Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар барилгын томчуудтай “дайн” зарлахаа мэдэгдэв

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар барилгын томчуудтай “дайн” зарлахаа мэдэгдэв

 

Нийслэлийн шуурхай зөвлөгөөны хуралдааны үеэр Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар нийслэлийн зарим дүүрэгт сургууль, цэцэрлэгийн барилга барих газар олдохгүй болтол барилга барьсныг шүүмжлээд зарим хууль зөрчиж байгаа барилгын компаниудтай "дайн" зарлахаа мэдэгджээ. Тэрээр хууль зөрчиж газар аваад зай завсаргүй орон сууцны хороолол барьсан томоохон барилгын компаниудад шаардлага хүргүүлж, сургууль цэцэрлэг барих газраа нийслэл олж авна гэлээ.

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар “Өмнөх цаг үед дандаа авлигажсан байдлаар газар олголт хийж, замбараагүй орон сууцны хороолол барьж ирсэн. Эхнээс нь дурдаж хэлье. Баянгол дүүргийн 28-р хороо Голден парк. Энэ бол гаймшиг болсон хороолол шүү. Үүний алдааг засах гээд бид өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Айлуудаас газрыг нь янз бүрийн байдлаар шахаж шаардаж авахаар мөн ялгаагүй барилгын компаний удирдлагууд хэвлэл мэдээллээр захиалга өгч, нийслэл рүү дайрах ажлыг зохион байгуулдаг юм байна. Тэглээ гээд буцахгүй, Голден паркийг дахин сургууль, цэцэрлэгтэй болгох ажлыг энэ жил эхлүүлнэ.

Хоёрт, Алтай хотхон байна. Тэнд 12 мянган айл байдаг хэрнээ ямар ч сургууль, цэцэрлэггүй байна. Үүнийг шийднэ.

Гуравт, Маршил таун, Эко констракшн, Кинг тауэр зэрэг маш их асуудал дагуулж байгаа хорооллууд бий. Би лхагва гаригт газар дээр нь ажиллана, Алдаржавлан дарга аа. Кинг тауэрын урд талын 4800-5000 метр квадрат талбайд улсын сургууль цэцэрлэг барих мөнгийг одоо тавина. Газар дээр нь очиж үзээд, шийдвэрээ гаргана. Тэр аж ахуйн нэгжүүд нь надтай шүүхэдвэл шүүхэднэ л биз, би шийдвэрээсээ буцахгүй.

Дээр нь, Тайгам Алтайгийн захирлууд багахан шиг дарвагнаарай гэж хэлье. Тэд Баянзүрх дүүргийн 26-р хороонд баригдаж байгаа сургуулийн техникийн нөхцөхийг гацаагаад байгаа. Алтай хотхон, Олимп хотхоныг энэ компани барьсан. Гол асуудал сургууль цэцэрлэгийн алга дарам газарт техникийн нөхцөл үүсгэж, зогсоож байна. Яг үүнтэй нь адилхан Тайгам Алтайтай холбоотой бүх ажлыг зогсоо, царцаа. Дээр нь өнөөдрийг хүртэл авсан газруудынх нь цуцлах үндэс бүрдсэн үү гэдгийг надад эргээд танилцуул.

Мөн газраа өгөхгүй байгаа Хан Хилс өөрийн талбайгаа дүүргэж барьчихаад хойд талд нь нийтийн эзэмшлийн газарт иргэдийн амардаг сүүдрэвч барьчихаад байгаа. Энэ бол хөгийн шунал шүү. Хэдэн төгрөгөөр барьж, хэдээр зарсан, М.Цэлмэг/Хотын Ерөнхий архитектор асан/ -ийн үед тухайн газрыг яаж авсныг би Хууль зүйн сайдаар ажиллаж байсан хүний хувьд мэднэ ш дээ. Хэдэн барилгын том компаниудад хандаж хэлэхэд, би та нартай үзэж байгаад дуусна шүү. Өмнө нь хэдэн том авлигачидтай үзээд өнөөдөр ард нь гараад явж байгаа. Том барилгын компаниудыг яаж барилгын зөвшөөрөл, газар авч, ямар ашиг олсныг мэднэ.

Байр, орон сууц барьсан юм бол ядаж тэнд амьдарч байгаа иргэдийг сургууль, цэцэрлэгтэй болгоход нийслэлд жаахан ч гэсэн газар үлдээх сэтгэлтэй байх хэрэгтэй. Баянзүрх дүүрэгт 26, 36 гээд алдартай хороолол байна. Нийслэлийн иргэдийн төлөөлөгч нарт энэ газрыг олголоо гэж яригдаж байсан. Дараа нь га, га-гаар нь газрын наймааны золиос болгосон. Өнөөдөр энэ алдааг засах гээд явж байгаа. Түгжрэл, өөр болж бүтэхгүй байгаа бүхэн чинь өнгөрсөн 30 жилийн алдаа. Энэ алдааг хийсэн нөхдүүд хэвлэл мэдээлэл хөлслөөд гурван сар ажиллаж байгаа над дээр 30 жилийн алдааг дохно гэвэл ёстой үгүй шүү. Харин эсрэгээрээ би том барилгын компаниудтай үзсэн шиг үзээд дууссан шиг дуусна” гэлээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen