Иргэдэд нүдний даралттай эсэхийг тодорхойлох үзлэг хийнэ

Иргэдэд нүдний даралттай эсэхийг тодорхойлох үзлэг хийнэ

 

Дэлхийн олон улсын Глаукомын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Дэлхийн Глаукомыг сэрэмжлүүлэх долоо хоног” гуравдугаар сарын 10-16 хооронд тохиож байна. Энэ долоо хоногийг тохиолдуулан 21 аймаг, есөн дүүргийн нэгдсэн эмнэлэг дээр урьдчилан сэргийлэх үзлэгийг үнэ төлбөргүй хийхээр болсныг ЭМЯ-ны дэргэдэх Нүд судлалын салбар зөвлөлөө мэдээллээ.

Энэ талаар Анагаах Ухааны Доктор, Профессор, Зөвлөх зэрэгтэй эмч Д.Уранчимэг “Глауком гэдэг нүдний даралт ихсэх өвчнийг хэлдэг. Энэ өвчин нь эргэшгүй хараа алдалтанд хүргэдэг учраас иргэдийг анхаарал хандуулаасай гэж хүсэж байна. Монгол Улсад хийсэн судалгаагаар БНХАУ-тай адилхан буюу хүн амын дунд 1.4 хувийн тархалттай гэж гарсан.Глауком нь хүүхэд, өсвөр үеийнхэн аль ч насныханд тохиолддог. Иймд шинэ төрсөн нярай хүүхдүүдийг үзүүлэх, хэрэв бэртэл гэмтэл авсан бол нүдний эмчийн хяналтад оруулах, 40 дээш насны хүмүүс жилд нэгээс хоёр удаа заавал нүдний дотуур даралтын үзлэгт хамрагдах ёстой. Дэлхий нийтэд 2.2 тэрбум хүн ямар нэгэн хараа алдалттай байна гэсэн тооцоо судалгаа бий. Үүний нэг тэрбум орчим нь урьдчилан сэргийлэх боломжтой байдаг. Энэ өвчин нь харааны мэдрэл дээр гарч байгаа өөрчлөлт боловч хүний чиглэн харж байгаа зүйлийн хараа алдагдах, захын хараа алдагдах гэх мэт шинж тэмдгүүдээр илэрдэг” гэлээ.

Глауком өвчнийг эрт үед нь эмийн болон лазерын, мэс заслын аргаар эмчилж болдог аж.

Энэ өвчин нь чимээгүй хулгайч буюу ямар ч зовуурь илрэхгүйгээр харах үйл ажиллагаагаа алддаг өвчин. Иймд иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахыг Нүд Судлалын Үндэсний Төвийн Нарийн бичгийн дарга Д.Доржинжанц уриаллаа.

Сонирхуулахад, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар эргэшгүй хараа алдалтад хүргэдэг буюу сохролд хүргэдэг хамгийн тэргүүлэх шалтгаан нь Глауком буюу монголчуудын хэлж заншсанаар нүдний даралт ихсэлт, харааны мэдрэлд үүсдэг өвөрмөц эмгэг аж. Энэ нь хүнийг эргэшгүй сохор болгодог байна. Дэлхий даяар нийтдээ 80 сая хүн энэ өвчний улмаас хараагүй болсон гэсэн тооцоолол байдаг.

Бэлтгэсэн: Э.Эрдэнэбилгүүн

https://itoim.mn/a/2024/03/12/event/wvh

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen