УИХ-ын дарга С.Бямбацогт: Зээл бүрийн цаана иргэдийн цөхөрсөн итгэл бий

УИХ-ын дарга С.Бямбацогт: Зээл бүрийн цаана иргэдийн цөхөрсөн итгэл бий

 

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр ( 2026.11.17) санхүүгийн салбарын мэргэжлийн таван холбооны удирдлагыг хүсэлтийнх нь дагуу хүлээн авч уулзлаа.

Монголын даатгалын зах зээлийн холбоо, Үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэгчдийн нэгдсэн холбоо, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Монголын хохирол үнэлгээчдийн холбоо, Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоод хамтран 2026 оны 11-р сарын 11-ны өдөр УИХ-ын дарга С.Бямбацогтод хандаж, Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагыг мэргэжлийн чадвар, туршлага, ёс зүй, хараат бус байдал, ил тод шалгуурт тулгуурлан томилох хүсэлтийг ирүүлсэн байна.

 

viber_image_2026-11-17_13-00-35-769.jpg
viber_image_2026-11-17_13-00-35-743.jpg

 

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга С.Бямбацогт, мэргэжлийн холбоодын ирүүлсэн хүсэлт, зарчмын шаардлагатай санал нэгтэй байгаагаа илэрхийлээд УИХ ард түмнээс сонгогдсон төрийн эрх барих дээд байгууллагын хувьд иргэдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулах үндсэн үүргээ биелүүлэн ажиллаж байна.

“УИХ таныг сонсож байна “ цэсээр дамжуулан иргэдийн ирүүлж буй 1000 гаруй саналын дийлэнх нь эдийн засгийн дарамт, зээлийн өндөр хүүг бууруулах тухай асуудал байна. Тиймээс ч зургаан сарын өмнө Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагад зээл, зээлийн хүүг бууруулахтай холбоотой 4 тодорхой асуудлаар үр дүн гаргаж ажиллахыг чиглэл болгосон ч албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан учраас дараагийн томилгоог хийхдээ иргэдийн өмнө тулгамдаад буй хэтийдсэн өндөр зээлийн хүүг бууруулах чиглэлээр бодит ажил хийх шалгуурыг нэг номерт тавьж нээлттэй сонгон шалгаруулалтаар томилох болно хэмээн онцлон тэмдэглэлээ.

 

viber_image_2026-11-17_14-32-45-695.jpg

 

Үргэлжлүүлэн, УИХ-ын дарга С.Бямбацогт, Санхүүгийн зохицуулах хороо ажилдаа хойрго хандсан өдөр бүрийн тоогоор иргэдийн өрийн дарамт нэмэгдэж байна. Банк бус санхүүгийн салбар 2025 онд 900 гаруй тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж байхад эсрэгээрээ иргэдийн өрийн дарамт улам өссөн байна. Зээл бүрийн цаана иргэдийн цөхөрсөн итгэл бий. Үүнийг шийдэх ёстой гэж байр сууриа тодорхой илэрхийллээ.

Мөн Санхүүгийн зохицуулах хороо өнгөрсөн 10-р сарын 21-нд зээлийн сарын хүүгийн дээд хэмжээг 4,5 хувь байхаар тогтоосон нь иргэд жилийн дүнгээр 54 хувийн хүүтэй зээл төлж байна гэсэн үг. Энэ бол иргэдийн эсрэг ажилласан үйлдэл бөгөөд зарим аппликэйшний зээлийн хүүг сарын 9 хувиар тооцож байсныг илрүүлсэн ч ямар хариуцлага хүлээлгэсэн нь тодорхойгүй зэрэг ажилдаа хайнга хандсан үйлдэл бүрийн цаана иргэдийн эрх ашиг ноцтой хохирч байгааг анхаарч ажиллах шаардлагатай гэв.

 

viber_image_2026-11-17_13-00-35-881.jpg

 

Түүнчлэн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн Санхүүгийн зохицуулах хорооны даргын асуудлыг УИХ хууль, журмын дагуу шийдвэрлэнэ. Үүнтэй хамт бүрэн эрхийн хугацаа нь дууссан хоёр орон тооны гишүүн, Сангийн яам болон Монголбанкнаас томилогдох хоёр орон тооны бус гишүүний асуудлыг энэ ондоо багтаан шийдвэрлэж дуусгах чиглэлтэй ажиллана гэж УИХ-ын дарга хэллээ. Мөн УИХ-ын дарга С.Бямбацогт, санхүүгийн мэргэжлийн холбоодын удирдлагуудад хандаж, томилгооны асуудал яригдахад идэвхтэй байр сууриа илэрхийлж байгаатай нэгэн адил зээлдэгч, даатгуулагч, иргэдийн эрх ашгийг хамгаалж зээлийн хүүг бууруулахад ард иргэдийн талд идэвхтэй хамтарч ажиллахыг уриалав. Түүнчлэн УИХ-ын хувьд санхүүгийн зах зээлийг хөгжүүлэхэд шаардлагатай хууль эрх зүйн орчныг бүрдүүлж ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen