Г.Ганбаатар: Засгийн газрын өр 16 тэрбум ам.долларт дөхөж байгаа нь цаашид анхаарах ёстой маш том дохио
УИХ-ын гишүүн Г.Ганбаатартай 2027 оны төсөв батлагдсантай холбоотойгоор цөөн хором ярилцлаа.
-Засгийн газраас өргөн барьсан ирэх оны төсвийг УИХ-ын чуулганаар баталлаа. Таны хувьд төсөв дээр ямар байр суурьтай байна. Нөгөөтэйгүүр Монгол Улсын гадаад өр, зээлийн асуудал өндөр байгаа талаар шүүмжлэлтэй байна шүү дээ...?
-УИХ хуулийн хугацаандаа ирэх оны төсвөө хэлэлцээд баталлаа. Батлах нэг хэрэг, харин энэхүү орлого, зарлага, алдагдлаа хэрхэн яаж бүрдүүлэх, бууруулах, хуваарилах гэдэг өөр асуудал. Өрийн хувьд үнэхээр анхаарах шаардлага бий. Тухайлбал, улсын өр 57.6 их наяд төгрөгт хүрч, 16 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээнд очлоо. Засгийн газрын өр ийм хэмжээнд хүрч байгаа нь цаашид анхаарах ёстой том дохио мөн үү, мөн.
-Ирэх оны төсөв Оюу толгойн ногдол ашгийг оролцуулаад зардлаа баталчихлаа. Хэрэв тэрхүү ногдол ашиг орж ирэхгүй бол яах вэ гэх асуудал байгаа. Үүнд та ямар бодолтой байна вэ?
-Таны хэлж байгаа саналтай нэг байна. Ер нь улсын төсөв хэлэлцэж байх үед Оюу толгойн ногдол ашгийн асуудлыг зориуд нэг, хоёр сарын турш ихээхэн хэл ам болгож, гишүүдийн анхаарлыг тийш нь төвлөрүүлсэн юм биш биз гэсэн хардлага байна. Ингэснээр гишүүдийн гол анхаарлаа хандуулах ёстой улсын төсөвт зарчмын зөрүүтэй санал гаргах боломжийг нь хааж, Засгийн газар нэг ийм хачин, заваан зүйл хийчихлээ. Яах вэ, улсын төсөв батлагдлаа. Энэ удаагийн улсын төсөв өмнөх оныхоос 7.6 их наяд төгрөгөөр өссөн дүнтэй батлагдаж байна. Гэхдээ төсөвт хэд хэдэн анхаарах зүйл бий. Би улсын төсвийг хэлэлцэх санал хураалтаар ч өөрийнхөө дэмжихгүй байгаа хэсгүүдэд санал өгөөгүй. Нэгдүгээрт, дэлхийн улс орнуудад улсын төсвийн зарлага дотоодын нийт бүтээгдэхүүний 25 орчим хувьтай байвал зохистой гэж үздэг. Гэтэл энэ жилийн баталсан төсөв ДНБ-ий 36 хувь гарч байна. Хоёрдугаарт, төсөв 7.6 их наяд төгрөгөөр буюу бараг найман их наядаар тэллээ гэсэн үг. Өмнө нь 10 гаруй, 11 их наяд төгрөгийн зардал ярьж байснаа 1.3 их наядаар бууруулсан шүү дээ. Мөн түрүүн хэлсэн Засгийн газрын өрийн асуудал байна. Улсын өр 57.6 их наяд төгрөгт хүрсэн. Энэ нь үндсэндээ 16 тэрбум ам.доллар гэсэн үг. Засгийн газрын өр ийм өндөр хэмжээнд хүрч, 16 тэрбум ам.долларт дөхөж байгаа нь цаашид анхаарах ёстой маш том дохио гэдгийг дахин хэлмээр байна.
-Тойргууд, бүсүүдэд хуваарилагдсан төсвийн хэмжээ, хөрөнгө оруулалтууд харилцан адилгүй байгаа. Таны хувьд говийн бүсээс сонгогдсон гишүүн. Танай тойрогт хэдий хэмжээний төсөв тусгагдав?
-Ний нуугүй хэлэхэд, улсын төсөв бүрдүүлдэг манай говийн бүсийн аймгуудад төсвийн хөрөнгө оруулалт, дэмжлэг хуваарилж байгаа байдал чамлалттай байна. Яагаад гэвэл улсын төсөвт орлого төвлөрүүлдэг аймгуудын тоо энэ жил нэмэгдсэн. Өмнө нь 16 аймаг байсан бол энэ жил Дорнод, Сэлэнгэ зэрэг аймаг нэмэгдэж, нийт найман аймаг улсын төсөв бүрдүүлж байна. Эдгээр найман аймгийн дотроос манай говийн бүсийн Өмнөговь аймаг улсын төсөвт 1.5 их наяд төгрөг төвлөрүүлж байгаа. Харин Дорноговь аймаг 16.6 тэрбум төгрөг төвлөрүүлж байна. Бусад нь нийслэл, Орхон, Сэлэнгэ, Дархан, Дорнод, Төв аймаг гээд ердөө найман аймаг байгаа юм. Гэтэл улсын төсөвт 1.5 их наяд төгрөг төвлөрүүлж байгаа Өмнөговь аймаг энэ жил улсын төсвөөс ердөө 74 тэрбум төгрөгийн санхүүжилт авахаар байна. Манай Дорноговь аймаг үүнээс ч бага буюу 58 тэрбум төгрөгийн санхүүжилт авахаар байгаа. Харин говийн бүсийн бусад аймгаас Говьсүмбэр 108 тэрбум, Дундговь 138 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг улсын төсвөөс авахаар болж байна. Өөрөөр хэлбэл, Говьсүмбэр, Дундговь аймагт харьцангуй илүү дэмжлэг очиж байгаа гэсэн үг. Нийтдээ манай говийн бүсийн дөрвөн аймагт улсын төсвөөс 380 гаруй тэрбум төгрөгийн дэмжлэг очиж байна. Гэтэл зөвхөн Дорноговь, Өмнөговь хоёр аймаг нийлээд улсын төсөвт бараг 1.6 их наяд төгрөг төвлөрүүлж байгаа шүү дээ.
-Улсын төсөвт хэдий хэмжээний төсөв төлөврүүлнэ, тэр чинээгээрээ хөрөнгө оруулалтыг орон нутагтаа тусгуулах шаардлагатай гэж хэлж байна уу?
-Тийм. Яагаад энэ асуудлыг яриад байна вэ гэхээр манай улс мэдээж нэгдмэл улс. Улсын төсөв ч нэгдмэл байх ёстой. Гэхдээ хэн сайн ажиллаж, хэн илүү орлого олж байна, тэр нь илүү сайхан амьдрах, илүү хүртээмжтэй дэмжлэг авах ёстой биз дээ. Гэтэл төсвийн хуваарилалт ийм шударга бус болчихоод байна. Мэдээж орлого багатай, эдийн засгийн нөхцөл байдал хүнд аймгууд бий. Тэднийг дэмжих шаардлага байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ "Үнээ саалаа гэхэд тугалд нь сүү үлдээж байгаач" гэдэг зарчим л яриад байгаа юм. Миний хувьд энэ удаагийн улсын төсөвт анхаарах ёстой гол асуудлууд ийм байна. Харин төсвийн хөрөнгө оруулалтын ажлуудын тухайд өмнөх онд эхэлсэн ажлуудын ихэнх нь үргэлжилж байгаа. Манай говийн бүсийн дөрвөн аймгийн сургуулиуд, нийгмийн болон эрүүл мэндийн салбарын барилга байгууламжууд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжиж байна. Мөн зарим сумдад уурын зуух, дулааны станц барих зэрэг ажлууд бий. Гэхдээ ерөнхийдөө үргэлжилж байгаа төслүүд зонхилж байна.
-Ирэх оны төсвийн онцлог таныхаар юу байна вэ?
-Энэ жилийн төсвийн онцлогийг хэлэх юм бол манай говийн бүсийн долоон гишүүн дэд бүтцийн асуудлыг түлхүү ярьж байгаа. 2024, 2025, 2026 он болон одоо батлагдаж байгаа 2027 оны төсөвт бид говийн бүсийн зам харгуйг барих, засварлах асуудлыг голлон тусгуулсан. Тухайлбал, Мандалговь, Даланзадгад, Улаанбаатар чиглэлийн зам бий. Энэ замыг “Энержи ресурс” компанийн мидлингийг их хэмжээгээр тээвэрлэснээс эвдэрч сүйдсэн. Энэ утгаараа дээрх замуудыг засварлах төслүүдийг төсөвт оруулсан. Шинээр Арвайхээр-Говьсүмбэр чиглэлийн замын ажлыг үргэлжлүүлэхээр тусгасан байгаа. Шинээр хэрэгжих гол төслүүд нь дандаа дэд бүтцийн чиглэлийнх. Бусад хөрөнгө оруулалт нь өмнөх онд батлагдсан, үргэлжлэн хэрэгжиж байгаа нийгмийн суурь салбаруудын асуудлыг шийдвэрлэх төслүүд юм.
Э.МӨНХТҮВШИН
ӨДРИЙН СОНИН


