Эмч нар цалингаа 50 хувиар нэмэгдүүлэх хүсэлтэй байна

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан эмч нарын төлөөллийг хүлээн авч уулзжээ. Уулзалтаар эмч, эмнэлэгийн ажилтнуудын цалинг нэмэх асуудлыг хөндөн ярилцсан байна.

  

Эмч нар цалингаа 50 хувиар нэмэгдүүлэх хүсэлтэй байна

 

    Багш нар цалин нэмэхийг шаардаж, ажил хаялт зарласантай зэрэгцээд эрүүл мэндийн салбарын ажилчид мөн ийм хөдөлгөөн өрнүүлэх болсноо энэ үеэр дуулгалаа. Эмч, эмнэлэгийн нийт ажилтнуудын нэг жилийн цалинд зориулж төрөөс 300 тэрбум төгрөгийг төсөвлөдөг юм байна. Эмч нарын шаардлагын дагуу тэдний цалинг 50 хувиар нэмэгдүүлбэл төсвөөс нэмж 155 тэрбум төгрөг шаардагдах бөгөөд энэ нэмэгдлийг ирэх оны төсөвт суулгаж өгөхийг эмч нарын төлөөлөл хүслээ.

 

    Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан "Цалингаа 50 хүртэлх хувь нэмэгдүүлэх шаардлага бол нэг талаар эмч, эмнэлгийн ажилтнуудын нийгмийн асуудлыг хөндөж буй боловч цаанаа улсын эмнэлгээс үйлчилгээ авдаг олон мянган иргэдийн эрүүл мэндийн чанартай үйлчилгээний асуудал хөндөгдөж байна. Ажлын орчин, ачаалал, хөдөлмөрийн цаг, иргэдийн бухимдлын бай, цалин хөлсний бодит үнэлэмж зэрэг олон асуудлын нийлбэр юм.

 

    Төсөв мөнгөний асуудал боловч цаанаа эрүүл мэндийн салбарт төрийн бодлого олон жил алдагдаж ирсний тэмдэг. Улсын эмнэлэг удирдлага болон санхүүгийн эрх мэдэлгүй учраас хувийн эмнэлгийн хажууд шоовдор хүүхэд шиг болсон. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулиар дээрх эрх мэдлийг олгосон боловч яагаад хэрэгжүүлэхгүй удаашрав. Улсын эмнэлэг нь MRI байхгүй. Өвчтөнүүд нь дэргэдэх хувийн эмнэлэг рүү гүйхээс аргагүй болсны буруу нь эмч нарынх бус бидний л муугийнх. Ширээ тойрч яриад би нэг удаа гал унтраасан болоод суухгүй.

 

    Хуучин, шинэ ерөнхий сайдыг голдоо суулгаад гурван талт хэлэлцээрийг яаралтай хийх, улсын төсөвт тусгах тооцоо мэдээллийг ил тод байлгах. Эрүүл мэндийн даатгалын санд байгаа мөнгийг банкуудад байршуулахдаа хүүгийн зөрүү гаргах, зээлтэй эмч, эмнэлгийн ажилтнуудын авсан зээлийг ажилласан жил, ажлын нөхцлөөс шалтгаалан шат дараатай хөнгөлөх гээд ямар боломж гаргалгаа байна бүгдийг ашиглах ёстой” гээд эдийн засгийн эрх чөлөө бол сайн нь үлдэж муу нь хаалгаа барих зарчмаар улсын эмнэлгээ хувийн эмнэлэгтэй шударга өрсөлдүүлэх нь олон асуудлыг шийдвэрлэнэ хэмээн онцолсон байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen