Жанжны шадар цэрэг Б.Цэндсүрэнгийн түүх

Жанжны шадар цэрэг Б.Цэндсүрэнгийн түүх

 

Монголын төр, нийгмийн зүтгэлтэн их жанжин Д. Сүхбаатарын мэндэлсэний 127 жилийн ой тохиож байна.  Их жанжны тухай бодохоор “Шивээ хиагт” хэмээх дуу яалт ч үгүй аманд аялагдана.
 
“…Шивээ хиагтыг авахад
Шилэн дэнлүү хэрэггүй
Шийдээд ирсэн гаминг
Ширмэн бөмбөгөөр сөнөөе…”
 
Намайг сургуульд хараахан ороогүй байхад  ная хол гарсан эмээ минь жанжны гаминг хэрхэн устгаж байсныг харж байснаа дурсамжаа ярьдаг сан. Эмээ ярихдаа ” Их тоос татаад л байдагсан хүүхэд болохоор холоос харна. Хүмүүсийн хэлэх нь Их жанжин Сүхбаатар ирж гамингуудыг хөөж байна аа” гэж ярьж байсан нь сэтгэлд тод хадгалагдан үлджээ.
 
Түүнийг түүхэнд олон янзаар судлаачид бичиж тэмдэглэж ирсэн. Түүхэн, улсдаа хийсэн гавьяаг нь бид үеийн үед мартах учиргүй билээ. Тэдгээр судлаачдын нэг бол ШУА-ийн гавъяат зүтгэлтэн, зохиолч О.Пүрэв гуай юм. Түүний Д.Сүхбаатар жанжны талаар судалсан судалгаа болон бичсэн номнуудын уншихад бидний мэддэг түүхээс өөр сонирхолтой хөдөлшгүй нотолгоотой, дэргэд нь байсан партизануудын дурсамж яриа ихээр тааралдах нь бий. Үүний баталгаа болж нэг өдөр нэг ах зорин ирж уулзав. Хэрэг зориг учир байдлыг сонсвол түүний аав Цэндсүрэн Д.Сүхбаатар жанжны дэргэд байсан төдийгүй их жанжны дэргэдэх итгэлт арван цэргийх нь нэг нь байж.  Ахыг Ц.Жамъяаншарав гэдэг бөгөөд аавынх нь  тухай сонирхож асуувал доорх зүйлийг өгүүлж байна. ”Аавыг минь  Бүрэнгийн Цэндсүрэн гэдэг байсан.  Харин нутгийхан нь аавыг минь “ Бүдүүн” гэдгээр нь илүүтэй мэддэг байлаа. Би аавынхаа залуу насыг сайн мэдэхгүй. Намайг мэдээ ороход аав минь морь их уядаг. Би уясан морио унаж уралдан айраг түрүү хүртэж байлаа.  Улсад хэдэн жил айрагдуулж байлаа .Манайхаар ШУА-ийн гавьяат зүтгэлтэн, түүхч доктор О.Пүрэв гуай очиж  ааваар дурсамж яриулан тэмдэглэн авч байсныг санадаг. Тухайн үед хүүхэд байсан болохоор аавынхаа үүх түүхийг их сонирхож байсангүй. Хожим мэдэхэд Д.Сүхбаатар жанжны хүү Галсан хурандаатай  аавтайгаа  хамт ирж байснаа муухан санадаг” гэж байлаа.  Түүний аав Д.Сүхбаатарын жанжны итгэлт цэрэг Б.Цэндсүрэн нь Сэцэн хан аймгийн Ёст бэйсийн хошуу буюу одоогийн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын хүн байж. Жанжны аавтай  нэг нутгийн хүн байсан бөгөөд мөн тэр хошууныхаа тамгын газарт бичээч хийж байсан.1922 онд жанжны хажууд ирсэн. Бичиг үсэг сайтай байсан учир Д.Сүхбаатар жанжин өөрөө татаж авчирсан. Орос руу хүртэл сургуульд явуулах гэхэд нь аав өөрөө яваагүй хэмээн Цэндсүрэн гуайн хүү ярьж байлаа.  Мөн тэрээр “Аав минь  хүрээнд  ирснээсээ хойш  нэг ч удаа нутаг буцаагүй. Жанжныг нас барсны дараа Төв аймгийн Баян суманд анхны багийн даргаар ажиллаж байгаад 1965 онд Мөнгөнморьт сум руу шилжиж нүүж байлаа. Нүүх болсон шалтгаан нь би хоёр жил  өвдөж байснаас нутаг сольж нүүсэн.  Манайх хонгор голдуу адуутай, аав минь адууг их сайхан эдлэж унадаг байлаа.Намайг 1976 онд цэргээс халагддаг жил бие нь гэнэт муудаад яаралтай дуудуулаад ирсний минь дараахан амьсгал хураасан. Хүн залуу явахад аливаа зүйлийг анзаардаггүй шүү дээ. Нас ахих тусам л илүүтэй аавынхаа талаар мэдэх юмсан гэж санагддаг юм байна. Хэнтийн Дархан суманд хүргэн болоод очиход тэнд байсан настай хөгшин аавын  минь нэрийг сонсоод “Аав чинь Бүрэн тайжийн хүү шүү дээ. Анх Богдын хүрээ явахдаа нар жаргаж байхад хоёр хөтөлгөө морьтой яваад л эргэж ирээгүй юм гэж дурсаж байлаа. Ах нь аавынхаа үнэн түүхийг л мэдэх хүсэлтэй байна гээд Ц. Бумцэнд хурандаатай авахуулсан зургийг үзүүлэв. Үүний дагуу би Үндэсний архивын газрыг зорив. Багагүй хугацаа зарцуулсны эцэст  О.Пүрэв гуайн зээ охин М. Болормаатай уулзаж өвөөгийх нь гар бичмэл бүхий дэвтрүүдийг үзэж, сонирхов. М.Болормаа эгч өвөөгийнхөө олон жилийн аман судалгааны гараар бичсэн тэмдэглэл бүхий дэвтрүүдийг машид нямбайлан хадгалдаг аж. Үүн дотроос  Б.Цэндсүрэн партизаны өөрийнхөө тухай ярьсныг нь олж үзэж чадсангүй. Харин  төрсөн нутаг  нь болох Ёст бэйсийн хошууны тухайн үеийн байр, байршил, ямар нэртэй пүүс  байсан тухай ярьсаныг 34 дүгээр  дэвтэрт тэмдэглэснийг олж үзэв. Энэхүү аман ярианы тэмдэглэлийн өмнө зохиолч бичихдээ “Б.Цэндсүрэн өвгөн одоо 76 настай. Сүхбаатар жанжины дэргэд  1922 онд партизан байсан бөгөөд түүний ярьсан дуртгалыг би энэ онд нийтлүүлсэн” гэж тэмдэглэжээ. Мөн “Монгол  ардын журамт цэргийн дурдатгалууд” хэмээх гурван боть номонд  партизан Г.Санжаажавын дурсамж ярианд Сүхбаатар жанжины дэргэд хамгаалдаг арван цэрэг байсныг дурджээ. Ингэхдээ өөрөө түүний нэг байсан ба тэдгээр цэргийн дунд Цэдэв, Цэндсүрэн гэх хоёр цэрэг сүүлд солигдож ирсэн байсныг дурсан ярьсан байна. Жанжин ихэвчлэн мориор явдаг байсан ба голдуу ухаа хонгор морь, жороо хүрэн морь унадаг байсан гэжээ. Энэ номыг нягталж уншвал Сэцэн ханы аймгаас Хүрээ рүү  жанжин их цэрэг татан авч дэргэдээ авсан байх юм. Үүнийг Ц.Жамъяншарав ахын яриатай харьцуулж үзвэл их хол зөрөхгүй санагдана. Мөн Ц.Бумцэнд хурандаа хэсэг цэргүүдийг авч Егүзэр хутагтын нутаг руу байлдахаар явж тухай партизануудын дурдатгалд ихэнх нь байх аж. Сүхбаатар судлалаар олон жил судалсан О.Пүрэв гуайн хэвлүүлсэн номыг уншвал жанжны дэргэд итгэлтэй хүмүүсээс нь сонссон болов уу  ч гэхээр аман яриа тааралдах аж. Мөн зохиогчийн хэвлэлд өгсөн ярилцлагад  ”Д.Сүхбаатар судлалаар  23 жил ажилласан ба жанжныг янз бүрийн угсаа язгууртай гэдэг.
 
 
 
Мөн  нутгаасаа аав Дамдин нь нэг хүний хамтаар Хүрээ рүү дундаа ганц морьтой  700 км замыг туулан зорьж ирж байсан. Ингэж хүрээнд ирснээс нь хойш гурван жилийн дараа Сүхбаатар жанжин мэндэлсэн. Урт удаан судалгааныхаа дүнд Амгалан дахь Дарь эхийн сүмийн цаад урд талд нь гадуураа холуур хашаатай гэрийн буурь байсныг олсон. Түүнийг нь мэндэлсэнийх нь 100 жилийн ойд зориулан боржин чулуугаар “Сүхбаатарын төрсөн газар шороо мөн” гэж монгол бичгээр бичиж үлдээсэн явдал юм. 
 
 
 
Гэргий Янжмаатайгаа багаасаа ойр дотно өсч хожим ханилсан. Түүгээр барахгүй түүнтэй нөхөрлөдөг болон итгэлт хүмүүс нь их сэргэлэн хүмүүс байсныг дурсан ярьсан байна. Үүнийг дэргэд нь байсан Б.Цэндсүрэн гуайн амьдрал нотлож байх шиг. Адуу судлаач А.Баярмагнай гуайн “Зуун жилийн айраг түрүү” хэмээх 1899-1999 оны хоорондох хурдан морины цуваанд Сүхбаатар аймгийн уяачид зорьж ирэн хотын ойролцоо өвөлжиж байсан.Тэгж уралдахдаа улсын наадамд ихэнх айраг түрүүг нь авсан байх ба тэдэнтэй уралдаж айраг түрүүгээ авч үлдсэн нь Төв аймгийн Баян сумын уяач А.Дашгэндэн, Б.Цэндсүрэн гэж тэмдэглэгдэн үлдсэн байх юм. 1936 онд улсын наадамд зээрд даага  тавд хурдлуулж.
 
Үүнээс хойш 1937 онд шүдлэн үрээ айрагдуулж, 1943 онд зээрд азарга тавд хурдлуулж байжээ. Улсдаа  хийхээ хийж бүтээхээ бүтээчихсэн партизан их ганган цэвэрхэн залуу байсан тухай нутгийнхан нь дурсдаг байна. Цагаан пансан цамц сугалдаргалж хөтөлгөө морьтой  давхиж явдаг.Гоёмсог сайхан морь голдуу унадаг.  Адууг сайхан эдлэх тухай залуучуудад хэлж зөвлөдөг. Хад ихтэй газар ширүүн  мориор явж болохгүй улийн цөмөлнө гэж хэлдэг байжээ. Их жанжины дэргэд үнэхээр л билэг ухаан төгс, бичиг номын өндөр боловсролтой жинхэнэ шилдэг цэргүүд байсныг партизан Б.Цэндсүрэнгийн амьдралаас ойлгож болно. Ухаа хонгор морьтой улсын маань жанжин шилдэг цэргүүдийг дэргэдээ авч, улсынхаа үйл хэргийн төлөө зүтгэж байсан байх юм.
 
 
А.Доржханд
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen