Жолоочийн хариуцлагын даатгалаас ч чухал СӨХ-ны төлбөр

Жолоочийн хариуцлагын даатгалаас ч чухал СӨХ-ны төлбөр

 

Манай улсад ганцхан албан журмын даатгал бий. Энэ бол жолоочийн хариуцлагын даатгал. Хуулиар заавал даатгуулахыг шаарддаг ганцхан даатгал гэсэн үг. Бусад даатгал бол сайн дурынх. Үүнийг заавал төлж байж замын хөдөлгөөнд оролцох шаардлагатай болдгоос гадна бусдын эд хөрөнгийг хамгаалах үүднээс жолооч нар энэ даатгалд заавал хамрагддаг. Жолоо барьж буй хүн бүр энэхүү даатгалыг төлдөг шиг нийтийн орон сууцанд амьдарч буй айл бүр төлөх ёстой нэг төлбөр бий. Энэ бол СӨХ-ны төлбөр. Энэ төлбөр нь амьдарч буй орон сууцаа өнгөтэй өөдтэй, эрүүл, аюулгүй байлгах, үнэ цэнийг нь унагахгүй байхад зарцуулж буй мөнгө. Ирээдүйдээ оруулж буй хөрөнгө оруулалт ч гэж хэлж болно. Тиймээс энэ бол жолоочийн хариуцлагын албан журмын даатгалаас ч чухал төлбөр. Гэвч энэ төлбөрөөс зугтах хүн олон болов.

Улаанбаатарт хотын бүх нийтийн орон сууцны нэг давхарын зарлалын самбар, цахилгаан шатны хананд нэг ижил утга бүхий анхааруулга хадаатай бий. Энэ бол СӨХ-ны төлбөрөө хугацаанд нь төлөхийг шаардсан шаардлага. Социализмийн үед баригдсан 40, 50 мянгат, гурав, дөрөвдүгээр хороолол, орчин үед Зайсангийн ам, Туулын хөвөө даган сүндэрлэсэн тансаг хорооллуудын нэг давхарт ч ийм анхааруулга бий. Оршин суугчид нь СӨХ-ны төлбөрөө өгөөгүйгээс орон сууцны нийтийн эзэмшил нь өнгөө алдаж, үнэ нь унадаг. Муу компанийн чанаргүй барьсан барилга бол бүр ч хэцүүднэ. Үүний хамгийн том жишээ бол 10 дугаар хороололд байрлах “Golden park” хотхон.

СӨХ-ны төлбөрөө төлөхгүй байлаа гээд ямар нэгэн хариуцлага хүлээх хуулийн зохицуулалт одоогоор байхгүй. Тийм ч учраас зарим иргэд СӨХ-ны төлбөрөө төлөхгүй явсаар л байдаг. СӨХ нь төлбөрөө төлөөгүй айлуудыг шүүхэд өгөх тохиолдол олон. Нийслэлийн хэмжээнд 2018-2022 онд СӨХ-той хамааралтай 5360 нэхэмжлэл шүүхэд гаргаснаас СӨХ-ны төлбөрөө төлөхгүй байгаа, орон сууцны орчны газрыг бусдад эзэмшүүлсэн тухай маргаан дийлэнх хувийг эзэлжээ. Хамгийн сонирхолтой нь, СӨХ-ны төлбөрөө төлөөгүй иргэн шүүх дээр ялсан тохиолдол нэг ч байдаггүй гэдэг.

Бас оршин суугчид нь төлбөрөө цаг тухайд нь төлдөг ч СӨХ-г нь удирдаж буй хүмүүсээс шалтгаалан нийтийн эзэмшил нь эзэнгүйдэх тохиолдол ч бий. Энэ тохиолдолд иргэд эд хөрөнгөөрөө хохироод үлддэг. ОЛон жил хөдөлмөрлөж, зарим нь зээлээр авсан олон сууцаа үнэ цэнтэй байлгах нь чухал. Гэвч энэ нь зөвхөн өөрөөс нь шалтгаалахгүй, хөршийнх нь, СӨХ-г нь удирдаж буй хүмүүсийн хариуцлагагүй байдлаас ч шалтгаалдаг. Сүүлийн гурван жилд иргэд СӨХ-ны үйл ажиллагаатай холбоотой 15 мянга гаруй өргөдөл, гомдол гаргажээ.

Д.Мөнх-Эрдэнэ: СӨХ-ны төлбөрөө төлдөггүй, бусдын төлсөн төлбөрөөр үйлчилгээ авдаг бэртэгчин нөхөд олон

Жолоочийн хариуцлагын даатгалаас ч чухал СӨХ-ны төлбөр

Улсын хэмжээнд 1676, нийслэлд 1474 СӨХ ажиллаж байна. Энэ бүтэц олон хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж ажиллах ёстой. Гэвч бараг СӨХ бүр дээр асуудал гарсаар байгаа учраас хууль эрх зүйн орчныг нь сайжруулахаар Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ хэлэхдээ “Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн хувьд 2003 онд батлагдсан, нийт 21 зүйлтэй хууль. Энэ хуулийн хувьд өнөөдөр оршин суугч, иргэд, СӨХ-ны өмнө тулгараад байгаа асуудлуудыг шийдвэрлэж чадахгүй байгаа юм.

Иргэд ажил хийж, зээл авч, хурааж, хуримтлуулсан мөнгөөрөө орон сууц авдаг, насан туршийнх нь хөрөнгө, үр хүүхдэдээ өвлүүлдэг. Гэтэл хариуцлагагүй байдал, муу үйл ажиллагаа, үйлчилгээнээс болж үнэ цэнэ нь унадаг. Цаг тухайд нь арчлаад, засаж янзлаад, харж хамгаалаад явбал үнэ цэнэ нь унахгүй, бүр өсөх ч боломжтой. Бидний боловсруулсан хуулийн төслөөр нэн тэргүүнд иргэдийн өмч болох орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежмент, эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцдаг СӨХ-г чадавхжуулах, үүрэг, хариуцлагыг тодорхой болгох, үйл ажиллагааг нь ил тод, нээлттэй, шилэн болгох эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилт тавьсан.

СӨХ-ны төлбөрөө төлдөггүй, бусдын төлсөн төлбөрөөр хог ачилт, гэрэлтүүлэг, цэвэрлэгээ, харуул, хамгаалалт, дундын өмчлөлийн эд хөрөнгийнхөө засвар, арчлалтыг хийлгээд явж байгаа бэртэгчин нөхөд олон байна. Эцсийн дүндээ энэ төлбөр оршин суугчдын тав тухтай, аюулгүй орчинд амьдрахад зориулагдсан, тэдний өмчийн үнэ цэнийг алдагдуулахгүй, хадгалахад хэрэгтэй юм. Хариуцлагагүй, ажлаа зохих ёсоор хийдэггүй, санхүү, үйл ажиллагаагаа оршин суугчдадаа тайлагнадаггүй зарим нэг СӨХ-ны үйл ажиллагаа ч энд нөлөөлж байгаа. Гэхдээ сайны хажуугаар саар гэгчээр хариуцлагагүй нь ч байна. Тэгэхээр СӨХ, сууц өмчлөгч, оршин суугч иргэдийг аль алийг нь хариуцлагатай болгох шаардлагатай байна. Хуулийн төсөлд СӨХ-ны төлбөрөө хугацаанд нь төлөхгүй бол алданги тооцох, зургаан сараас дээш хугацаанд төлбөрөө хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр төлөхгүй бол Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэх зохицуулалтыг тусгасан. Эдийн засгийн хувьд зөв хөшүүрэг болж чадна гэж бодож байна.

Нийслэлд л гэхэд нийтийн зориулалттай орон сууцны 8000 гаруй байшин бий. Энэ байрнууд цагийн уртад элэгдэж, муудна. Тэр үед их засвар, арчлалтыг хэрхэн хийх вэ. СӨХ-нуудад хуримтлал алга, тэд цэвэрлэгээ, харуул, хогны асуудлаа л чадан ядан шийдэж байна. Одоо бол улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр бага багаар шийдэхээр оролдож байна. Хэн хөөцөлдлөгөө сайтай ньУИХ-ын гишүүн, ИТХ-ын төлөөлөгчөөрөө дамжуулан бүрэн бус ч гэсэн шийдүүлж чадаж байна. Гэхдээ энэ бол урт хугацааны шийдэл биш.

Ямар ч төлөвлөлтгүй, бодлогогүй байна. Уул нь энэ асуудал бол иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй, бас хотын өнгө үзэмжтэй шууд холбоотой, онцгой анхаарал хандуулах учиртай асуудал. Тийм учраас орон сууцны байшингийн их засвар, арчлалтын сан байгуулаад нэгдсэн бодлого, төлөвлөлттэйгөөр энэ ажлыг зохион байгуулах санал гаргаж байна. Мэдээж энд бүх талын оролцоог хангах ёстой. Энэ бол хуулийн төслийн эхний хувилбар. Олон талаас нь ярилцаж, санаагаа уралдуулж, зөвшилцөж. оновчтой зөв хувилбар гаргаж чадна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen