“Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон МАА-г хөгжүүлснээр олон давуу талууд бий”

 

“Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон МАА-г хөгжүүлснээр олон давуу талууд бий”

 

“Монгол мал” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, судалгаа шинжилгээний талаар ХХААХҮЯ-ны МАА-н бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батмөнхтэй ярилцлаа.

 

-“Монгол мал” үндэсний хөтөлбөр хэзээ батлагдсан бэ. Хөтөлбөрийн үр дүн нь хэзээнээс гарч эхлэх вэ?

-Монгол мал хөтөлбөр 2010 оны УИХ-ын тогтоолоор батлагдсан. Уг хөтөлбөрийг батлаад хоёр үе шаттайгаар үргэлжлэхээр төлөвлөсөн. Нэгдүгээр үе шат нь 2010-2015 он, хоёрдугаар үе шат нь 2016-2021 онуудад үргэлжлэх юм.

Хөтөлбөрийн нэгдүгээр үе шатны үнэлэлт дүгнэлтийг 2016 онд хийж гаргасан байгаа. Тэгэхээр УИХ-аар батлагдсан бодлогын ямарваа нэгэн баримт бичгүүд жил болгон УИХ-ын хяналт, үнэлгээ шинжилгээ хийгдээд явдаг. Бид цаг тухай бүрд нь хяналт, дүн шинжилгээ хийснээ Монгол Улсын Засгийг газарт тайлагнан танилцуулаад явдаг.

 

2019 онд хөндлөнгийн үнэлгээний тайлан гарсан. Үр дүнгийн тухайд гэвэл “Монгол мал” хөтөлбөр батлагдсанаас хойш манай улс өвөл хаврын зудын эрсдэлийг даван туулахын тулд томоохон арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн. 2009 болон 2010 оны байгалийн гамшигт үзэгдэл буюу зудаас хойш Монгол улс үндсэндээ МАА-н салбар ямар нэгэн зудын эрсдэлд оролгүйгээр өнөөдрийг хүрсэн. Энэ нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон МАА-г хөгжүүлэх хөтөлбөрийн бодлогын хүрээнд тодорхой арга хэмжээ авсны үр дүн юм. Хоёрдугаарт сүүлийн 5 жилийн хугацаанд мах, сүүний үйлдвэрлэл нэмэгдсэн. Мөн ноос ноолуурын бэлтгэл нэмэгдсэн. Экспортын хэмжээ өмнөх онуудын мөн үетэй харьцуулахад тодорхой төвшинд чөлөөтэй болсон. 2020 оны урьдчилсан гүйцэтгэлээр авч үзэх юм бол манай орны МАА-н бүтээгдэхүүнийг үйлдвэрлэл мөнгөн дүнгээр 5.7 их наяд төгрөгт хүрсэн байдаг. Эндээс харахад МАА-н үйлдвэрлэлийн хэмжээ сүүлийн 5 жилд тогтвортой өссөн дүн харагдаж байгаа. Энэ бол “Монгол мал хөтөлбөр”-ийн хүрээнд тавьсан гол зорилго зорилтуудыг хэрэгжүүлсний үр дүн гарч байгаа хэрэг юм.

 

-Хөтөлбөрийн гол зорилгын талаар дэлгэрэнгүй яривал?

-Хөтөлбөрийн гол зорилго бол уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон МАА-г хөгжүүлэх явдал. Дээр нь МАА-г нийгмийн хөгжлийн чиг хандлагатай уялдуулан зохион байгуулах, мөн МАА-г өрсөлдөх чадвартай зах зээлд бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх гол зорилготой. Дээр нь ард түмнээ эрүүл аюулгүй хүнсээр хангах, хөнгөн үйлдвэрийг түүхий эдээр хангах, экспортыг давхар нэмэгдүүлэхэд оршиж байна. “Монгол мал хөтөлбөр”-ийн хэрэгжүүлж байх үед 3 томоохон хуулийг санаачлан, баталсан. Үүний нэгдүгээрт, мал амьтны эрүүл мэндийн тухай хууль байгаа юм. Энэ хууль гарснаар  орон нутаг дахь малын гоц халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх, малын өвчинтэй тэмцэх ажлууд орон нутагт бодитоор хэрэгжиж байна.

 

Малын эрүүл мэндийг сахин хамгаалах нь нийгмийн эрүүл мэндийг хамгаалах бүр цаашилбал, чөлөөт худалдааны байдлыг хязгаарлах боломжтой. Энэ нь мал эмнэлгийн ерөнхий газраас дамжуулан Монгол Улсын хэмжээнд олон улстай харьцах том боломжийг нээж өгсөн. Ялангуяа малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг олон улсад экспортлох болон импортлох, ингэхийн тулд мэдээж олон улсад экспортын зөвшөөрөгдсөн гэрчилгээтэй байх хэрэгтэй.  Эдгээр ажлууд нэлээн өндөр төвшинд явагдаж байгаад талархууштай. Ингэсний үр дүнд  гадаад худалдааны чөлөөт байдал хангагдаж, экспортын хэмжээ төдий чинээ нэмэгдэж байгаа гэж хэлж болно.

Мөн түүнчлэн энэ хууль хэрэгжсэнээр малын урьдчилан сэргийлэх арга хэмжээ сүүлийн жилүүдэд тодорхой цаг хугацаанд хийгдээд явж байна. Ингэснээр малын түүхий эдээр хөнгөн үйлдвэрийг хангах арга хэмжээ бодитой хэрэгжиж байна. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд МАА-ын нөхөн үйлдвэрлэлийг бүрдүүлсэн төл малын хэмжээ 2018-2020 оны хооронд 85 сая толгой малыг МАА-н нөхөн үйлдвэрлэлд оруулсан байдаг. Энэ нь МАА-н малын салбар дахь бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ бүх төвшинд нэмэгдэж байгаагийн үр дүн гэж хэлж болно. 

 

Үүнийг бүр нарийвчлан тодорхойлбол, 1944-2010 он хүртэлх хугацаанд манай улсад 12 удаагийн ган зуд тохиосон байдаг. Эдгээр байгалийн гамшигт, давтагдашгүй үзэгдлүүдэд 40.1 сая толгой мал хорогдсон. Тэгэхээр сүүлийн дөрвөн жилийн хугацаанд ган зудад хорогдсон тооноос хоёр дахин их малыг бид бүхэн өөрсдөө өсгөн бойжуулаад МАА-н үйлдвэрлэл шилжүүлсэн гэсэн үг.

 

“Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон МАА-г хөгжүүлснээр олон давуу талууд бий”

 

-Малын тоо толгойг өсгөх мөн түүнийгээ эдийн засгийн эргэлтэд оруулж, эрчимжийг түргэсгэх ямар ажлууд хийгдэж байна вэ?

-Мал өсөх, судлал дээр бид бүхэн “Мал өсгөж, хамгаалах бодлого” барьж байна. Үүний хамгийн гол асуудал бол малыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудал юм. Малыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар хөнгөн болон хөлсний үйлдвэрийн салбаруудтай хамтарч ажиллах зайлшгүй шаардлага бий болсон. Тухайлбал, малын гаралтай бүтээгдэхүүн, ялангуяа сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх шаардлага байгаа. Ингэхийн тулд одоо үйл ажиллагаа явуулж байгаа сүү боловсруулах үйлдвэрүүдийн төвшин, хүчин чадлыг одоо байгаагаас нь хоёр дахин нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага гараад байна.  Одоо бид бүхэн нийт саах боломжтой сүүний 14-15 орчим хувийг боловсруулж байна. Боловсруулалтын төвшинг нэмэгдүүлэх юм бол МАА-н сүүн бүтээгдэхүүний нөөцийг хоёр дахин нэмэгдүүлэх боломж бүрдэнэ.

 

Мөн малын гаралтай бүтээгдэхүүний арьс ширний боловсруулалтын хэмжээг нэмэгдүүлэх, энэ чиглэл дээр арьс ширний томоохон Дарханы аж үйлдвэрийн салбарыг байгуулах ажил давхар явагдаж байна.

Хэрвээ бид бүхэн арьс шир боловсруулах одоогийн төвшингээ нэмэгдүүлэх юм бол малын гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдэнэ. Энэ хэрээрээ малчид, иргэдэд очих орлого нэмэгдэх юм.

 

-Монгол мал хөтөлбөрийн хүрээнд бусад хийгдэж байгаа ажлуудаас дурдвал?

-Өнөөдөр МАА-н гаралтай бүтээгдэхүүнийг үнэ цэнэтэй болгох асуудлыг Монгол мал хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх, заримыг нь хэлэлцээд яригдаж байна. Нэг малаас гарч байгаа арьс шир, дайвар бүтээгдэхүүн болон махыг бүхэлд нь боловсруулаад үнэ цэнэтэй болгох асуудал хамгийн чухал юм. Арьс, дайвар бүтээгдэхүүн, мах зэрэг нь өндөр үнэтэй. Нэг малаас авах ашиг шим үүн дээр мөн адил нэмэгдэх ёстой. Тэгэхээр энэ тал дээр тодорхой ажлуудыг хийгээд явж байна.

 

Түүнчлэн МАА-н салбарыг уур амьсгалын өөрчлөлттэй дасан зохицох ажлыг орон нутгийн иргэд, малчдаас эхлэн ААН-н байгууллага бүр цаашилбал, Монгол Улсын Засгийн газар хүртэл бүх төвшний төлөөлөгч нар үүнд ухаалгаар хандах зайлшгүй шаардлагатай байна. Эхнээсээ энэ асуудал ул суурьтай хандах болно гэдгээ илэрхийлж байгаа.

 

-“Монгол мал” үндэсний хөтөлбөр та бүхний хүсч байгаачлан үр дүнгээ хангалттай өгч байгаа гэж ойлгож болох уу?

-Ерөнхийдөө монгол мал хөтөлбөрийн түүвэр гол зүйл нь бүрдсэн гэж хэлж болно. Уур амьсгалын өөрчлөлт үзүүлж байгаа хүйтний болон халууны чийг, салхи, байгалийн үзэгдэл юунаас болж байна. Ямар төвшинд аюул учруулахаар байна. Эдгээр цаг агаарын үндсэн үзүүлэлтүүдийг бид бүхэн ямар төвшинд боловсруулж гаргах вэ. Иргэдэд хэзээ мэдээлэх вэ гээд энэ талын үйлчилгээнүүд манай улсад хангалттай сайн нэмэгдсэн. Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк болон бусад ОУ-ын байгууллагуудын гаргасан төсөл хөтөлбөрийн хүрээнд ч эдгээр болон бусад асуудал хөндөгдөн яригдаад, эхнээсээ хэрэгжээд явж байна.

 

Түүнчлэн малчдыг уур амьсгалын өөрчлөлтөд хариу арга хэмжээ авах чадавхтай болгох, орон нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг нэмэгдүүлэх  тал дээр бүх төвшний иргэд ажиллаж байна. Үүний бас нэгэн илрэл гэж хэлж болох томоохон төсөл хэрэгжээд явж байна. Энэ нь 2019 оноос хойш хамтран ажилласан Азийн хөгжлийн банк, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон МАА-г хөгжүүлэх төсөл болох Архангай, Өвөрхангай, Булган, Баянхонгор гэсэн 4 аймгийн хил залгаа орших 20 суманд хэрэгжүүлэхээр төсөл хөтөлбөр нь бэлэн болчихсон байна.    

Эдгээр төслүүд нь Монгол мал хөтөлбөрийн шат дараатай авсан арга хэмжээний үр дүн гэж хэлж болно. Бид энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд л дараа дараагийнхаа алхмуудыг хийх боломж байхгүй. Маш их тооцоо судалгаа гаргасны үндсэн дээр ОУ-ын байгууллагууд орон нутагт дээрх том төсөл хөтөлбөрүүдийг шат даратайгаар хэрэгжүүлж эхэлнэ.

 

-Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш нэгдсэн бүртгэлийг хэрхэн хийж байгаа вэ? Мөн орон нутгийн иргэд малчдад энэ талаарх мэдээ мэдээллийг хэрхэн дамжуулах вэ?

-Яг тийм. Монгол мал хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээс хойш хийгдсэн бас нэгэн ажил бол мэдээллийн системтэй болсон ажил байгаа. Мал эмнэлгийн нэгдсэн мэдээллийн сан, малын бүртгэлийн систем гэж хэлж болно. Мэдээллийн системийг бий болгосноор цаашдын манай оронд тохиолдож болох ган зудын эрсдэлийн мэдээллийг олон нийтэд хүргэх, бусад өвчин эмгэг, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, амьдрал ахуйд хэрэг болох мэдээллүүдийг олон нийтэд хүргэх зэрэг эдгээр бүх мэдээллүүдийг байршуулахаар уг систем бий болсон. Цаашид ч системийг шинэчлэх, иргэд олон нийтэд тодорхой байлгахын тулд шинэ, шинэ зүйлүүдийг туршаад явж байна. Мөн системийг орон нутагт хөгжүүлэх, ашиглах, техник тоног төхөөрөмжийг сайжруулах зэрэг ажлууд хийгдэнэ.

 

-Малын тоо толгойг өсгөх тал дээр бэлчээрийн даац хэтэрсэн зэрэг асуудлууд гардаг. Үүнийг Монгол мал хөтөлбөрт хэрхэн тусгаж өгсөн байгаа вэ?

-Монгол мал хөтөлбөрийн хүрээнд заасан гол зүйл бол аймаг, сум, орон нутагт бэлчээрийн нөөц нутгийг байгалийн эрсдэл гамшиг тохиолдсон үед 10 хүртэл хувийг ашиглах заалт бий. Энэ хүрээнд аймаг сум, сум дундын отрын нөөц нутгийг байгуулах ажлыг хийж байна. Энэ бол маш том чухал ажил юм. Монгол улсын Засгийн газраас аймаг дундын 9 отрын бүс нутгийг байгуулсан байгаа. Харин үүний зэрэгцээ бид бүхэн аймаг, сумын төвшинд нөөц отрын бүс байгуулах ажлыг хийж байна.  Монгол улсын нийт газар нутгийн 1.9 сая га талбайд отрын нөөц байгуулах боломжтой хэмээн судалгаа гарсан.

 

Өнөөдрийн байдлаар аймаг дундын 9 отрын бүс нутгийн нийт хэмжээ нь 783 мянга буюу харьцангуйгаар нийт бэлчээрийн 1 хувь ч хүрэхгүй хэмжээтэй байгаа. Үүн дээр жилд хамгийн багадаа 600-700 мянган толгой мал оруулах хүчин чадалтай. Бидний хэрэгцээ шаардлага төлөвлөснөөр жилдээ улсын нийт толгой малын 10 хүртэлх хувийг оруулахаар төлөвлөсөн.

Энэ боломж одоогоор хараахан бүрдээгүй байгаа учраас цаашид сум доторх болон сум дундын отрын бүс нутаг байгуулснаар орон нутаг дахь малчдын шилжилт хөдөлгөөнийг зохицуулах боломжтой. Мөн өвөл хаврын улирлын жиндүү үеийг өнөтэй давах, цаг агаарын эрсдэлийг орон нутагт даван туулах чадавхийг бий томоохон нөөц нутгуудыг бүрдүүлэх ажлуудыг хийгээд явж байна.

 

-Бэлчээрийг усжуулах, усан хангамжийг хэрхэн зохицуулах вэ? Энэ асуудал бол малчдад хамгийн түрүүнд тулгамддаг асуудал шүү дээ.

-Тийм. Хөтөлбөрийн хүрээнд бэлчээрийг усжуулах, ургамал хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх ажлуудыг тусгасан байгаа. Хэрэгжүүлээд явж байна. Одоогийн байдлаар манай орны бэлчээрийн усан хангамжийн байдал харьцангуй сайжирч байна. Үүнийг 2021-2022 оны өвөлжилт хаваржилтын бэлтгэл ажлыг хангах хүрээнд авсан судалгаанаас харахад худаг ус ашиглалт 97 хувьд хүрсэн байна. Энэ нь малчид маань худаг усыг ашиглах, хамгаалах ажил өндөр төвшинд явагдаж байна гэж ойлгож болно.

ХХААХҮЯ-аас инженерийн системтэй худаг гаргаж малчдын зун намрын бэлчээрт шинэ худаг барьж байгуулах ажлыг сүүлийн 10 жилд эрчимтэй зохион байгуулсан. Үүн дээр Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, “ЖАЙКА” олон улсын байгууллагууд хамтран шинэ худаг барьж байгуулах ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Уг ажил дээр бид бүхэн хэд хэдэн томоохон арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн байгаа. Тодруулбал, манай орны малчид инженерийн системтэй худаг гаргах тохиолдолд хамтарсан хөрөнгө оруулалтаар буюу 10 хүртэлх хувийг малчид, иргэд хоршоод гаргахаар тооцоолсон.

 

Мөн олон улсын хөтөлбөр төслийн хүрээнд орон нутаг дахь инженерийн худаг, мөн отрын бүс нутгуудад мал угаалгын банн, өвс тэжээлийн агуулах шинээр байгуулах ажил дээр нийт хөрөнгө оруулалтын 30 хүртэлх хувийг тухайн орон нутаг гаргах бол үлдсэн 70 хувийг төслөөс гаргахаар хамтарсан хөрөнгө оруулалтаар ажлын хүрээгээ өргөтгөсөн. Энэ бол бүх төвшиндээ туршлагажсан, манай орны малчид, иргэд аль аль талдаа ойлгосон үр дүнтэй ажлууд болсон байгаа.

 

-Уур амьсгалын өөрчлөлтөд хэрэгжүүлэх ажлуудыг иргэд, малчид хэрхэн хүлээж авч байгаа вэ?

-Энэ ажлын үр дүнд хамгийн гол нь малчид иргэд уур амьсгалын өөрчлөлтөд шууд хамааралтайг ойлгосон. Цаашид уур амьсгалын өөрчлөлтөөс болж ямар арга хэмжээ авах ёстой вэ. Хэрэв хур тунадас бага бол ургамлын байдал хэр болох вэ? Өвлийн улиралд маш их цастай тохиолдолд ямар асуудал тулгарах юм? Говийн болон тал хээрийн нутагт цас багатай хуурай байвал ямар асуудал тулгарах юм гээд энэ талаар маш бодитой, ойлголттой болсон. Үүнийг хэрхэн мэдэж байна вэ гэхээр бидний явуулсан судалгаа шинжилгээний дүгнэлтээс харж болох юм. Нөгөөтээгүүр газар доорх усны нөөцийн хомстол, бэлчээрийн хомстлыг орон нутгийн иргэд маань маш сайн ойлгодог, мэдэрдэг болсон. Энэ хомстож буй бэлчээр, усны нөөцтэй холбоотой асуудал дээр бид бүхэн байгалийн бэлчээрийг хэрхэн ямар хуваарьтай ашиглах вэ, хэрхэн өнжөөх вэ?

 

Бэлчээрийн менежментийг хэрхэн зохистой хийх юм? Худаг усыг яаж гамтай хэрэглэх юм? гээд энэ бүх төвшинд малчин иргэд нэгдэх үйл явц бодитой болсон байгаа. Үүнийг бид бүхэн хамгийн том үр дүн гэж харж байгаа. Ялангуяа манай орны малчид зун намрын улиралд нийтийн бэлчээр, зуслан намаржаандаа бууж мал ахуйгаа өсгөдөг. Хамтдаа нэг худаг, ус хэрэглэдэг. Энэ чиглэлд улсаас өвөлжөө болон зуны бэлчээрт инженерийн худаг гаргах ажлыг бодлогын хүрээнд зохион байгуулсан байдаг.

Мөн малчдын өвөлжөө хаваржаан дээр худаг гаргах боломж багатай газруудад гар худаг гаргах ажлуудыг зохион байгуулсан. Монгол мал хөтөлбөрийн хүрээнд томоохон зохицуулалтуудыг бодлогын арга хэмжээний хүрээнд тусгасан байгаа. Тухайлбал, малчид иргэд худаг гаргах болон хөв цөөрөм гаргах бол төрийн зүгээс зураг төсөл дээр нь дэмжлэг үзүүлэх боломжтой. Мөн худаг гаргах хайгуулын ажлуудыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийхээр заасан байдаг. Тэр ч бүү хэл инженерийн хийцтэй худгийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийхээр зохицуулагдсан байдаг. Харин бага гүнтэй худгуудын засварын ажлуудыг орон нутгийн иргэд, хоршоо хариуцахаар бодлогын арга хэмжээндээ тусгасан.

 

Энэ ажлын үр дүнд малчид өвөлжөө, хаваржаан дээрээ гар худаг гаргах арга технологиудыг эзэмшсэн. Тийм ч учраас сүүлийн 10  гаруй жил бэлчээрт малчдын өвөлжөө хаваржаа дээрх гар худгийн тоо эрс нэмэгдсэн.

Гар худгийн тоо нэмэгдсэн гэдэг нь малчид өвөл хаврын улирлыг даван туулах томоохон эрсдэлийг бууруулах арга хэмжээ болоод байгаа юм. Ялангуяа өвлийн цагт хаваржаан дээрээ цасгүй үед усаар гачигдах явдал бол олон удаа тохиолдож байсан. Энэ чиглэлийн арга хэмжээг тооцон бодсон. Энэ нь монгол мал хөтөлбөрийн бодлогын арга хэмжээний нэгээхэн хэсэг нь юм.

 

-МАА-н хөгжүүлэлт бусад гарч болох эрсдэлийг хэрхэн тооцож байна вэ? Иргэдийн өөрсдийн хүчин чармайлтаас шалтгаалахгүй ч, цаг хугацаа болон байгалийн хүчин зүйлээс шалтгаалах эрсдэл байгаа шүү дээ.

-Сүүлийн таван жилийн хугацаанд МАА-н салбар тогтвортой өсөлттэй байгаа. Эрсдэл гэхээсээ илүүтэйгээр цар тахлын үед олон салбар ажил үйлчилгээ зогсож, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ багассан зэрэг маш их хэмжээний асуудлууд гарсан. Гэхдээ МАА-н салбарын хувьд статистик тоон баримтын үр дүнгээр авч үзэх юм бол МАА-н үйлдвэрлэл биет дүнгээрээ болон мөнгөн дүнгээрээ сүүлийн таван жилийн хугацаанд өссөн үзүүлэлттэй байгаа. Тэгэхээр эндээс харахад МАА-н салбар тогтвортой өсөж байна, өссөөр ч байгааг хэлмээр байна. Ялангуяа 2010 оноос  хойш байгалийн гамшигт үзэгдэл байнгын л үзэгдэж байдаг. Энэ гамшигт үзэгдлийг даван туулах чадавхи иргэд малчдад бүрдэж байна. Үүнд хариу арга хэмжээ авах зохицуулалтын арга замуудыг бүх төвшиндээ хамтран авах боломж бүрдсэн. Тэгэхээр ирэх жил ган зудтай байсан ч гэсэн жилдээ төлөвлөсөн хэмжээндээ авах төл малаа авч байгаа. Онд орохгүй дундаас доош тарага хүчтэй малыг эдийн засгийн эргэлтэд оруулах бүх төрлийн арга хэмжээг Засгийн газар, орон нутаг,  аймаг сум, олон нийтийн байгууллага болон малчид, иргэд хамтран зохион байгуулах, түүнээс гарах гаргалгааг хамтын шийдлийн хүрээнд авч хэрэгжүүлэх үндэслэлтэй гэж үзэж байна.

 

-Монгол мал хөтөлбөрийн хэрэгжилт, үйл явцын талаар тайлбарлахгүй юу?

-Монгол мал хөтөлбөрийн хүрээнд 21 аймаг, сумуудад дэд хөтөлбөр гарсан байгаа. Тэгэхээр жил болгон ХХААХҮЯ-аас орон нутагт ялангуяа “Монгол мал хөтөлбөр”-ийн хүрээнд гарсан дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг бид бүхэн хүлээн авдаг. Үүн дээр нь үнэлэлт дүгнэлт хийдэг. Тэгэхээр монгол мал хөтөлбөрийн хүрээнд монгол орон даяар хийгдсэн бүх ажлуудыг жил болгон нэгтгэж Засгийн газарт тайлагнадаг. Засгийн газраас ч үүн дээр хяналт шинжилгээ хийдэг.

Өнөөдрийн байдлаар 2016-2021 онд хөтөлбөрийн 2-р үе шатны ажил дуусаж байгаа. Холбогдох яам “Монгол мал хөтөлбөр”-ийн эцсийн тайланг бэлдэх ажлыг зохион байгуулж байна. Энэ тайланг яамны хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газраас үнэлэлт дүгнэлт хийнэ. Энд хяналт хийсний дараагаар засгийн газар луу шилжүүлнэ. Үүний дараа тайлангийн үр дүнг бодитоор танилцуулах ажил хийгдэнэ.

 

Монгол мал хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд олон улсын байгууллагууд асар олон төрлийн дэмжлэгүүд үзүүлсэн. Үүн дээр НҮБ-ын хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас “Монгол мал хөтөлбөр”-ийг дэмжих чиглэлээр уур амьсгалын өөрчлөлтөд баруун аймгийн нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдгээрийн чадавхийг сайжруулах арга замууд хэрэгжиж эхэлж байгаа.

Нөгөө талдаа НҮБ-ын хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас энэ хөтөлбөрийн хүрээнд залуу малчдыг сургах ажлыг эхэлсэн.

Залуу малчдыг сургах нь хөтөлбөрийн бас нэгэн томоохон бодлого юм. Өөрөөр хэлбэл орон нутагт залуу малчид МАА-н үйлдвэрлэл дээр гарахад ямар арга ухааныг мэдэх шаардлагатай байх вэ. Ямар төвшинд бэлтгэгдсэн байх вэ зэрэг асуудлуудад бид бүхэн программ гарган ажиллаад явж байна. Үүнийг бүсчилсэн байдлаар гаргах юм бол бүр илүү үр дүнтэй гэж харж байгаа. Учир нь говийн малчин айл, хангайн малчин айл хоорондын зөрүү бий. Ялангуяа цаг агаарын давтагдашгүй хүчин зүйлийн өөрчлөлтөөс болон газар зүйн хувьд ихээхэн ялгаатай. Хангайн бүс нутгаар хур тунадас ихтэй байдаг бол говийн бүсийн нутгаар жилийн дөрвөн улиралд гадаргын усны нөөц бага, бэлчээрийн ургалт бага, усны хангамж бага, салхи шуурга их, өвөлжилт хаваржилтын үед зуд болох эрсдэл өндөртэй, өвс тэжээлийг хангайн бүсээс илүү өндөр үнээр бэлддэг гээд газар зүйн онцлогоос хамаарсан маш олон хүндрэлүүд бий.

 

Тэгэхээр бид бүхэн энэ бүх хүчин зүйлсийг тооцоод програм боловсруулах ажил эхлэх гэж байгаа. Мөн түүнчлэн үүн дээр жендерийн асуудлыг тодорхой оруулж өгөх ёстой юм. МАА-н үйлдвэрлэл дээр энэ ажлыг зохион байгуулж байгаа яамтай хамтарч ажиллаж байгаа. Судалгааны үр дүнгүүдийг нэгтгээд хөтөлбөр боловсруулах дээр хамтарч ажиллах төлөвлөгөөтэй байна.

Манай оронд хэрэгжиж байгаа МАА-н үйлдвэрлэлийн томоохон төсөл хөтөлбөрүүд бий. Дэлхийн банкны МАА-н эдийн засгийн эргэлтийг сайжруулах, мөн “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын  хөгжил”, Швейцарын хөгжлийн агентлагийн “Ногоон алт ба малын эрүүл мэнд” төсөл зэрэг энэ бүх төслүүд уур амьсгалын өөрчлөлтөд бид бүрэн хэрхэн дасан зохицож амьдрах вэ, уур амьсгалын өөрчлөлтөөс ухаалгаар ААН-үүдээ яаж хамгаалах вэ, МАА-аа яаж хөгжүүлэх вэ? Бэлчээрийг хэрхэн ашиглах вэ, зэрэг энэ бүх арга технологиуд МАА-н үйлдвэрлэл бүх төрлөөр ХАА-д заагдсан.

 

Цаашид МАА-н үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг ханган, хүртээмжийг нэмэгдүүлээд, бүтээмжийг сайжруулан монгол орны дотоодын нийт бүтээгдэхүүнд оруулах МАА-н хувь нэмрийг нэмэгдүүлэх гэсэн алсыг харсан зорилготой байна.

 

-Ярилцсанд байрлалаа. Танд ажлын амжилт хүсье.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen