Орчин үеийн залуус яагаад утсаар ярих дургүй болсон бэ

Орчин үеийн залуус яагаад утсаар ярих дургүй болсон бэ

 

Техник, технологийн эрин зуунд хүмүүсийн харилцаа холбоо бүхэлдээ цахимжиж, интернэт л байхад дэлхийн хаанаас ч хэнтэй ч холбогдох боломжтой болжээ. Улмаар орчин үеийн залуусын дунд чат, мессежний соёл түлхүү дэлгэрч, шаардлагатай л биш бол утсаар ярих нэн дургүй болсон байна. Тэгвэл яагаад залуус утсаар ярих тийм дургүй болчихсон юм бол?
Их Британийн 18-34 насны 2000 залуугийн дунд хийгдсэн судалгаагаар тэдний 25 хувь нь хүн утсаар залгахад хэзээ ч авч байгаагүй, залгаж буй хүн өөрөө таслахыг хүлээдэг гэж хариулжээ. Харин дараа нь залгасан дугаарыг хайх эсвэл хариу мессеж илгээдэг гэнэ.
Мөн судалгаанд оролцогсдын 70 гаруй хувь нь утасны дуудлагаас илүү текстээр харилцахыг илүүд үздэг гэсэн бол 37 хувь нь дуут мессеж ашиглах сонирхолтой гэв. Түүнчлэн, талаас илүү хувь нь гэнэтийн дуудлага ирвэл муу мэдээ сонсож магадгүй гэж боддог гэжээ.
•     •     •
Судалгаанд оролцогчдоос яагаад утсаар ярих дургүй байдгийг нь асуухад дараах байдлаар хариулжээ.
-“Текстээр харилцах үед нөгөө хүнтэйгээ ямар нэг хугацаанд хязгаарлагдахгүйгээр холбоотой байж болдог. Бас боломжтой цагтаа хариу бичиж болдгоороо онцлогтой. Харин яаралтай нөхцөл байдалд л утсаар залгасан нь дээр гэж бодож байна.”
-“Хэн нэгэн рүү гэнэт залгах нь огт мэдэгдэлгүй гэрт нь очоод хаалгыг нь нүдэхтэй адил ёс зүйгүй хэрэг. Хэрэв бизнесийн асуудлаар ярих бол урьдчилан мэдэгдээд хугацаагаа тохирох хэрэгтэй. Харин гэр бүл, найз нөхөдтэйгөө ярих шаардлагатай бол завтай байгаа эсэхийг нь асууж байгаад залгавал зохино.”
undefined
Текстээр харилцах нь утсаар ярихаас юугаараа илүү давуу талтай вэ?
  • Текстээр харилцахад бодож буй санаагаа сайтар тунгаасны үр дүнд зөвөөр илэрхийлэх боломжтой. Текстний цаанаас ч гэсэн утсаар ярьсантай адил хүний сэтгэл хөдлөлийг мэдэж болдог учир гунигтай эсвэл ууртай байгаа хүнтэй зөв харьцах боломжийг олгодог.
  • Залуу үеийнхний анхаарал төвлөрөх чадвар эрчимтэй муудаж байгаа тул удаан сунжирсан ярианаас илүү утга санаагаа шууд илэрхийлсэн богино текст үр дүнтэй санагддаг.
  • Утсаар ярих үед сэтгэл түгшилт мэдэрдэг хүмүүс байдаг. BankMyCell-ийн судалгаагаар 1981 оноос хойш төрсөн хүмүүс буюу миллениалууд болон Z үеийнхний 81 хувьд нь хүнтэй утсаар ярих үед зүрхний цохилт түргэсэх, дотор муухайрах, сандарч балмагдах зэрэг шинж тэмдэг их бага хэмжээгээр илэрч байжээ.
  • Утсаар ярьсан зүйлс амархан мартагддаг бол текстээр бичсэн зүйлийг дараа нь хадгалж авах боломжтой.
Гэхдээ утсаар ярих нь текстээр харилцахаас илүү тустай байх нь бий.
  • АНУ-д хийсэн судалгаагаар хайртай хүн болон бусад ойр дотны хүнтэйгээ утсаар ярих үед тархинд окситоцин буюу хайрын даавар ялгаруулдаг нь нотлогджээ.
  • Хэн нэгний хоолойг сонсох үед стрессийн түвшин буурч, бусдын нөхцөл байдлыг чин сэтгэлээсээ ойлгох чадвартай болдог. Түүнчлэн харилцан яриаг илүү гүн гүнзгий утга учиртай болгодог.
  • Яарч сандарсан үед бичихээс илүү ярих нь үр дүнтэй бөгөөд мессежний хариу авахаас дуудлагын хариу авах нь харьцангуй хурдан, хялбар шийдэл юм.
Цахим хөгжлийн үед өссөн шинэ үеийнхэнтэй утсаар ярьж холбогдохоос илүү текстээр харилцах нь үр дүнтэйг дээрх судалгааны үр дүн харуулж байна. Гэхдээ утсаар ярих ч мөн амьд харилцаа үүсгэх гэх мэтээр текстээр харилцахаас илүү давуу талтай байж болох юм.
Эх сурвалж: CNNThe IndependentAsia News Network
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen