Агааргүй чихэлдсэн автобусанд хүчирхийлэлд өртөн үйлчлүүлсээр бас хүлээсээр л байх уу? сайд аа!

Агааргүй чихэлдсэн автобусанд хүчирхийлэлд өртөн үйлчлүүлсээр бас хүлээсээр л байх уу? сайд аа!

 

Улаанбаатарчууд өглөө, оройдоо нийтийн тээвэртээ багтаж суух гэж бөөн л асуудал болж байна. Одоогийн байдлаар нийтийн тээврээр зорчихдоо 500 төгрөгийг төлж буй. Гэхдээ хичээл, сургууль эхэлсэнтэй холбоотойгоор ачаалал эрс нэмэгдсэн. 

Нийтийн тээвэр өглөө, оройдоо иргэдийг  30-60 минут хүлээлгэж ирж байна. Зарим иргэд 40 минут хүлээдэг гэв. Уг нь автобусны тоогоо нэмж үйлчилгээ үзүүлж байгаа гэдгийг холбогдох албаныхан мэдэгдсэн. Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар өнгөрсөн долоо хоногт нийтийн тээврийн аж ахуйн нэгжийн төлөөллүүдтэй уулзаж, үйлчилгээг иргэдийн хэрэгцээ, шаардлага, стандартад нийцүүлэх талаар санал солилцож, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцсэн. Уулзалтад нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг төр, хувийн хэвшлийн 20 орчим байгууллагын удирдлага хийгээд холбогдох албаныхан оролцсон бөгөөд үйлчилгээг сайжруулахын тулд автобусаар зорчих үнийг нэмэх нь зөв гэсэн юм. Тодруулбал, автобусаар зорчих үнийг 1000 төгрөг болгох талаар иргэдээс санал авч зорчих хөлсийг нэмнэ гэдгийг онцолсон.

 

Одоогоор энэхүү саналыг авсаар байгаа. Үнээ нэмж үйлчилгээ нь сайжрах бол үнийг нь нэмүүлчихээд эргээд тэднээс автобусаа хүлээхгүй, багтаж сууж үлдэхгүй байхыг шаардъя гэх иргэд ч байна. Дээрээс нь нэмээд автобусанд хүчирхийлэлд өртөж байна гэхэд хилсдэхгүй. Дүүрэн чихсэн хүмүүс дотор багтаж суухаас өөр сонголтгүй учраас эмэгтэйчүүдийн биед танихгүй хүмүүс дур мэдэн хүрэхээс эхлээд асуудал их бий. Монголчууд л болсон хойно үүнийг үл тоодог. Гэхдээ энэ чинь бусад улс оронд хүний биед зөвшөөрөлгүй хүрсэн гэх гэмт хэргийн ангилалд багтдаг үйлдэл. Алийн болгон нийтийн тээвэрт суухдаа муухай үнэртүүлсэн агааргүй чихэлдсэн орчинд зорчиж явах вэ дээ.

 

᠎Эсвэл төв замынхаа маршрутыг зүүн, баруунаараа богино эргэлтийг нэмэгдүүлье. Тухайлбал, Соппарагаас-Сүхбаатарын талбай, Сүхбаатарын талбайгаас- Жуков ч гэх мэтчлэн чиглэлдээ өөрчлөлт оруулахгүй бол нэгдүгээр эгнээг эзэгнэсэн автобус чинь иргэдийг удаан хугацаагаар хүлээлгэж байна. Нөгөөтэйгүүр, зорчих чиглэл маршрутын автобусууд түгжрэлээс шалтгаалж төв замынхаа нэг талд бөөгнөрөлд ороод түгжрээд зогсчихдог. Энэ байдал ганцхан өнөөдөр ч тохиож байгаа үзэгдэл биш. Энэ сүүлийн жилүүдэд байсаар үүнээс үүдэж уртын эргэлттэй автобусны хоорондын хугацаа урт байгаа гэдгийг холбогдох хүмүүс нь ойлгож өөрчлөлт хийгээч.

Монгол Улсын Боловсролын их сургууль, Мөнгөн завьяагийн автобусны зогсоол дээр нийт 30 гаруй чиглэлд зорчих иргэд автобус хүлээдэг. Мөнгөн завьяагийн тухайд нийт 15 чиглэлийн автобус ирдэг бол МУБИС-ийн гурван талаас 10 гаруй чиглэлд нийтийн тээвэр үйлчилдэг байна. Эдгээр чиглэлээс эхлээд төв зам дагуу өглөө, оройдоо явахад автобусны буудал пиг хүмүүс зогсож буй дүр зургийг өдөр бүр харж болно. Үүн дээр нэмээд өглөөдөө 10-р хорооллоос төв чиглэлд, оройдоо баруун тийш зорчих иргэд автобусаа удаан хугацаанд хүлээдэг бөгөөд бас л багтахгүй.

 

 Нийслэл хотын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, сайд Ж.Сүхбаатар автобусаар зорчдог 560 мянган хүнийг 800 мянга болгоно хэмээсэн. Сайд аа, нийтийн тээврийн үйлчилгээгээ сайжруулаад чихэлдэж агааргүй орчинд халдварт өвчин тархах өндөр эрсдэлтэй дээрээс нь хүйтэнд хүлээж хүлээж суухыг иргэд хүсэхгүй. Эмэгтэйчүүд чихэлдсэн хүмүүс дотор зүй бус үйлдэлд өртөхгүй байх боломжтой. Сайхан үйлчилгээтэй болгочихвол ямар ч хүн түгжирч явахыг сонгохгүй шүү. Нийтийн тээврээр үйлчлүүлж таны хүсээд байгаа тооноос ч илүү иргэд үйлчүүлдэг болох нь ойлгомжтой. 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen