Согтуу жолоочийн буруугаас жилд 100 гаруй иргэн амиа алддаг
Сар шинийн баяраар иргэд хөдөө орон нутгийг ихээр зорьдог. Баярын өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ машин барьж, осол аваарь гаргах нь эрс нэмэгддэг. Манай улсад жилд 110 гаруй хүн согтуу жолоочийн буруугаас болж амь насаа алддаг байна.
Тэгвэл Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох ялыг чангатгасан. Ингэснээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил 50 гаруй хувиар буурчээ.
Тиймээс иргэд Сар шинийн баяраар айраг, архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй, өөрийн болон бусдын эрүүл мэнд, эд хөрөнгийг эрсдэлд оруулахгүй байх шаардлагатай.
Эхний удаа согтуурсан мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол жолоодох эрхийг нэг жилээр хасаж, 400 мянган төгрөгөөр торгоно. Эсвэл 7-30 хоног баривчилна. Жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ. Үүнд 1-3 жилээр жолоодох эрхийг хасаж, 2.7-14 хүртэлх сая төгрөгөөр торгох эсхүл 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах эсхүл зургаан сараас гурван жил хүртэлх хугацаагаар хорино.
Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын гэмт хэрэг үйлдээд хүний эрүүл мэндэд хохирол учруулсан бол жолоодох эрхийг 1-3 жил хасах, 2.7-14 хүртэлх сая төгрөгөөр торгоно, эсхүл 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулна.
Согтуурсан мансуурсан үедээ хоёроос дээш хүний амь насыг хохироосон бол 8-12 жил жолоодох эрхийг хасаж, 2-8 жил хорино.