Цаазын тавцанд дахин очсон дэрэвгэр жиргэрүү

Цаазын тавцанд дахин очсон дэрэвгэр жиргэрүү

 

Арай ч дээ

Өдгөөгөөс 14 сарын өмнө "Салбарын сайд нь дэрэвгэр жиргэрүүд таван жилийн нас хайрлалаа” хэмээн бичиж байв. Тухайн үед Сэлэнгэ, Дорнодын талд газар тариалангийн талбай даган ургадаг, багахаан нөөцтэй, тархац нь хумигдмал мөртлөө байгаль, экологид ялангуяа атаршсан газарт асар их тус дэмтэй, цөлжилтөөс хамгаалж, газрын чийгийг барьж байдаг, хөл ургамал хэмээх ангилалд багтдаг "царай муутай” дэрэвгэр жиргэрүү гэх нөхөн сэргэдэггүй ургамлыг хятадуудын хөл гар болсон монголчууд түүж, хядахаас таван жил ч болтугай аварч чадлаа хэмээн ямар их баярлаж байсан гэж санана. "Одоо дэрэвгэр жиргэрүүг хэн ч түүхгүй, ургах жамаараа хэдэн жил ч болтугай ургаж байгаа” хэмээх бодол өнгөрсөн арванхоёрдугаар сарын сүүлч хүртэл хэвээр байв. Гэтэл шинэ жилийн өмнөх өдөр Дархан-Уул аймгаас Б.Нэргүй гэх нэгэн иргэн утас цохиж "Би дэрэвгэр жиргэрүү түүж, гадаадад худалдахыг эсэргүүцэж сурвалжилсан чиний сурвалжлагуудыг уншиж байсан. Дараа нь таван жил түүхгүй байхаар Батцэрэг сайд тушаал гаргасныг ч харсан. Гэхдээ манай энд өнгөрсөн намар гурван газар үндэс худалдаж авсан. Өнгөрсөн жилийнхээс олон хүн үндэст явсан. Одоо худалдаж авсан бүх үндсээ Улаанбаатар дахь агуулахдаа аваачсан. Бараг хилээр гаргаж байгаа байх. Сайдын шийдвэр хэрэгжиж байна уу гээд сурвалжлага хийж болохгүй юм уу” хэмээн хэлсэн билээ. Ингээд үүний мөрөөр БОАЖЯ-ны холбогдох хэлтсийн албан тушаалтантай уулзаж, учир байдлыг лавлахад "Тэр тушаал хүчингүй болсон. БОАЖЯ шинэ бүтэц бүрэлдэхүүнээр ажиллаж эхэлснийхээ дараа хориглосон тушаалыг цуцалж, түүж, экспортлох зөвшөөрөл олгосон” гэсэн юм. Тухайн үед надад уг хүчингүй болгосон тушаал олдоогүй тул энэ тухай мэдээлж чадалгүй явсаар өнгөрсөн даваа гаригт уг шийдвэрийг сониндоо нийтэлсэн билээ.

 

 Цаазын тавцанд дахин очсон дэрэвгэр жиргэрүү

 

Аврах хийгээд цаазлахыг зөвшөөрсөн тушаал

А377 тоот тушаал. Энэ бол олон зуун сая дэрэвгэр жиргэрүүгийн амийг аврахаар ургамал, биологийн хүрээлэн хийгээд тухайн үеийн БОНХАЖЯ-ны мэргэжилтнүүдийн зөвлөл цөөнгүй удаа хуралдаж, бодит байдлыг тэмдэглэж, дүгнэсний эцэст гарсан шийдвэр. Үүнийг ганцхан тус яамны сайдын тушаалаар баталчихаагүй. Тухайн үеийн Засгийн газрын хуралдаанд уг асуудлыг оруулж, хэлэлцүүлсний эцэст энэ шийдвэр хүчин төгөлдөр болсон. Уг тушаалд "Байгалийн ургамлын тухай хуулийн 4 дүгээр зүйл, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1.4, УИХ-ын 2010 оны 18 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-ын 3.5.3.3 дахь заалт, "Жагсаалт батлах тухай Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолыг тус тус үндэслэн тушаах нь: Нэгдүгээрт, Монгол орны ховор ургамлын жагсаалтад орсон дэрэвгэр жиргэрүүг устах аюулд орохоос урьдчилан сэргийлэх, биологийн нөөцийг хамгаалах, экологийн шаардлагыг харгалзан түүж бэлтгэх, гадаад улсад гаргах зөвшөөрөл олгохыг 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэл таван жилийн хугацаанд түр хориглосугай.

 

Хоёрдугаарт, дэрэвгэр жиргэрүүг 2015 онд холбогдох хууль тогтоомжийн дагуу зөвшөөрөл авч, түүж бэлтгэсэн аж ахуйн нэгжүүдэд байгалийн ургамлыг гадаад улсад гаргах зөвшөөрлийг 2016 оны нэгдүгээр сарын 1-ний дотор багтаан олгохыг зөвшөөрсүгэй. 

Гуравдугаарт, энэхүү тушаалын хэрэгжилтийг хангаж, орон нутагт зохих арга хэмжээ авч ажиллахыг Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын даргад даалгасугай” гэжээ.

 

Гэвч энэхүү тушаал 2016 оны аравдугаар сарын 12-ны өдрөөс хүчингүй болж, одоогийн сайд Д.Оюунхоролын гаргасан А377 тоот тушаалын дагуу 2016 онд нийт 13 компанид 350 хүртэлх тонн дэрэвгэр жиргэрүү түүхийг зөвшөөрсөн байдаг. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолоор ховор ургамлын тоонд бүртгэсэн уг ургамал дахин цаазын тавцанд очиж, бүр 350 хүртэлх тонноороо хил давжээ. Энэ бол сайдын зөвшөөрсөн тоо бөгөөд үүнээс хэд дахин ихийг түүж, бэлтгэснийг, хилээр гаргасныг тогтоох боломжгүй юм.

 

Үүнээс гадна ховор ургамалд байгалийн жамаар нөхөн сэргэх чадвар хязгаарлагдмал, тархац нөөц багатай, устаж болзошгүй ургамлыг хамруулдаг. Тэгэхээр энэхүү дэрэвгэр жиргэрүү нь одоогоос 22 жилийн өмнө дээрх ангилалд орж, нөөц нь хумигдсан нь тогтоогдсон гэсэн үг. Одоогийн салбарын сайд хийгээд холбогдох албан тушаалтан, мэргэжилтнүүд нь үүнийг хайхрахгүй, "Эдийн засгийн эргэлтэд оруулж болох байгалийн нөөц бүхнийг оруулна” гэж байж болох юм. Гэвч Монгол Улс дагаж мөрдөх хууль, дүрэм журамтай. Дэрэвгэр жиргэрүүг түүж, бэлтгэх, экспортлохыг зөвшөөрснөөр тухайн газрын цөлжилтийг хурдасгаж, хөрс, ургамлын экосистемийг алдагдахад хүргэж байгаагаас гадна Байгалийн ургамлын тухай хуулийн хэд хэдэн зүйл заалт,  УИХ-ын 2010 оны 18 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-ын тодорхой заалтуудыг зөрчиж байгаа юм. Үүнийг ажлаа мэддэггүй, байгалиа хамгаалах нинжин сэтгэлгүй, өнөө маргаашийн ашиг хонжоо хэдхэн төгрөгийн төлөө төрийн тамгыг хайр найргүй дарж суудаг дарга нарт сануулах нь зүйтэй. Энэ зөвхөн дэрэвгэр жиргэрүү гэх ургамалд хамаатай зүйл биш. Үүнээс гадна ховор, нэн ховор ангилалд багтсан хийгээд түгээмэл тархацтай хэмээн өдгөө байж болох хэмжээгээр нь бусдад өгч буй олон зуун ургамлын хувь заяатай холбоотой асуудал. Ялангуяа байгаль дэлхийн хамгийн чухал эд эрхтэн болох ургамалд хөнгөн хуумгай, өнөө маргаашийн ашиг хонжоо, хэн нэгний эрх ашгийн үүднээс хандаж болохгүй.

 

 Цаазын тавцанд дахин очсон дэрэвгэр жиргэрүү

 

Хуулиа мэддэггүй яамныхаан, дараах заалтуудыг цээжлээрэй

Байгаль орчин аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролоор ахлуулсан Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын мэргэжилтнүүд, үүнд хамааралтай бусад эрдэм шинжилгээний ажилтнуудаа, та бүхэн А377 тоот тушаалыг гаргах үндэслэлийг шийдвэр гаргах түвшнийхэнд танилцуулахдаа дараах хууль, дүрэм, журмуудыг зөрчжээ.

 

Тодруулбал, Байгалийн ургамлын тухай хуулийн 10 дугаар зүйлд "Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нэн ховор ургамлыг зөвхөн судалгаа, шинжилгээний, ховор ургамлыг ахуйн болон судалгаа, шинжилгээний, элбэг ургамлыг судалгаа, шинжилгээний, ахуйн, үйлдвэрлэлийн зориулалтаар тус тус ашиглаж болно” хэмээн заасан байдаг. Түүнчлэн тус хуулийн 17 дугаар зүйлийн 4-т "Нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн гаралтай эд, зүйлийг судалгаа, шинжилгээнээс бусад зориулалтаар, эсхүл эцсийн бүтээгдэхүүн болгосноос бусад тохиолдолд гадаадад гаргахыг хориглоно” хэмээн заажээ. Өөрөөр хэлбэл, хуулийн хүрээнд уг асуудлыг шийднэ гэвэл судалгаа, шинжилгээний зориулалтаар багахан хэмжээний ховор ургамал гадаадад тодорхой төр, захиргааны байгууллагуудын зөвшөөрөлтэйгээр гаргаж болохоор байгаа юм. Гэвч энэ удаад өмнөх 12 жилийн хугацаанд түүж, бэлтгэж, экспортлохыг зөвшөөрсөн нийт тоо хэмжээнээс их буюу 360 хүртэлх тонныг түүж, экспортлохыг зөвшөөрчээ. Үүнээс гадна Түүнчлэн "Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг батлах тухай 48 дугаар тогтоолын 3.3, 3.5-д "Байгалийн ургамал, ойн дагалт нөөцийн экспорт болон ойн үндсэн ашиглалтын огтлолтыг бүрэн хориглож, ойн сангийн нөөцийг хоёр хувиар нэмэгдүүлнэ” гэснийг зөрчжээ. Ийн хууль, дүрэм, журам зөрчиж буйгаа холбогдох мэргэжилтэн, албаныхан мэдэж байсан байж таараа. Гэвч хариуцсан төрийн яамны сайд тэргүүтнүүд хуулийг уландаа ийн гишгэжээ.

 

Тэд өөрийгөө өмөөрөх дараах хуулийн гаргалгааг хэлж мэдэх юм. Тодруулбал, Байгалийн ургамлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 2-т зааснаар "Эм бэлтгэн найруулах ажил, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага ховор болон элбэг ургамлыг эмийн үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж болно” гэх заалт. Гэвч одоогоор манайд дэрэвгэр жиргэрүүгийн үндсээр эм, эмийн бэлдмэл хийх нэг ч үйлдвэр, технологи нэвтрээгүй байгаа билээ.

 

Үүнээс гадна уг ургамлыг ховор, үйлдвэрлэлийн зориулалтаар түүх, гадаадад гаргахыг хориглосон гэдгийг мэдсээр атлаа асуудлыг боловсруулж, сайдад танилцуулж, ямар ч гарцгүйгээр зөвшөөрүүлж, гарын үсэг зуруулсан мэргэжилтнүүдэд учир их бий. Энэ талаар албаны эх сурвалж "БОНХАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын мэргэжилтнүүд ховор ургамлыг түүж бэлтгэх тухай санал боловсруулж, сайдад танилцуулдаг. Тэгэхдээ уг ургамлын дээрээс 20-30 сантиметр хэмжээтэй тасдаж авахад 1-2 жилийн дараа өөрөө нөхөн төлжиж ургадаг. Хаа сайгүй тархац, нөөцтэй. Бэлэн мөнгө газарт байлгаж байхаар орон нутгийн иргэдийг ч орлоготой болгож, тодорхой хэмжээний орлого төсөвт орж ирэх боломж байна. Харин ч хятадууд авъя гэж байгаа нь сайн хэрэг. Хэн ч тоохгүй байж болно шүү дээ. Мөнгө болж байгаа дээр нь ашиглах хэрэгтэй” гэх мэтээр ухуулдаг хэмээн ярьж байсан. Түүнчлэн "Сайдын тушаал гаргуулахын тулд эмийн үйлдвэрийнхэн болон бусад эрх мэдэлтнүүд сайдад санал оруулах эрхтэй албан тушаалтнууд, мэргэжилтнүүдтэй эртнээс харилцаа тогтоож, ил харагдах баримтгүй ч авлига, хахууль атгуулдаг. Ингэснээр тухайн албан тушаалтан сайдыг зөвшөөртөл ярьж, ойлгуулдаг” гэх яриа ч бий.

 

Дэрэвгэр жиргэрүүгийн талаар эргэн сануулъя

Дэрэвгэр жиргэрүүгийн нөөцийг 2014-2015 оны байдлаар Дорнод аймагт 55, Сэлэнгэ аймагт 45 тонн байгаа хэмээн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн судлаачид тогтоосон байдаг. Үүний 75 тонныг эмийн түүхий эдийн зориулалтаар түүхийг тухайн онд зөвшөөрчээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Баруунбүрэн, Энхтал, Сант, Сайхан сумаас 45, Дорнод аймгийн Халхгол, Булган сумаас 30 гээд нийт 75 тонныг түүхийг тухайн үеийн БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол 2015 оны долдугаар сарын 3-ны өдрийн А-268 дугаар тушаалаар 14 компанид зөвшөөрсөн байдаг. Өөрөөр хэлбэл, Д.Оюунхорол сайд өмнө нь ч энэ ургамлыг түүж, экспортлохыг зөвшөөрч байсан.

Ховор ургамлын жагсаалтад орсон уг ургамлаар одоохондоо Монголын аль ч эмийн үйлдвэр эцсийн бүтээгдэхүүн, эм, ханд хийж чадаагүй байна. Тэд энэ ургамлыг БНХАУ руу өндөр өртгөөр борлуулахын тулд л салбарын яамнаас эмийн зориулалтаар гэх овжин нэрийн дор зөвшөөрөл авч хядуулсаар байгаа билээ. Эмийн үйлдвэрүүдэд зөвшөөрөл өгснийг иргэд далимдуулан хууль бусаар хэдэн арван тонноор нь түүж, Дархан-Уул аймагт байрлах хятад иргэдэд 2015 онд  килограммыг нь 4000-4500 төгрөгөөр өгч байв. Өнгөрсөн онд килограмм тутмыг нь 6000-7000 төгрөгөөр авч байсныг эх сурвалж ярьж буй.

 

Үүнээс гадна энэ ургамлыг хилээр гаргахдаа килограмм тутамд 3000 төгрөгийн тэмдэгтийн хураамж төлснөөс өөр өртөггүйгээр зүгээр өгдөг гэвэл та итгэх үү. Харин БНХАУ-д хүрсэн дэрэвгэр жиргэрүү нэг килограмм нь монгол мөнгөөр 110-115 мянган төгрөг болж үнэд ордог байна. Ингээд зогсохгүй хятад иргэд уг ургамлыг БНСУ руу уламжлалт эмийн түүхий эдийн зориулалтаар дамладаг бөгөөд энэ тохиолдолд килограмм нь 300 мянга гаруй төгрөгөөр үнэлэгддэг гэдэг.

 

Х.Оюунбилэг:Зөвшөөрөл олгохгүй гэхээр иргэд, аж ахуйн нэгжийн эсэргүүцэл, гомдол маш олон ирдэг

Уг ургамлын зөвшөөрлийг хэрхэн олгодог талаар 2015 онд БОНХАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын мэргэжилтнээр ажиллаж байсан Х.Оюунбилэг тухайн үед ямар тайлбар өгч байсныг дахин хүргэе.

 

-Бид ховор ургамлын жагсаалтад орсон дэрэвгэр жиргэрүүг БОНХАЖ-ын сайдын зөвшөөрлөөр түүж, устгаж байгаа Сэлэнгэ аймгийн нутгаар яваад ирлээ. Энэ зөвшөөрлийг ямар үндэслэлээр олгосон байдаг юм бол?

-Тухайн жилийн ургамал ашиглах тушаалыг батлахдаа аймгийн байгаль орчны газрын албан тоот, иргэн, аж ахуйн нэгжийн албан тоот, хүсэлтийг үндэслэн гаргадаг. Өөрөөр хэлбэл, сайдын тогтоож өгч байгаа хэмжээ маань тухайн жилд ирсэн хүсэлтээс шалтгаалж батлагддаг. Энэ ургамлыг түүж, бэлтгэх хүсэлт ирүүлэхдээ орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нараас нутгийн иргэдийг түр ажлын байраар хангана, орлогыг нэмэгдүүлнэ, орон нутгийн санд тодорхой тооны хураамж төвлөрнө гэсэн хүсэл ирүүлдэг. Энэ үүднээс 2015 оны долоодугаар сарын 4-нд БОНХАЖ-ын сайдын А-268 тоот тушаалаар энэ онд дэрэвгэр жиргэрүүг 75 тонн хүртэл хэмжээгээр түүхийг зөвшөөрсөн. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн сумдаас 45тонн, Дорнодын нутгаас 30 тонн дэрэвгэр жиргэрүү түүх зөвшөөрлийг 14 компанид өгсөн.

 

-Энэ ургамлыг түүх эрхийг дотоодын компаниуд авч байгаа ч бүгд Хятад руу экспортлож байгааг салбарын яамныхан мэдэж байгаа болов уу?

-Одоогоор Монгол Улсад энэ ургамлыг эм үйлдвэрлэлийн зориулалтаар ашигласан байгууллага байхгүй. БНХАУ руу эспортлох зорилгоор л түүдэг. Эмийн үйлдвэрүүд  дэрэвгэр жиргэрүүг хатааж, хувааснаа анхан шатны боловсруулалт хийсэн гэж нэрлээд гадагш нь гаргадаг. Дахин тарьж, ургуулах боломжгүй болгож байгаа гэсэн үг л дээ. 

 

-Ховор ургамлын жагсаалтад орсон ургамлыг түүх зөвшөөрөл өгөөд байгааг ойлгохгүй байна. Нэн ховор, ховор гэсэн л бол нөөц нь хомсдож, устах аюул ойрхон ирсэн гэсэн үг мөн биз дээ?

- Монгол оронд бүртгэгдээд байгаа 3127 зүйл ургамал байгаагийн 133 зүйл нь нэн ховор, 355 зүйл нь ховор ургамалд тооцогддог. Эмийн түүхий эдэд ашигладаг 600 гаруй зүйлийн ургамал бий. Эдгээрээс иргэд, аж ахуйн нэгжүүд ийм ургамлыг түүх хүсэлтэй байна гэсэн санал ирүүлдэг. Үүний дагуу холбогдох хүрээлэнгүүдээс тархац, нөөцийн судалгаа авч, боломжтой гэсэн ургамлыг түүж, бэлтгэхийг зөвшөөрдөг. Энэ жилийн хувьд Дорнод аймгийн дэрэвгэр жиргэрүүгийн нөөц 55 тонн, Сэлэнгэ аймгийнх 45 тонн байна гэсэн судалгаа, дүгнэлт ирүүлсэн. Үүнээс боломжтой гэж үзсэн хэмжээгээр зөвшөөрөл олгосон байх.

 

-100 тоннын нөөцтэй ховор ургамлын 75-ыг нь түүхийг зөвшөөрсөн нь олон хардлага дагуулж байгаа. Иргэд, аж ахуйн нэгжийн хүсэлтэд тулгуурлаад л зөвшөөрөл олгодог бол юу хүссэнээ авч, ашиглаж болох юм биш үү. Үүний цаана ямар эрх ашиг байна вэ?

- Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд байгалийн ургамлыг байгаа чигээр нь экспортлохыг хориглоно гэж байгаа. Мөн тарималжуулаагүй байгалийн ургамлыг гадаадад гаргахыг хориглоно гээд хуулинд заасан. Гэтэл сүүлийн жилүүдэд эдийн засгийн хямрал, аж ахуйн нэгжийн хүсэлт, экспортыг дэмжих жил зэрэгтэй  холбоотойгоор аж ахуйн нэгж байгууллагууд "Бид энэ ургамлыг эхлээд түүе. Экспортод гаргая. Эргэлтийн хөрөнгөтэй болохоороо тарьмалжуулъя гэсэн санал оруулж ирсэн байдаг. Үүнд үндэслэн 2014 оноос дахин олгож эхэлсэн. Гэхдээ иргэд, аж ахуйн нэгжийн хүсэлтээс гадна тухайн ургамлын нөөц, тархацын судалгаанд үндэслэдэг.

 

2013 онд нэг килограммыг ч түүлгэх зөвшөөрөл олгоогүй. Гэтэл нэлээдгүй асуудалтай тулгарсан. Орон нутгийн удирдлагууд, Иргэдийн төлөөлөгчид, иргэд, аж ахуйн нэгжүүд "Тариалангийн талбай дагаж ургадаг хөл ургамлыг харамлалаа. Бид нэг килограммд нь бараг 10 мянган төгрөг тушааж, төсөвт хөрөнгө оруулж байхад та нар хаах гэлээ” гэсэн гомдол цөөнгүй ирүүлсэн. Харин иргэд "Бид ажилтай орлоготой болох гэж байхад та нар хориглолоо. Ашиглаж болох ургамлыг ашиглаж байя” гэх мэтээр хүсэлт, шаардлага, гомдол байнга ирүүлдэг.

 

-75 тонн дэрэвгэр жиргэрүүгээс улсын төсөвт хэчнээн төгрөг төвлөрөх вэ?

-Эрх авсан компани уг ургамлыг түүж, бэлтгэхдээ улсын тэмдэгтийн хураамжид нэг килограмм тутамд 4000 төгрөг, орон нутагт байгалийн нөөц ашигласны төлбөр гэж 3000 төгрөг, хилээр гарахдаа тэмдэгтийн хураамжийн төлбөрт хуурай жингийн килограмм тутамд 3000 төгрөг төлдөг. Өөрөөр хэлбэл, Чингэлтэй дүүргийн татвараар дамжин улсын төсөвт нэг килограмм тутмаас 7000 төгрөг, орон нутгийн санд 3000 төгрөг ордог гэсэн үг.

 

-Энэ мөнгө БОНХАЖЯ-нд устаж үгүй болох аюул тулгараад байгаа хөрсийг цөлжилтөөс хамгаалдаг, дэрэвгэр жиргэрүүгээс илүү хэрэгтэй байгаа юм байх даа.

-Нөөц үнэхээр дуусаж байвал уг ургамлын нөхөн сэргэх чадварыг нь хадгалж үлдэхийн тулд хориглох байх. Үүний тулд бид  санал боловсруулж эхэлсэн.

 

-Зөвшөөрөл өгсөн аж ахуйн нэгжийн түүж, бэлтгэж байгаа үйл явцад яамны зүгээс ямар хяналт тавьдаг вэ?

-БОНХАЖЯ бодлогоо боловсруулна. Яамны мэргэжилтнүүдэд хяналт шалгалт хийх эрх зүйн орчин байхгүй. МХЕГ болон түүнйи харьяа хэлтсүүд, байгаль орчны байцаагчид иргэд, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавьж, хариуцлага тооцох эрхтэй. Гэхдээ тухай бүрт хүрч ажиллаж чадахгүй байгаа нь үнэн. Бидэнд аймгуудын Мэргэжлийн хяналтын хэлтсүүд оны эцэст нэгдсэн тайлангаа явуулдаг учраас тухай бүрт хариуцлага тооцох санал, шүүмж хүргүүлж чаддаггүй тал бий.

 

Түүж бэлтгэх зөвшөөрөл өгөхдөө тухайн ургамлыг нөхөн сэргээж, тарих шаардлагыг яамны зүгээс тавьдаг. Эмийн үйлдвэрүүдийн зарим нь 50 тонн үр бэлтгэсэн гэж байгаа ч үнэн эсэхийг хянаж, тогтоогоогүй. Нөхөн сэргээлт хийж байгаа гэсэн тайлан бидэнд ирүүлдэг. Мөн л үнэн эсэхийг нь тогтоох, шалгах боломж байхгүй. Бидэнд орон нутагт байгаа байцаагчид, албаныхан ийм мэдээлэл ирүүлдэг ч нүдээр үзээгүй, баримтжуулаагүй болохоор нөхөн сэргээж байгаа эсэхийг мэдэхгүй.

 

Агуулахад их хэмжээний дэрэвгэр жиргэрүү байна гэх мэдээллийн мөрөөр Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2014 оны төлөвлөгөөт бус шалгалт хийхэд манайхаас авсан зөвшөөрлийн хэмжээгээр үндсээ хураасан байсан. Гэхдээ байцаагчид шалгалт очиж байгаа мэдээллийг хэн нэгнээс аваад, өөр тийш нь зөөсөн болов уу гэж хардаж байгаа. Яагаад гэхээр агуулахын үүдээр дүүрэн машины шинэхэн мөр байсан. Их хэмжээгээр хуримтлуулсан, хууль бусаар түүсэн гэсэн баримт бидэнд байхгүй болохоор хариуцлага тооцох эрх зүйн үндэс байдаггүй.

 

-Хилээр гаргахыг нь ямар учраас зөвшөөрсөн байдаг юм бол?

-Байгалийн ургамлын тухай хуулийн 17.1, 17.3-т заасны үндэслэн гадаадад гаргах зөвшөөрлийг олгодог.

 

Ц.Батсүрэн: Дэрэвгэр жиргэрүү дахин төлжиж, ургадаггүй

Мөн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн ургамалжлын экологи, ургамлын нөөцийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан Ц.Батсүрэнгийн 2015 онд өгч байсан тодруулгыг хүргэе.

 

-Дэрэвгэр жиргэрүү гэх ургамлыг танилцуулаач?

- Латинаар Saposhnikovia divaricata /Turcz/ Schischk буюу Монголоор дэрэвгэр жиргэрүү (гонид, хонин шүүр, шүхэргэнэ, хонин шүхэр, зэгнэ зэргээр ард түмний дунд нэрлэгддэг) гэх энэ ургамал нь шүхэртний овогт хамаарах олон наст ургамал. Ерөнхий тархац нутаг нь БНХАУ, ОХУ, Солонгос, Зүүн Сибирь, Манжуур, Монгол. Манай оронд ургамал газарзүйн Хэнтий, Монгол Дагуур, Дорнод Монгол, Хянган, Хангайн тойргийн зүүн, зүүн хойт хэсэгт, Дундад Халхын тойргийн хойт хэсэгт хээрийн бэсрэг уулс, дов толгодын хайргархаг, чулуурхаг хажуу даган хялгана, гүйлс оролцсон бүлгэмдэлд, мөн тариалангийн атаршсан талбайд ургадаг. Дэрэвгэр жиргэрүү нь цөөн наст өвслөг ургамал. Голлосон үндэс бүхий уг ургамал нь үндэсний хүзүүвч буюу үндэсний бүдүүрсэн хэсэг болон ишний уг хэсгийн нахианаас шинэ найлзуур үүсч ургадаг. Энэ ургамлын үндсийг 20-40 см хүртэл тасдаж авахад сэргэн ургах нахиа үлдэхгүй учир дахин сэргэж ургахгүй. Энэ ургамлын үндсэнд алкалоид 0.08 хувь хүртэл, флавонт гаикозид, сапонин харин газрын дээрх хэсэг буюу навч, ишинд нь кумарин, флавоноид агуулдаг. Үрэнд эфирийн тос 0.05мл /10 гр хүртэл агуулагддаг. Үндэс нь дорнын уламжлалт эмчилгээний эмийн гол түүхий эд болдог юм. Хятад, Солонгост манайхаас очсон дэрэвгэр жиргэрүүгийн үндэснээс алкалоид болон бусад бодисыг ялгаж аваад эмийн бүтээгдэхүүний түүхий эд болгодог гэсэн яриа бий.

Хүчирхэг үндэсний системтэй учраас хөрсний чийгийн хангамжийг нэмэгдүүлснээр бусад ургамал ургах орчныг бүрдүүлдэг, хөрсийг элэгдлээс хамгаалах, бэхжүүлэх ач холбогдол бүхий ганд тэсвэргэй ургамал. Өөрөөр хэлбэл, цөлжилтөөс хамгаалах, байгаль экологийн тэнцвэртэй байдлыг хадгалахад голлох үүрэгтэй оролцдог.

 

 

-Энэ ургамлыг юунаас нь болж ингэж ихээр түүж, хятад, солонгосчууд үнэ хаялцан авдаг юм бол. Ургамлын бүтэц, түүнд агуулагддаг шим, тэжээлийг танилцуулж өгөөч?

-Энэ ургамлын ид шид үндсэнд нь байдаг учраас үндсээр нь түүгээд байгаа юм. Газар доорх буюу үндсэнд алкалоид 0.08 хувь хүртэл, цэцэг алкалоид, флавонт гликозид, сапонин, үр алкалоид, эфирийн тос, навч алколоид, агуулагддаг. Харин  газар дээрх хэсэг буюу навч, иш нь кумарин, флавоноид агуулдаг. Үрэнд эфирийн тос 0.05мл /100гр  хүртэл агуулагддаг. Энэ нь Дорнын уламжлалт эмчилгээний эмийн гол түүхий эд болдог юм. Хятад, солонгосчууд манайхаас очсон дэрэвгэр жиргэрүүгийн алкалоидыг ялгаж аваад өөр бусад эм, эмийн бүтээгдэхүүнд түүхий эд болгодог гэсэн.

 

Дэрэвгэр жиргэрүүгийн үндсээр даарч хөрснөөс хатгалга туссан үед халуун болон толгойн өвчин намдаах, байнга хөлрөх, мэдрэлийн эмгэг, олон хоног халуурах, чичрэх, саа, багтраа, амьсгалын замын эмгэг, уушгины өвчлөл зэргийг дардаг эм гаргаж авдаг гэсэн мэдээ бий.

 

-Тухайн жилийн дэрэвгэр жиргэрүүгийн нөөцийг танай хүрээлэнгээс тогтоож өгдөг гэсэн. Ховор ургамлын жагсаалтад орсон ургамлыг түүж, бэлтгэхийг хориглох саналыг та бүхэн гаргах ёстой юм биш үү?

-Монгол Улсын нутаг дэвсгэрт 1000 гаруй зүйл эмийн ургамал ургадаг. Түүнээс нэн хэрэгцээтэй 200 гаруй зүйл ургамал бий. Өөрөөр хэлбэл, дотооддоо эмийн түүхий эд болдог гэсэн үг. Үүнээс гадна ашигт ургамал гэж бий. Дэрэвгэр жиргэрүү нь энэ ургамлын ангилалд багтдаг юм. Гэхдээ нөөц, тархацын хэмжээ жил ирэх тусам хумигдаж байна.

 

-Зүүнбүрэн сумын байгаль орчны байцаагч болон зарим иргэн "Энэ ургамал 4-5 жилийн дараа нөхөн төлждөг учраас мэргэжлийн байгууллагынхан биднийг түү гэсэн” гэж байсан. Энэ үнэн үү?

-Энэ бол дэрэвгэр жиргэрүүг түүх сонирхолтой иргэд, аж ахуйн нэгж байгууллагынхны гаргасан худал мэдээлэл. Голлосон, хүчирхэг үндэсний системтэй хэдий ч үндсийг нь тасадсан л бол үлдсэн үндэс нь ялзарч, байгальд шингэдэг. Байгалиараа нөхөн төлжих боломжгүй.

 

-Дэрэвгэр жиргэрүү устаж үгүй болсноор байгаль, экологид ямар хор хөнөөл учруулах вэ. Энэ ургамлын байгаль дахь ач холбогдол хэр их вэ?

-Хүчирхэг үндэсний системтэй учраас хөрсний элэгдлийг салхи, уснаас хамгаалж, бэхжүүлэх, орчин тойрны ургамлын чийгийн хангамжийг нэмэгдүүлж, ойр орчимдоо байгаа ургамалд шим тэжээл нь болж өгдөг ганд тэсвэртэй ургамал юм. Өөрөөр хэлбэл, цөлжилтөөс бүрэн хамгаалдаг, бусад ургамлын экологийн тэнцвэрийг хамгаалж, хадгалж байдаг. Зарим газар зохилох ургамлын үүрэг гүйцэтгэдэг. Энэ олон наст ургамал уствал тухайн газар орны хөрс богино хугацаанд элэгдэж, аажмаар цөлжилт үүснэ. Бусад ургамлын эко систем, бүтэц алдагдана. Үүнийг дагаад өөр олон ургамал устах эрсдэлтэй.

 

-Дэрэвгэр жиргэрүүг түүх, хилээр гаргахыг бүр мөсөн хориглоё гэвэл та дэмжих үү?

-Ашигт ургамлын нөөц, тархац хэвийн байвал тухайн цаг үедээ ашиглах хэрэгтэй гэж судлаачид үздэг. Дэрэвгэр жиргэрүүгийн хувьд нөөцийн хомсдолд орсон учраас байгалиас түүхийг нь хориглох хэрэгтэй. Харин аж ахуйн нэгж, байгууллагууд тарьж, ургуулан түүнийгээ экспортлоход болохгүй юмгүй. Байгалийн ургамлыг хэдхэн жилийн дотор түүж, устгаж байснаас өөрсдөө тарьж, ургуулаад бизнесээ удаан хугацаанд хадгалахыг иргэд, аж ахуйн нэгжид зөвлөдөг. Одоогоор энэ зөвлөмжийг биелүүлсэн байгууллага нэг ч алга. Тиймээс БОНХАЖЯ, ХХААЯ хамтран дэрэвгэр жиргэрүү тарих хүмүүсийг бодлогоор дэмжвэл энэ ургамлыг устахаас аварна.

 

-Дэрэвгэр жиргэрүүгээс гадна цөөнгүй тооны нэн ховор, ховор ургамлыг иргэд түүж, урд хөрш рүү гаргадаг гэх мэдээлэл бий. Танд энэ талын мэдээлэл бий юү?

-Үндсийг нь эмийн түүхий эдэд ашигладаг дэрэвгэр жиргэрүү, урал чихэр өвс, чонон хармаг, зүүн гарын гоёо буюу цөлийн аргамжин цэцэг, гишүүн, их шүүдэргэнэ, газрын хар үс, өмхий өвс, алтан гагнуур, зээргэнэ зэрэг ургамлыг их хэмжээгээр түүж, бэлтгэж байна. Мөн арц, ганга нэмэгдэнэ. Эдгээрээс  урал чихэр өвс, чонон хармаг, цөлийн аргамжин цэцэг, өмхий өвсийг урд хөрш рүү гаргаж байгаа. Дэрэвгэр жиргэрүүгээс гадна дээрх ургамлууд устах аюулд орсон.

 

-Дэрэвгэр жиргэрүүгийн одоо үлдээд байгаа нөөцийг хэлж өгөөч?

-Нөөцийн хэмжээ улсын нууцын зэрэглэлд хамаардаг учраас хэлэх боломжгүй.



Б.Энхмарт /ҮНДЭСНИЙ ШУУДАН



Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen