Финланд улс өнөөдөр НАТО-гийн 31 дэх гишүүн болно

Финланд улс өнөөдөр НАТО-гийн 31 дэх гишүүн болно

 

Финланд улс мягмар гарагт буюу өнөөдөр албан ёсоор НАТО-гийн гишүүн болно гэж Финландын Ерөнхийлөгчийн ажлын албанаас мэдээлэв. Мөн НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг “маргааш бид Финландыг 31 дэх гишүүнээр хүлээн авна” хэмээн дээрх мэдээллийг баталжээ.   Й.Столтенберг сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ, энэ өдөр НАТО болон Финландын хувьд түүхэн бөгөөд агуу өдөр байх болно гэдгийн онцлон тэмдэглэсэн байна.

 

Бельгийн нийслэл Брюссель хот дахь НАТО-гийн төв байранд Финландын далбааг мандуулснаар тус улс цэргийн эвслийн хамгийн отгон гишүүн болсныг илтгэнэ. Финландын Ерөнхийлөгч Саули Ниинистё мөн уг арга хэмжээнд үг хэлэх юм. Финланд улсыг НАТО-д элсүүлэх тухай протоколыг соёрхон батлах үйл явц НАТО-гийн түүхэнд хамгийн хурдан буюу нэг жил хүрэхгүй хугацаанд үргэлжилснийг Й.Столтенберг тодотгосон байна.

 

НАТО-д элсэх амаргүй зам

Өнгөрсөн онд Орос Украин руу довтолсны дараа Финланд, Швед төвийг сахих байр сууриасаа татгалзаж, 2022 оны тавдугаар сард НАТО-д элсэх хүсэлтээ гаргасан юм. Шинэ улсыг гишүүнээр элсүүлэхийн тулд бүх гишүүн орон холбогдох баримт бичгийг соёрхон батлах ёстой.

 

Финландыг гишүүнээр элсүүлэх тухай протоколыг Турк, Унгарын парламент хамгийн сүүлд баталсан юм. Харин Шведийн гишүүнчлэлийг Турк батлаагүй хэвээр байна. Гэсэн хэдий ч Й.Столтенберг, Швед НАТО-д удахгүй элсэх боломж бүрдэнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.

 

Оросын төлөвлөгөө бүтэлгүйтэв

Финланд НАТО-д элссэнээр цэргийн эвслийн Оростой хиллэх хуурай газрын хил хоёр дахин нэмэгдэж байгааг Й.Столтенберг онцолжээ. Финланд улс нь Оростой 1300 км газраар хиллэдэг. “Ерөнхийлөгч Путин НАТО-гийн оролцоог багасгах гэсэн тодорхой зорилготойгоор Украины эсрэг дайн эхлүүлсэн. Гэвч эвслийн зүүн хэсэгт НАТО-гийн оролцоо нэмэгдэж, Финланд, Швед гэсэн хоёр шинэ гишүүнтэй болж, байдал эсрэгээрээ эргэж байна” гэж Й.Столтенберг хэлжээ.

 

Харин ОХУ-ын Гадаад хэргийн яамны дэд сайд Александр Грушко Финланд улс НАТО-д элссэний хариуд Москва баруун болон баруун хойд бүс нутгууддаа цэргийн хүчээ зузаатгана хэмээн мэдэгдсэнийг “RIA Novosti” агентлаг уламжилсан байна. 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen