Малчид Улаанбаатарын хов харж суухаар ЦАГ АГААРЫН МЭДЭЭ ҮЗ

Малчид Улаанбаатарын хов харж суухаар ЦАГ АГААРЫН МЭДЭЭ ҮЗ

 

Намрын налгар өдрүүд үргэлжилж байтал огцом хүйтэрч, цасаар шуурч, ганцхан өдрийн шуурганд найман амь эрсэдлээ. Бүрэн мэдээгээр бол 10 гарсан ч байж мэднэ. Бүгдээрээ малынхаа араас явж байсан малчид, эмэгтэйчүүд голдуу. Эрт цагаас “Баян нэг шуурганд, баатар нэг суманд” гэсэн үгтэй. Тэгэхээр мал гэдэг тийм ч баталгаатай хөрөнгө биш. Гэхдээ тэр хэврэг хөрөнгийг, хамгийн гол нь ганц олдох амь насаа хамгаалах боломж өнөө цагт хүн бүрийн шахам гарт бий. Хөдөөгийн малчид бүгдээрээ гар утастай болсон. Түүгээрээ юуг л бол юуг үзнэ. Тийм боломж байхад байгалийн үзэгдлээс болж амиа алдана гэдэг хатуу хэлэхэд “том тэнэглэл”. Малчид минь, гар утаснаасаа Улаанбаатарын хов харж суухаар цаг агаарын мэдээ үз. Хотын хов жив тэр Хүн чулууны хонхортоо л хамаатай. Нийслэлийнхэнд хариулах мал байхгүй, их удаж автобусаа хүлээнэ. Өөр зовлон бага. Тэдний хов, хэрүүл гурав хоногтоо л огт хэрэггүй болдог юм. Тэгээд ч дийлэнх нь хэнд ч хэрэггүй “шар мэдээ”. Тэгэхээр амь нас, мал хөрөнгөдөө хамаатайгаар нь цаг агаарын мэдээгээ л шамдаж хар.

Ямар ч нийгмийн сүлжээгүй, гар утасгүй өнгөрсөн цагийн соц нийгмийг аваад үз л дээ. Малчдын амин мэдээлэл нь цаг агаар байсан. Эмээлийн бүүрэг, тэмээний бөхөндөө радиогоо зүүж аваад сүүлийн үеийн мэдээ сонсохын сацуу цаг агаарын мэдээтэйгээ танилцаад авна. Цас, шуургатай гэвэл малаа хол хариулахгүй. Хадлан тэжээл, хашаа саравчаа халуун намраар бэлтгэчихдэг байсан нь хатуу нийгмийн захиргаадалт хэдий ч хэцүү цагт аминд орох стратегийн бэлтгэл байв.

Тэр цагт цасан шуурга болно гэхэд яам нь аймаг руу, аймаг сумд руу, сумд бригадууд /өнөөгийн баг/ руугаа утсан холбоогоор зарлаад л, сум, бригадын албан тушаалтнууд малчид руугаа довтолгон хүний амь бүтэн, мал сүрэг бүрэн гардаг байсан. Наад зах нь “Энэ хүүхнүүд үү”, “Говийн зэрэглээ” кинонуудыг санаж байгаа биз ээ. Соц үед ч яахав, нэгдэл нийгмийн мал байсан болохоор тэгж хариуцлагатай хандаж байсан байх.

Харин өнөөдөр өөрийн амины мал сүрэг, эд хөрөнгийнхөө төлөө тэр хэрийн зүтгэл гаргаад ажиллахад юу нь буруу гэж. Утас гарт, мэдээлэл гэрт, зурагт хойморт байгаа цагт нэн түрүүнд харах ёстой мэдээлэл бол цаг агаар. Ялангуяа өвөл, хаврын эгзэгтэй үед. Цаг агаарын төлөв байдал ямар л бол ямар сувгаар сараар, долоо хоногоор, өдрөөр, цагаар гардаг боллоо.

ОБЕГ иргэд, малчид руу "Багц мессэж" гэдгийг гар утсаар нь дамжуулан тогтмол илгээдэг. Цаг агаарын аюултай үзэгдлээс урьдчилан сэргийлэх, анхааруулах, зарлах мэдээллийг аймаг, сум, багт ажилладаг урьдчилан сэргийлэх мэргэжилтнүүдэд цаг алдалгүй шуурхай өгдөг. Айл өрхүүдэд сургалт сурталчилгааны хэлбэрээр машинаар, цагаан хоолойгоор зарлал мэдээлэл хүргэдэг гэнэ. Үүнийг сонсож, намар хадлан тэжээлээ базааж, хашаа хороогоо янзлаад авчихсан байхад ганц хоёр хоногийн шуурганд туйлдахгүй дээ. “Тэнгэрийн муухай арилдаг, хүний муу арилдаггүй” гэж үгтэй. Ганц хоёрхон хоноход нар гардгаараа гарч, тэнгэр цэлмэдгээрээ цэлмэнэ шүү дээ. Тарга тэвээрэг муутай ганц нэг мал нүд аньж л байг л дээ. Тэглээ гээд өөрийнхөө амийг алдсанаас дор байх уу. Үр хүүхдээ дагуулан барин шуурганд уруудсан малынхаа араас явж амиа үрнэ гэдэг шинэ зуунд байж боломгүй үзэгдэл.

Шуурганд малаа алдсан малчин маргааш нь тэнгэр цэлмэхэд мордоод тоо толгой бараг бүрэн мэнд олж авснаа ярьсан л байна. “Өдий цагийн мал царигтай. Тэгтлээ сүйд болоогүй байна” гэсэн байна лээ. Уруудаж явахад бөөнөөр нь үйчих нуур цөөрөм л ойр хавьд байхгүй бол өдийд гайгүй л дээ. Тийм болохоор малчид минь, амиа хамгаал, цаг агаараа үз. Бэлтгэлээ халуун намраар базаа. Энэ намар бол мөн ч их хугацаа тавьж өгсөн дөө.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen