дулааны шугам цоорох, цахилгааны кабель гэмтэх эрсдэлтэй энэ нөхцөлд нийслэлийн инженерийн хангамжийн байгууллагууд өвлийн оргил ачааллын бэлтгэлээ шалгаж, штабын дадлага сургуулилалт хийжээ.

Уг дадлага сургуулилалтыг 11 дэх жилдээ зохион байгуулж буй бөгөөд инженерийн хангамжийн долоон, гэрэлтүүлгийн ашиглалт, засвар үйлчилгээ хариуцсан 20 байгууллага оролцсон байна. Сургуулилалтаар өвлийн улиралд шугам, тоног төхөөрөмжид гэмтэл гарах, осол аваар үүсэх үед шуурхай ажиллах, байгууллагуудын уялдаа холбоо, техник хэрэгсэл болон нөөцийн хуваарилалтыг шалгажээ.

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва "Улаанбаатар хотын инженерийн хангамжийн үндсэн шугам сүлжээнүүдийн ихэнх нь 1970-1990 онд баригдсан. Насжилтаас шалтгаалан дулааны шугам цоорох, цахилгааны кабель гэмтэх, улмаар оршин суугчдын дэд бүтцийн үйлчилгээ тасалдах эрсдэлтэй байна" гэсэн юм. 

Тэгвэл энэ өвөл нийслэлд өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд давс, бодис цацах зориулалтын 96 машин, зам цэвэрлэгээний 432 тусгай зориулалтын машин техникийн бэлэн байдлыг хангажээ. Мөн дулаан, цахилгаан, борооны ус зайлуулах, ус хангамж, ариутгах татуургын нийт 80.2 км шугам сүлжээг шинэчилсэн байна.

“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд 52 нэр төрлийн 95 багц ажил хийжээ. Тус компани 1900 гаруй ажилтантай бөгөөд нийслэлийн найман дүүрэг, Төв аймгийн 16 сумыг 24 цагаар цахилгаан эрчим хүчээр хангадаг.

Харин хувийн орон сууцны 60 гаруй контор нийслэлийн оршин суугчдын 50 хувийг дулаан, цэвэр усаар хангаж, бохир усыг зайлуулах үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр байгууллагад нийт 1500 орчим ажилтан ажилладаг аж.

Мөн нийслэлийн төвийн зургаан дүүргийн 108 мянган гэрэлтүүлгийн хэвийн ажиллагааг 20 байгууллага хариуцаж, шаардлагатай сэлбэг хэрэгслээ нөөцөлсөн байна.

Нийслэлийн инженерийн дэд бүтцийн насжилт, гэмтэл гарах эрсдэлийг харгалзан үзвэл өвөлжилтийн бэлтгэл зөвхөн техник, ажиллах хүчний бэлэн байдлаар хязгаарлагдахгүй. Хуучирсан шугам сүлжээний найдвартай ажиллагааг хэрхэн хангах нь өвлийн оргил ачааллын үеийн гол сорилт хэвээр байна.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen