Өдөөн хатгалгаа зогсоохыг Вашингтон Хойд Солонгост уриалав

Вашингтон, Пёньяны цөмийн хэлэлцээ үргэлжлэх гэж буй энэ үед өдөөн хатгасан ажиллагаагаа зогсоохыг АНУ-ын Төрийн департамент БНАСАУ-д хандан уриалжээ.

Мөн цөмийн болон пуужингийн туршилтуудаа зогсоох талаарх НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг мөрдөж, цөмийн зэвсгээс ангижрах чиглэлд хүчин чармайлт гаргахыг Пёньянд уриалсан байна.

Энэ долоо хоногийн бямба гаригт цөмийн зэвсгээс ангижрах асуудлаар АНУ-ын төлөөлөгчидтэй ажлын түвшний хэлэлцээ хийнэ гэж БНАСАУ-ын Гадаад хэргийн яам мягмар гарагт мэдэгдсэн юм. Төрийн департамент уг мэдээллийг үнэн болохыг баталжээ.

БНАСАУ лхагва гаригийн өглөө пуужин харвах туршилт явуулсан талаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн. Пёньян уг туршилтын үеэр шумбагч онгоцноос пуужин харвасан гэдгийг “KCNA” агентлаг албан ёсоор мэдээлсэн байна. 

МОНЦАМЭ

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen