12 ЖИЛИЙН ТУРШ ТАСАРСАН ТҮҮХИЙ НЕФТИЙН ТРАНЗИТ ТЭЭВРИЙГ СЭРГЭЭЛЭЭ

12 ЖИЛИЙН ТУРШ ТАСАРСАН ТҮҮХИЙ НЕФТИЙН ТРАНЗИТ ТЭЭВРИЙГ СЭРГЭЭЛЭЭ

 

-"ТРАНЗИТ МОНГОЛ” ЧУУЛГА УУЛЗАЛТААС ХОЙШ ТЭЭВЭРЛЭЛТИЙН ТОО НЭМЭГДЖЭЭ-

Зам, тээврийн хөгжлийн яам, "Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн зүгээс Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр дамжин өнгөрөх транзит тээврийн тоог нэмэгдүүлэх зорилгоор үнэ тарифын хөнгөлөлт болон үйлчилгээний түргэн шуурхай байдлыг бий болгохоо "Транзит -Монгол” чуулган уулзалтын үеэр онцолсон билээ.

Бээжин хотноо зохион байгуулагдсан тус чуулга уулзалтаар хоёр хөршийн зам тээврийн салбарын салбар болон хувийн хэвшлийн тээвэр зуучийн компаниудтай нэгдсэн ойлголтод хүрснээр транзит тээврийн хэмжээ үнэмлэхүй өссөн талаар холбогдох албаныхан тодотгож байна. Тухайлахад, тавдугаарын сарын 16-ны өдрийн байдлаар  БНХАУ-аас европ руу чиглэсэн 120 галт тэрэг манай улсын нутаг дэвсгэр дээгүүр дамжин өнгөрчээ.

Манай улсын нутаг дэвсгэр дээгүүр өнгөрсөн 2016 онд нийт 168 галт тэрэг дамжин өнгөрсөн байдаг. Салбар яамны зүгээс энэ тоог 2017 онд өсгөх замаар 400 вагон транзит тээврийг дамжин өнгөрүүлэхээр төлөвлөөд байгаа юм. Одоогоор манай улсаар дамжин өнгөрч буй  тээвэр нь ихэвчлэн бараа материал байдаг аж.

wagon

wagon

-ТҮҮХИЙ НЕФТИЙН ТРАНЗИТ ТЭЭВРИЙГ АМЖИЛТТАЙ ЭХЛҮҮЛЭВ-

 

Салбар яам болон Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн зүгээс бараа материалын нэр төрлийг олшруулах чиглэлд анхаарал хандуулан ажиллаж буйгаа өмнө нь тодотгож байсан. Энэ дагуу 2005 оноос хойш 12 жилийн турш  тасраад байсан ОХУ-аас БНХАУ-руу тээвэрлэгддэг түүхий нефтийн транзит тээвэрлэлтийг амжилттай эхлүүлсэн байна.

Түүхий нефтийн тээвэрлэлт энэ сарын 15-ны өдрийн өглөөний 08:00 цагт ОХУ-ын Наушк өртөөнөөс хөдөлж, Сүхбаатар хилийн боомтоор дамжин, 16-ны өдрийн 20:00 цагт Замын үүд өртөөнд хүрчээ. Улмаар Замын-Үүд өртөөнөөс 22:00 цагт БНХАУ-ын Эрээн хот руу хүргэгдсэн байна. Ингэснээр нийтдээ 38 цагийн  дотор тээвэрлэлт хийгдэж байгаа аж.

Хойд хөршийн хил дагуух Сүхбаатар өртөөнөөс БНХАУ руу нэвтрэх цэг болох Замын-Үүд өртөө хоорондын зай 1110 км бөгөөд тээвэрлэлтийг 36-38 км/ ц-ийн хурдтайгаар хийх хатуу графиктай юм байна. Эхний удаагийн тээвэрлэлтээр 48 вагон бүхий 4200 тонн түүхий нефть  хойд хөршөөс урд хөрш рүү нэвтэрсэн болохыг холбогдох албаныхан онцоллоо.

"Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн хувьд тавдугаар сард 10 галт тэрэг буюу 480 вагон түүхий нефтийн транзит тээвэр хийх захиалга авсан байна. Цаашид сар бүр 50 мянган тонн түүхий нефтийн транзит тээврийг хийхээр төлөвлөж, холбогдох яриа хэлэлцээрүүдийг хийгээд байгаа аж.

 

Эх сурвалж: www.medee.mn

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen