“МОНГОЛД ӨДӨРТ ДУНДЖААР 40-45, ЖИЛД ДУНДЖААР 15-17 МЯНГАН ХҮН АМИА АЛДАЖ БАЙНА”
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор ҮАБЗ-ийн ажлын алба, ЦЕГ хамтран “Хүний амь нас хохирсон хэргийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга зам, байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах нь” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордны Их танхимд зохион байгуулж байна.
Хэлэлцүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Гансүх зэрэг албаны хүмүүс, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий ЦЕГ, ОБЕГ, ШШГЕГ, МХЕГ, зэрэг байгууллагуудын тэргүүн, ажилтан, алба хаагч нар, оролцож байна.
Энэхүү хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:
Та бүхний амрыг эрье!
Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хангах гадаад, дотоод таатай нөхцлийг хангаж бүрдүүлэхийг Үндэсний аюулгүй байдал гэдэг. Энэ чиг үүргийг хуулиар үүрэг хүлээсэн 11 төрийн байгууллага хэрэгжүүлэн ажиллаж байна.
Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын хамтын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах чиглэлээр миний бие онцгойлон анхаарч, дээрх байгууллагуудын удирдлагуудтай 3 удаа биечлэн уулзаж, үүрэг чиглэл өгсөн. Тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагууд хамтран хэрэгжүүлэх нэгдсэн төлөвлөгөөг гаргаж ажилласнаар тодорхой үр дүн ажиглагдаж байна. Өнөөдрийн хэлэлцүүлэг нь үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын хамтран хэрэгжүүлэх нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээнүүдийн нэг юм.
“Хүний амь нас хохирсон хэргийн нөхцөл байдал, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам, байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах нь” сэдвийг хөндөн хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа нь өнөө цагт цагаа олсон гэж үзэж байна.
Зам тээврийн осол, хөдөлмөрийн аюулгүй байдлын осол, золгүй байдлаар амь насаа алдах, архи, согтууруулах ундаанд хордох, амиа хорлох, хүчирхийлэл, бусдад хорлогдох, бусад осол гэмтэл, химийн бодисын хордлого, өвчлөл ба гаднын шалтгаант нас баралтаар Монгол Улсад өдөрт дунджаар 40-45, жилд дунджаар 15-17 мянган хүн амиа алдаж байгаа гэсэн дүн гарчээ. Энэ нь иргэний дайнтай Сири улсад энэ оны эхний 10 сарын байдлаар 18 мянга орчим энгийн иргэн, цэрэг болон босогч алагдсан гэх тоотой ойролцоо очиж байна. Энэ юу гэсэн үг вэ, бид дайны нөхцөлд амьдарч байгаатай нэгэн адил болжээ.
Дээрх харамсалтай нөхцөл байдал нь хүн амаа эрүүл, аюулгүй орчинд амьдруулах хуулиар хүлээсэн үүргээ Төр биелүүлэхгүй байгаатай шууд холбоотой. Иймээс золгүй үхлийн тоог бууруулах чиглэлээр та бүхэн хэрхэн, ямар арга хэмжээ авч ажиллах талаар нухацтай зөвлөлдөж, тодорхой шийдэл гаргаж, үр дүнтэй хэрэгжүүлнэ гэж найдаж байна. Монгол Улсад монгол хүнээс илүү үнэтэй капитал гэж байх ёсгүй.
Энэхүү хэлэлцүүлгийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах чиглэлийг та бүхэнд өгч байна. Хойтон жил та бүхэн ахин цугларахад дээр дурдагдсан зохисгүй тоонууд буурсан дүнтэй уулзах ёстой гэж бодож байна. Ийм л үр дүнг та бүхнээс хүлээе.
Ингээд “Хүний амь нас хохирсон хэргийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга зам, байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах нь” сэдвийн хүрээнд зохион байгуулж буй хэлэлцүүлэг нээснийг мэдэгдэж, хэлэлцүүлгийн үйл ажиллагаанд амжилт хүсье” гэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг үг хэлж дууссаны дараа ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагч, Цагдаагийн хурандаа С.Баатаржав хэлэлцүүлгийн сэдэвтэй холбогдуулан эхний илтгэлийг тавьж байна.