"Бид Л.Түдэвийгээ Ерөнхийлөгчөөр сонгож чадаагүй лойчихсон заяагүй улс юм даа"

"Бид Л.Түдэвийгээ Ерөнхийлөгчөөр сонгож чадаагүй лойчихсон заяагүй улс юм даа"

 

Эрхэм сайхан нөхрөө дурсахуй
 
Нэг ангийн залуухан оюутнууд байсансан. Үерхэж явсан, цагаан цайлган, хүүхдэрхүү ааштай анд маань хожмоо Монголын суут эрдэмтэн болж улмаар дэлхийд танигдсан юмсан. Их бичгийн хүмүүн Лодонгийн Түдэв гэнэт ертөнцийн мөнх бусыг үзүүлсэнд сэтгэл үймэрч, дотор бачууран харанхуйлав.
Түдэв их энгийн, дуу цөөнтэй, биднийг үймж шуугиж бие биенээ хочилж байхад хажуунаас харж инээмсэглэж байдагсан. Мал амьжиргаагаа дагасан нүүдэлчин Монголчууд бидний аж төрөх байдал нь байгаль, эх дэлхийтэй салшгүй хүйн холбоотой байдаг. “Хүн болох багаасаа хүлэг болох унаганаасаа” гэдэг энэ сургаалыг амьжиргааны мөрдлөг болгож уламжлан үр хүүхдэдээ зааж сургаж жинхэнэ хүн болон төлөвшихийг амьдралынх нь замд зааж тавьж өгдөг билээ.
 
 
 
Түдэвийн аав, ээж нь энэ хүмүүжлийг багаас нь төлөвшүүлж суулгаж өгснөөр хүүгийнх нь амьдралын замналд тодорхой илэрч байдаг шиг санагддаг. Түдэв хүнийг дээр доор гэж алагчлан үздэггүй хүнд тусархуу, дүн нуруутай, дөлгөөн тайван, номын мөр хөөсөн, уншсан нь их, гүн сэтгэдэг хүн.
 
 
 
Түдэвийг оюутан байхад Монголын зохиолчдын ирээдүйн залуу халааг хүмүүжүүлэн бэлтгэхэд анхаарал тавьж байсан нэрт зохиолч Д.Сэнгээгийн нүдэнд өртөж түүний урам зориг өгсөн дэмжлэг зөвлөгөөгөөр уран зохиол бүтээлийн замд эргэж буцалтгүй орсон юм. Эцэг нь ч хүүгийнхээ авьяас хөдөлмөрийг дэмжиж хашаандаа жижигхэн, тохилог уран бүтээлийн өргөө байшин барьж өгсөн билээ. Энэ үеэс эхлээд Түдэв ажил амьдралынхаа цагийг нарийн тооцож, уран бүтээлээ туурвих болсон. Хичээл сургуулиа, уран бүтээлээ хослуулан цагийг үр бүтээлтэй ашиглах төдийгүй хичээлдээ ер түүртэхгүй харин чиг эсрэгээрээ нэг бодол санааг нөгөөгөөр ээлжлэн сольж аажуу тайван ажиллан тайвшрах, амрах хэрэглээ болгодог байв. Ер нь Түдэв ой тогтоолт сайтай, юмыг хурдан сэтгэж, бичиж, амжуулж байсан. Энэ үедээ “Уулын үер” анхныхаа романаа хэвлүүлсэн юм. Тэр үед надад тууж бичээд бэлэн болгосон байгаа. Үүнийгээ хэвлэлд одоохондоо өгөхгүй, хүмүүс юу ч гэж бодох юм билээ. Гэхдээ их удаахгүй хэвлэлд өгнө гэж хэлж байсан юм.
 
 
 
Зохиолын хажуугаар цаг үеийн сэдэвтэй хэвлэлийн шаардлага хангасан материалыг сонин хэвлэлд олонтаа гаргадаг байлаа. Энэ бүгдийг бодож суухад одоогийн коронавирусийн үед “Хүнгүй бол эх орон юуных, эх оронгүй бол хүн юусан билээ” гэдэг түүний алдарт эшлэлүүд санаанд өөрийн эрхгүй орох юм даа.
 
 
 
Саяхан цахимаар жирийн нэгэн эмэгтэй “Бид Түдэвийгээ Ерөнхийлөгчөөр сонгож чадаагүй лойчихсон заяагүй улс юм даа” гэж чин сэтгэлээсээ халаглан хэлж билээ.
Хэн хүнгүй түүнийг “Дал” сониноо үргэлж гаргаж, ард түмнээ ундран гарах рашаан булгийн мөнхийн ус шиг оюуны их баялгаараа соён гэгээрүүлэх юм шиг бодож байлаа. Сайн хүн сайхан нөхөр маань санаандгүй байтал бурхны оронд явчихлаа. Эх нутаг орондоо сайн төрлийг олох болтугай.
 
 
Ахмад багш, ангийн анд профессор Д.ГАЛДАН
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen