Г.Уянга: Цагаан суваргын ордыг 700-хан сая доллар өгөөд 100 хувь эзэмшлээ, Монголын төрийг мөнгө дээрэлхэж байгааг харах дэндүү харамсалтай байна

 

Г.Уянга: Цагаан суваргын ордыг 700-хан сая доллар өгөөд 100 хувь эзэмшлээ, Монголын төрийг мөнгө дээрэлхэж байгааг харах дэндүү харамсалтай байна

 

Улс орны хувьд чухал ач холбогдолтой, олон нийтийн анхаарлын төвд байдаг том асуудлуудыг шийдвэр гаргагчид хэрхэн яаж хэлэлцэж, шийдэж байсныг "Зууны мэдээ” сонин "Чөлөөт хэвлэл бол нийгмийн ой санамж” булангаар уншигчдадаа хүргэж байгаа билээ. Энэ удаад УИХ-ын 2014 оны хаврын ээлжит чуулганы долдугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаар "Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэг хийсэн дэлгэрэнгүй тэмдэглэлээс ямар нэг засвар, дүгнэлтгүйгээр нийтэллээ.
УИХ-ын дарга З.Энхболд:
-Дараагийн асуудал. Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай УИХ-ын тогтоолын эцсийн хэлэлцүүлэг явуулъя. Төслийн талаарх ЭЗБХ-ны танилцуулгыг УИХ-ын гишүүн Д.Ганбат танилцуулна. Индэрт урьж байна.
УИХ-ын гишүүн Д.Ганбат:
-УИХ-ын дарга, эрхэм гишүүд ээ, УИХ-ын чуулганы 2014 оны зургадугаар сарын 13, 26, долдугаар сарын 1-ний өдрүүдийн нэгдсэн хуралдаанаар Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр ЭЗБХ-нд шилжүүлсэн.
ЭЗБХ 2014 оны долдугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаар дээрх тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар хэлэлцээд чуулганы нэгдсэн хуралдаанаар санал хурааж шийдвэрлэсний дагуу тогтоолын төслийн нэрийг Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн тухай гэж өөрчлөх.
Төслийн 1 дүгээр заалтыг тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай УИХ-ын 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдрийн 27 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 10-т заасан Цагаан суваргын ордод төр хувь эзэмших шаардлагагүй гэж үзсүгэй гэж өөрчлөн найруулах.
Мөн тогтоолын төслийн 2, 3 дугаар заалтыг тус тус хасах өөрчлөлтүүдийг тогтоолын төсөлд тусгалаа. Эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төслийг та бүхэнд тараасан болно. УИХ-ын эрхэм гишүүд ээ, Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн тухай УИХ-ын тогтоолын төслийг баталж өгөхийг та бүхнээс хүсье.
Анхаарал тавьсанд баярлалаа.
УИХ-ын дарга З.Энхболд:
-Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан асуулттай гишүүд байна уу. Гараа өргөх биш кнопоо даръя. Г.Уянга гишүүнээр асуулт тасалллаа. Г.Уянга гишүүн асууя.
УИХ-ын гишүүн Г.Уянга:
-Байнгын хороон дээр ажлын хэсгийн ахлагч Д.Ганбат дарга танилцуулахдаа Цагаан суваргын ордын одоо энэ Их Хурлаар хэлэлцүүлж байгаа тогтоолын төслийг Эрдэс баялгийн бодлого батлагдсантай холбогдуулан, энэ өөрөө Эрдэс баялгийн бодлогыг иш татаж байна лээ. Ер нь бол маш олон бодлого батлах юм. Бодлого бол ингээд л нэг дэлгээд л, өөрсдийнхөө ажиллаж болдог тэр хүрээ хязгаарыг хумьдаг ийм зүйл уг нь биш байх. Энэ бодлого батлагдчихаад араас нь Газрын тосны хууль, Ашигт малтмалын хууль болон энэ ордуудын гэрээ ингээд зэрэг зэрэг орж ирж байна. Бодлого бол дотроо бодож явдаг л юм байдаг байх.
Бодлогоо хэрэгжүүлэх арга хэрэгслүүд уг нь бидэнд чөлөөтэй байх ёстой юм. Гэтэл өөрсдийгөө, тэр арга хэрэгслээ байнга хаадаг ийм бодлоготой байх юм бол бодлогын баримт бичиг ямар ч хэрэг байхгүй.
Цагаан суваргын орд бол төрийн мөнгөөр хайгуул хийсэн. Төлбөрт нь 1997 оны. Бүр М.Энхсайхан даргыг Ерөнхий сайд байх үеийн тэр аргачлалаар тооцож 715 сая доллар л төлсөн байгаа юм. Ингээд бүгдийг нь 100 хувь хувийнхан авч байна. Тэгээд энэ бол шударга биш. Энэ бол зарчим ч биш. Ядаж одоогийн үнэ цэнээр үнийг нь төлөх тийм сэтгэл МАК компанид, Н.Номтойбаяр гишүүнд байх ёстой шүү дээ. Энэнээсээ уг нь ичих хэрэгтэй юм. Тэгээд яах вэ, бүгд дэмжээд явууллаа. Ерөнхийдөө энд бол өөрсдийн компанийн эрх ашгаа хамгаалдаг. Энэ төлөөлөл нь яаж орж ирээд, яаж хууль батлуулдгийг бид бодитойгоор нь харж байна л даа. Монголын төр өөрөө мөнгөний өмнө их хүчгүйдэж байна. Төрөөр бизнес хийнэ гэж яг энийг хэлдэг юм. Яг л энийг хэлдэг юм. Тэгээд энэ төрөөр бизнес хийдэг хүмүүсээсээ салахгүй бол бид нар баялгаа ингэж гарын салаагаар харсаар байгаад хамар доороосоо алдсаар дуусах юм байна.
Төрөөр мөнгө хийдэг, төрд шургалсан бизнесменүүд орж ирчихээд л төрийг харааж зүхдэг. Төр муу. Төрийг адалдаг. Ийм яриа гаргадаг юм байна. Тэгээд дэндүү харамсалтай байна. 700-хан сая доллар өгөөд 100 хувь эзэмшлээ.
Мөнгө төрийг дээрэлхэж байна. Мөнгө Монголын ард түмнийг дээрэлхэж байгааг бид нар харж байна. Дэндүү харамсалтай байна. Тэгээд энийг би эсэргүүцэж байгаагаа хэлж тэмдэглүүлээд л одоо ингээд дуусахаас даа. Дэндүү харамсалтай байна.
УИХ-ын дарга З.Энхболд:
-За гишүүд асуулт асууж дууслаа. Санал хураана. Байнгын хорооны саналаар Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг баталъя гэсэн санал хураая. Санал хураалт. 61 гишүүн оролцож, 45 гишүүн зөвшөөрч, 73.8 хувийн саналаар тогтоолын төсөл батлагдлаа. Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай УИХ-ын тогтоолын эцсийн найруулга дээр саналтай гишүүд байна уу. Л.Цог гишүүн.
УИХ-ын гишүүн Л.Цог:
-Энэ гурван заалттай тогтоол байсан. Нэг заалттай болж хувирч байна шүү дээ. Энэ заалт нь үндсэндээ Үндсэн хууль зөрчсөн ийм заалт байгаа юм. Стратегийн ордыг төр эзэмших ийм хувийг нь тэглэж байгаа явдал өөрөө хууль зөрчсөн учраас Цэц рүү хандах хууль зүйн үндэслэл болж байгаа. Ийм заалт хийхдээ та бүхэн маань дэндүү гоомой хандлаа. Яагаад гэвэл төр өртөө мөнгөгүй учраас хувьд өгнө гэсэн ийм үндэслэл хэлсэн шүү дээ. Энэ өөрөө хууль зүйн үндэслэл биш учраас Цэц рүү хандана гэдэг зүйлийг хэлье. Хууль зөрчсөн заалт.
УИХ-ын дарга З.Энхболд:
-Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай УИХ-ын тогтоолын эцсийн найруулгыг сонслоо. Үүгээр өнөөдрийн чуулган хэлэлцэх асуудлаа дууслаа. Цаг сунган хуралдсан гишүүдэд баярлалаа. Одоо УИХ-ын 2014 оны хаврын ээлжит чуулганы хаалт хийнэ.
 
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen