Салбарлан буй салбар

Аялал жуулчлалын тухай өөдрөг дөрвөн санаа

Санаа 1.

“Mongolia. Nomadic by nature” уриа хаачив?

2014 онд Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд CNN сувгийн ажлын хэсэг Монголын аялал жуулчлалын салбарын уриа үгийг бүтээж, Засгийн газар албан ёсоор баталсан билээ. Бүрэн хэлбэр: “Nomadic by Nature. Discover Mongolia”, богино хэлбэр: “Mongolia. Nomadic by Nature” хэмээх энэ үгийг зохиоход заавал шар толгойтнуудын амыг харах хэрэгтэй эсэх дээр тухайн үед маргалдаж байсан ч, одоо эргээд харахад тун ончтой сонголт байсан нь харагдана. Угаасаа манайд хөл тавьсан жуулчдын 36 хувь нь байгаль, 28 хувь нь нүүдлийн соёл ахуй, бусад нь адал явдалт аялал жуулчлалын төрлийн хэлбэрүүдийг сонирхдог гэдэг. Онгон байгал, нүүдэлчний соёл манай аялал жуулчлалын гол концепц мөн. Тухайн үед Соёл, спорт, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байсан Ц.Оюунгэрэл “Монголоо таниулъя” номондоо энэ талаар, “Судлаад үзтэл улс бүр өөрийн гэсэн уриа үгтэй болчихсон ажээ. “Al­bania - A new Mediterranean love” буюу “Албани улс - Газар дундын тэнгис дэх шинэ хайр”; “Switzerland. Get natural” буюу “Швейцарь. Унаган төрхөө ол”, “Egypt - Where it all begins” буюу “Египт - Бүх зүйл эхэлдэг газар”, “Bhutan - Land of Gross National Happiness” буюу “Бутан - Үндэсний аз жаргалын өлгий нутаг”, “Japan - Endless Discovery” буюу “Япон. Эцэс төгсгөлгүй шинэ нээлт” гэх мэтээр хэдэн зуун уриа үг олдлоо... Ингээд CNN 2014 онд 2-р сарын эхээр ССАЖЯаманд албан ёсоор ажлын дүнгээ ирүүллээ. “Танай улсыг дэлхий даяар нүүдэлчний соёл иргэншлийн гол нутаг гэж үздэг юм байна. Ийм номадик гэдэг үг танай сурталчилгааны амин сүнс шүү” гэж тэд бидэнд зөвлөжээ... Ийнхүү ихэнх сайд нар ярилцаад “Монгол. Язгуурын нүүдэлчин”, “Монгол. Байгалиас заяасан нүүдэлчин”, “Монгол. Байгальд ойр нүүдэлчин” гэж гурван янзаар орчуулагдаж болох “Mongolia. No­madic by Nature” гэсэн уриа үгийг аялал жуулчлалын үндэсний уриа үг байхаар баталлаа” хэмээн дурсжээ. Гэтэл 2016 оноос хойш ажил болгож баталсан энэ уриагаа эс хайхрах болов. Зүгээр л мартчихсан хэрэг л дээ. Өөр нам, өөр сайдын хийсэн ажил болохоор тэр. Зүйрлэвэл, “Incredible India” хэмээх товч мөртлөө, цогц агуулгатай уриаг Энэтхэгт Модигийн дараа ямар ч удирдагч гарч ирсэн үл анзаарч зүрхлэхгүй болов уу. Сүүлдээ бүр дэлхийн 70 гаруй орноор аялж, 20 гаруйд нь ажиллаж үзсэн Майк Мккаффри хэмээх аялагч манай улсын уриагаар цахим хуудсаа нэрлэчихсэн цохиж явна.

Хэдий уриагаа албан ёсоор хэрэглэхгүй байгаа ч, манай аялал жуулчлалын концепци дээрх хүрээнд “эко аялал жуулчлал”-д суурилсан хэвээр буй. “Олон улсын эко аяллын холбоо”-ны энэ төрлийн аялал жуулчлалыг дөрвөн түвшинд хуваан үзсэний хамгийн түгээмэл, сонирхогчийн түвшин буюу “ca­sual” аялал жуулчлал манайд зонхилдог. Харин жуулчдын халаасыг чамгүй сэгсэрдэг томоохон байгалийн цогцолборт газруудад хийдэг “mainstream”, байгалийг түүх соёлтой нь цогцоор нь үзэхийг хичээдэг “dedicated” жуулчлал манайд эхлэл төдий байна. Илүү өгөөжтэй энэ хэлбэрүүдийг хөгжүүлэхийн тулд зүгээр л зэрлэг байгальд аялуулах бус тухайн газартаа хөрөнгө оруулах хэрэгтэй болно. Цонжин болдогийн Чингис хааны хөшөөт цогцолбор, Аглаг бүтээлийн хийд зэрэг байгаль түүх, соёлын хосолмол орчин аль болох олноор бий болгох нь аялал жуулчлалын өгөөжийг нэмэгдүүлэх гол асуудал болчихжээ. Үүний цаана тодорхой шалгуур давах, зүйлчилсэн мэдлэгээ турших зорилготой явдаг “наrd core” аялал ч манайд эхлэл төдий л байна. Жилд квот тогтоогоод чамгүй өндөр үнээр аргалийн ан хийлгэдэг маань үүний нэг жишээ. Яг энэ замаар Францын Ерөнхийлөгч асан, Европын холбоог үүсгэн байгуулагч Жескар Д’Естан, алдарт зохиолч Харүки Мураками нар Монголд ирж байсан. Энэ Засгийн газрын зүгээс “Mon­golia. Nomadic by Nature” уриаг илүү өргөжүүлэх нэгэн санаачилга гаргаад байгаа нь Түүхэн аялал жуулчлал. Дундад Азийн “стан”-ууд болон Казахстанчууд газар нутаг дээрх Доголон Төмөрийн бунхнаас эхлээд олон түүхэн дурсгалаараа үзэгчдийг татаж чаддаг нь Монголоос хэд дахин олон жуулчин тэдгээр улсуудыг зорьж буйгаас харагдана. Тэгэхээр Засгийн газрын энэ нэмэлт концепцыг ч ад үзэж боломгүй.

Санаа 2.

“Сая жуулчин”-ы зорилт биелэх боломжтой юу?

Монгол Улсын Засгийн газар “... 2020 он гэхэд Монголд аялах гадаадын жуулчдын тоог 1 саяд хүргэх, салбарын орлогыг 1.1 тэрбум ам.доллар буюу 2.8 их наяд төгрөгт хүргэх” гэсэн зорилго тавьсан билээ. Хоёр жилийн өмнө 2017 онд манай улсад ирсэн жуулчдын тоо 470 мянгад хүрч, эдийн засагт оруулсан хөрөнгө оруулалт нь 400 мянган ам.долларыг давсан. Харин 2018 онд 10 гаруй хувиар өсөж, 529 мянгад хүрч, хөрөнгө оруулалт нь 569 мянган ам.доллар хүрч даруй 30 гаруй хувиар өсөөд байна. Хэрэв энэ хурдаа алдахгүй бол 2020 онд зорьсноороо 1 сая жуулчин хүлээн авахгүй ч, 700 мянган жуулчин хүлээн авах нь баталгаатай болов уу. Монголчууд бид анх 2015 онд нэг сая жуулчин хүлээж авна гэж мөрөөдсөн. Биелээгүй учраас таван жилээр хойш татсан. Харин 2020 оны хувьд энэ маань мөрөөдөл биш, зорилго шиг харагдаж буй нь дэвшил юм. Гэхдээ одоо ДНБ-ий 3.2 хувийг эзэлж байгаа аялал жуулчлалын салбар нэг сая жуулчин ирлээ ч зорьсон ёсоор ДНБ-ний 8-9 хувьд хүрнэ гэдэг нь юу л бол. Хэдий сайд дарга нар очиж танилцах бүрд ашиглалтад орох хугацаа нь хойшилдог ч, Хөшгийн хөндийн шинэ нисэх буудал ашиглалтад орчихсон тохиолдолд жуулчдын тоо мэдэгдэхүйц өсөх нь дамжиггүй. Гэхдээ Эрүүл мэндийн сайд нь гарч ирээд улсаа тэмбүү, сүрьеэд эзлэгдэж буй талаар сүржин мэдээлэл хийгээд байхгүй бол шүү дээ.

Жуулчдын тоо ийнхүү мэдэгдэхүйц өсөж буйд Солонгос жуулчдын оруулж буй хувь нэмэр их. Хоёр хөршийн жуулчид ч эрчимтэй өссөөр байна. Амадеус системийн судалгаагаар 2018 онд олон улсад давтагдсан тоогоор 114 сая удаа Монгол руу аялах талаар онлайн хайлт хийсэн байна. Үүний 21 сая нь Солонгос улсаас, 13 сая нь Хятад улсаас байна. 2017 онд БНХАУ-аас 144 мянга гаруй жуулчин Монгол Улсад ирсэн нь 2016 онтой харьцуулахад 8 хувиар өссөн үзүүлэлт юм. ОХУ-аас 106 мянга гаруй жуулчин Монголд ирсэн нь 2016 онтой харьцуулахад 21 хувиар өссөн үзүүлэлт байлаа. Ер нь урд хөршийн жуулчдын татах тал дээр “нармай” үзлээ орхиод, орчин үеийн нөхцөл байдлаар хандах цаг болсныг Монголын Аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Д.Гантөмөр ярьж байна. Хятад жуулчдын талаар түүний төлөвлөгөө анхаарал татахгүй байхын аргагүй:

“Аялал жуулчлалын хувьд хяналттай, зохицуулалттайгаар Хятадын машинтай аялагчдыг тодорхой зөвшөөрөл, хураамжтайгаар оруулж аялуулах нь зүйтэй гэж үздэг. Бид эдийн засгийн, аяллын, зохицуулалтын бүх судалгаа тооцоог хийсэн. Таван өдрийн аялалд доод тал нь нэг машинаас 500 ам.долларын орлого, татвар хураамжийг бид авч чадна. 2000 машин ороод буцаад гарахад хамгийн багадаа нэг сая доллар манайд орно шүү дээ. Зөвхөн засмал зам дагуу, заагдсан маршрут, үйлчилгээний газар, үзмэр, буудал хоол, бензин түгээгүүрээр л үйлчлүүлнэ. За тэгээд, авто машин засварын үйлчилгээ, замын цагдаа, хил гаальд хураамжаа төлнө. Зөвхөн 9, 10, 11 болон 4, 5 гэсэн завсрын сезонд аялах зөвшөөрөл олго”. Санадаг л санаа. Хэрэв ингэж чадвал аялал жуулчлалын салбарын өгөөж хавьгүй нэмэгдэх нь ойлгомжтой.

Ер нь аялал жуулчлалын салбарт нээлттэй, эерэг хандлага дутагдаж буй нь анзаарагддаг. Юун түрүүн манай улсад ирэх, аялах өртөг өндөр. Виз авах, нислэгийн билет өндөр зэрэг ардчилсан орны хувьд шийдэх боломжтой асуудлууд манай стратегийн гол салбаруудын нэгэнд чөдөр тушаа болсоор байна. Түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх тухай Засгийн газрын чуулганы үеэр ‘Таван Богд’ группийн захирал Ц.Баатарсайханы тавьсан илтгэл сонирхолтой. Тэрээр, “Цаг агаар, өв соёлын хувьд ижил төстэй Өвөрмонголчууд 2020 онд 135 сая жуулчин, үүний 35 сая жуулчныг гадаадаас авах бол бидэнд нэг сая жуулчин авах боломж байна... 2018 онд Монгол Улсын хэмжээнд дотоодын гурав, гадаадын таван авиа компани тогтмол нислэг үйлдэж байсан. 2019 онд БНСУ-ын агаарын тээвэрлэгч “Аsiana Airlines” авиа компани үйлчилж эхэлснээр, Монголд ирэх суудлын тоо нийтдээ дөрвөн хувиар нэмэгдэнэ. 2020 онд нийт суудлын тоог 29 хувь нэмэгдүүлэхийн тулд “Turkish Airlines” авиа компанийн нислэгийн давтамжийг том онгоцоор долоо хоногт долоон удаа нисгэхэд 70 мянган суудал нэмэгдэнэ.

“Turkish Airlines” зөвхөн суудлын боломжгүйгээс шалтгаалан жилдээ Монгол Улс руу чиглэсэн 100 мянган зорчигчийн суудлын хүсэлтийг цуцалдаг” хэмээсэн юм.

Олон улсын аяллын хөтөч Lonely Planet 2017 онд аялахад тохиромжтой газруудыг нэрлэхэд манай улс зургаад нэрлэгдэж байв. Харин өнгөрсөн онд Дэлхийн аялал жуулчлалын байгууллага (UNWTO)-гын гаргасан олон улсын аялал жуулчлалын хөгжлийн 2018 оны тайланд манай улсыг зогсохгүй сүүлийн 2-3 жилийн хугацаанд эрэлт нь огцом өссөн газраар нэрлэсэн. Дэлхий биднийг уг нь сонирхож байгаа.

Санаа 3.

Наадмаас өөр агуулга байна уу?

Соёл урлагийн газар болон Аялал жуулчлалын боловсрол, хөгжлийн нийгэмлэгээс өнгөрсөн онд хэвлүүлсэн судалгаанаас үзвэл, тур операторууд “Танай жуулчид Монголд аялахдаа Монголын соёлын бүтээгдэхүүнээс аль төрөл зүйлийг илүү таашааж хүлээж авсан бэ?” гэсэн асуултад “Монголчуудын Үндэсний их баяр наадам (18.6%), нүүдэлчдийн ахуй амьдрал, зан заншил (17.8%), язгуур урлагийн тоглолт (14%)” гэж хариулжээ.

Манай тур операторуудын сурталчилгааны 90 орчим хувь нь зун цагийг илэрхийлдэг. Энэ хэвшмэл агуулгыг сольж, олон талт болгох цаг нь нэгэнт ирсэн бололтой. Жишээлбэл намрын сард, сэрүү унаж эхлэхэд ижил төрөл зүйлийнхээ ердөө 10 хувийг л эзэлдэг хоёр бөхт тэмээгээр аялал хийх боломжтой. Торгоны замыг тэмээгээр туулах тухай бүтээгдэхүүн байж ч болох. Монголд хийх өвлийн аяллыг буудлаас нь эхлээд хямдруулах урамшуулал ч байж болох. Нүүдэлчний уламжлалт цагаан сараа тохиолдуулаад олон төрлийн экстрим аялал хийж ч болох. 10-20 мянган ам.долларын төрөлтэй умард туйл орчмын аялалд оролцогчдыг өмнөд хөрш маань тэргүүлж байна. Тэдэнд ойрхон газар, илүү хямдаар аялах бүтээгдэхүүн санал болгож ч болох. Дөрвөн улирал бүртээ жуулчдыг татдаг болоход бэлээхэн хэрэгжүүлээд эхэлчихсэн Хөвсгөлийн “Мөсний баяр”, Өмнөговийн “Тэмээний баяр”, Улаанбаатарын өвлийн наадам”, Чингисийн хүрээ болон Баян- Өлгийн “Бүргэдийн баяр”-ын зохион байгуулалтыг наадмаасаа дутуугүй өндөр түвшинд хүргэх нь чухал болоод байна. Бүргэдийн баярын үеэр Өлгий нисэх онгоцны билет 1.5 сая хүрсэн мэдээ бий. Яг үүнтэй төстэй баярыг Дундад Ази даяараа хийж буй. Киргизийн нүүдэлчдийн баяр бол үүний тод жишээ. Чин үнэнийг хэлэхэд жуулчдыг татдаг гол бүтээгдэхүүн болох наадам маань ч зочиддоо ээлгүй. Өнгөрсөн жил тавдугаар сард 34 мянга гаруй, зургадугаар сард 54 мянга, долдугаар сард 80 мянгаад жуулчин Монголд иржээ. Үүнээс 11 мянган жуулчин Үндэсний их баяр наадмыг үзэхээр баталгаажсан захиалга өгсөн ч ихэнх нь наадмын нээлтийг үзэж чадаагүй аж. Учир нь тэдний дунд 1500 билет л оногдсон аж. Монголын Аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Д.Гантөмөр энэ талаар, “Зөвхөн тасалбарын хүрэлцээгүйгээс Монголыг зорьж ирсэн 10 жуулчны найм нь зорьж ирсэн баяраа үзэж чадахгүй нутаг буцах болж буй юм. Энэ нь Монгол Улсын цаашдын аялал жуулчлалын хөгжилд сөргөөр нөлөөлж буй бөгөөд олон улсын компаниуд ч манай үйлчилгээг тааруу хэмээн дүгнэж, Монгол дахь аяллаа зогсоох зэрэг арга хэмжээ авч байгаа. Монголын аялал жуулчлалын холбооноос удаа дараалан жуулчдад олгогдох тасалбарын тоог нэмэгдүүлэх хүсэлт тавьсан ч хүлээн авдаггүй. Төв цэнгэлдэх хүрээлэн 15 мянган хүний суудалтай ч түүний нэлээдгүй хувийг төрийн өндөр албан тушаалтан, байгууллагуудад шууд хуваарилсан байдаг” хэмээн учирлажээ.

Эндээс жуулчдад зориулсан тусгай наадмын нээлт хийх, эсвэл цэнгэлдэхээ дор хаяж гурав дахин томруулах шаардлагатай болсон нь харагдаж байна. Гэрлийн шоу үзэсгэлэнтэй харагддаг шөнөөр жуулчдад зориулан тусгай тасалбар худалдаалдаг театрчилсан тоглолт, үндэсний хувцастай карнавал зохион байгуулах боломжтой нь ч харагдаж буй юм.

Өөрөөр хэлбэл манай аялал жуулчлалын салбарт инноваци дутагдаж байна. Бидэнтэй зэрэгцэн зах зээл нь нээгдсэн Вьетнамчууд эдүгээ ДНБ-ийнхээ 10 хувийг аялал жуулчлалаас бүрдүүлж байна. Бидний зорьж буй процент. 2020 он гэхэд Вьетнамын аялал жуулчлалд 19 тэрбум доллар эргэлдэж эхлэх төлөвтэй аж. Тэд энэ салбарт зориулан тусгай инновацийн төв байгуулсан байна. Вьетнамчууд 15 сая жуулчин татаж байхад бид 11 мянган хүнд гол фестивалаа айвуу тайвуухан үзүүлчихэж ч чадахгүй сууцгаана. Цэнгэлдэхээ тойруулан барьсан махтай шарвингийн гэрүүд дээрээ ялаа шиг овоордог, морь барианы газартаа бас л мөнөөх гэрүүдээ барьчихаад тоос, тос холин ил задгай идэж уух монгол наадамчид жуулчдын дотрыг л муухайруулна уу гэхээс Венецийн карнавал шиг сэтгэл санааг нь сэргээх нь юу л бол.

Үүн дээр нэмээд манай улсад Монгол туургатныхаа аялал жуулчлалын төв болох түүхэн нэр төр, улс төр, оюун санааны нөөц бололцоо бий. Цонжин болдог Ордосын Чингис хааны бунхан шиг, Хамрын хийд Итгэлт хамбын сүм шиг болох боломж бий. Бурхан халдун, Онон мөрнөөс монгол хүн бүрийн энэ насандаа заавал нэг очих ёстой газар хэмээн сурталчилахад хэн ч эсэргүүцэж үл чадах аялал жуулчлалын суурь орон зай бидэнд байна.

Санаа 4.

Өөрөө өөрийгөө тэтгэх дотоодын аялал жуулчлал

Зөвхөн 2016, 2017 онд хоёр сая гаруй монгол иргэн эх орон дотроо аялжээ. Олон улсын аялал жуулчлалын хөгжлийн төвөөс аялал жуулчлалын бүс рүү нэвтрэх тасалбарын тоог гол үзүүлэлт болгон гаргасан статистикаар бол 2017 онд Аглаг бүтээлийн хийд, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт тус бүр 500 мянга гаруй иргэд, Хөвсгөл нуурын дэргэд наадмын өдрүүдэд очсон дотоодын жуулчны тоо 5000-7000-д хүрч байжээ. 2017 онд Хамрын хийдэд 54000, Эрдэнэзуу хийдэд 40000, Хустайн байгалийн цогцолбор газарт 20000, Орхоны хөндийн Улаан цутгаланд 15000 дотоодын жуулчин аяласан. Өөрөөр хэлбэл монголчууд эх орондоо хангалттай аялж байна. Хөвсгөл болон Архангай, Хэнтий, Булган, Дорноговь аймаг дотоодын аялагчдын зорьж очдог гол бүс нутаг. Үүний дараагаар 2017 оноос Завхан, Увс дотоодын жуулчдын анхаарлыг ихээр татах болжээ. Босоо болон хөндлөн тэнхлэгийн зам сайжирсан нь дотоод аялал жуулчдад эерэгээр нөлөөлсөн нь лавтай. Олзуурхууштай нь энд төрийн оролцоо огт үгүй бөгөөд, хөдөөг зорьсон хамгийн эрүүл мөнгөний урсгал энэ ч байж болох. Хөвсгөл аймагт жуулчлалаас орж ирдэг 100 гаруй сая төгрөгийг 5 дахин нэмэгдүүлэх боломжтой талаар орон нутгийн удирлага ч ярьжээ. Үүнээс гадна энд зун 800 гаруй түр ажлын байр бий болдог аж. Хамрын хийдээрээ алдартай Дорноговь аймгийн төсөвт аялал жуулчлалаас жилд 170 гаруй сая төгрөг төвлөрсөн гэнэ. Дотоодын аялал жуулчлалын энэ тэсрэлт бол манай үндэстний хувьд соёлын үзэгдэл ч байж болох. Үүнийг дагаад үндэстний нэгдэл нягтрал, итгэлцэл бүрэлдэж буй. Хэдий асар их мөнгө эргэлддэггүй ч, энэхүү соёл иргэншлийн ач холбогдлыг нь үнэлэхийн аргагүй юм.

Я.Баяраа

Эх сурвалж: eagle.mn

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen