ҮХНӨ-ийг Н.Энхбаярын гарт атгуулахын цаад учир юу вэ?
Сонгодог парламентын жишигт нийцэхийн тулд тогтолцоогоо өөрчилж, Үндсэн хуулиа эргэж харах ёстойг эрх баригчид он дамнуулан ярьцгаалаа. Холимог системээр сонгуулиа явуулж, гишүүдийн тоог нэмж, Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болъё гэв.
Улс төрчид, судлаачид учиргүй л дэмжиж байна. Өнгөн дээрээ ингэж байгаа ч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт(ҮХНӨ)-ийн төсөл олон нийтэд ил болоогүй. Сураг сонсоход, МАН-ын хуульчийн компьютер дээр төсөл бүрэн эхээрээ шивээстэй байгаа гэцгээх юм билээ. Ном журмаараа бол УИХ-аас Ажлын хэсэг байгуулж, ҮХНӨийг боловсруулах хуультай. Эрдэмтэн судлаачид, иргэд, олон нийтийн байгууллага, олон намын төлөөллийн саналыг авч, хэлэлцүүлэг өрнүүлэх нь ажлын хэсгийн үүрэг. Тэгвэл УИХ-аас албан ёсны ажлын хэсэг гараагүй байхад Засгийн газар түрүүлж нүүдэл хийлээ. Ерөнхий сайд Л.ОюунЭрдэнэ өнгөрсөн долдугаар сарын 27-нд захирамж үйлдэж, ҮХНӨ-ийн төслийг боловсруулах ажлын хэсгийг дэргэдээ байгуулав.
Ингэхдээ Н.Энхбаяраар ахлуулжээ. Энд Иргэний зориг, ногоон намын дарга Ц.Ганхуяг, Монголын уламжлалын нэгдсэн намын дарга Б.Батболд, Монголын үндэсний ардчилсан намын дарга Б.Цогтгэрэл, Шинэ намын дарга Ц.Гантулга нар багтсан харагдав. Н.Энхбаярын ахлах ажлын хэсэг хоёр дэд хэсэгтэй байх юм билээ. Үндсэн хууль, хууль, түүх, улс төр судлаачид, эрдэмтэн, судлаачид нэг багийг нь бүрдүүлэх аж. Нөгөөх нь мэдээлэл, олон нийттэй харилцах баг гэнэ. Тэд боловсруулсан саналаа есдүгээр сард багтаан УИХ-д танилцуулахаар төлөвлөжээ. Мэдээж, Засгийн газар хууль санаачлах эрхтэй. Энэ хүрээндээ ҮХНӨ-ийг явуулахад улс төрийн намуудын саналыг нэгтгэхээр зорьсон бололтой. Нэгэнт ҮХНӨ-ийг хэлэлцэх нь тодорхой болохоор төсөлд олон намуудын оролцоог хангах нь юу юунаас чухал. Гэтэл энд гудамжинд байгаа дөрөвхөн нам оролцсон нь улс төрийн хүрээнийхэнд олон хардлагыг дагуулж байгаа юм билээ. Болсон болоогүй парламентад суудалтай сөрөг хүчин АН хаана байна. Дотроо хэрүүлтэй байгаа гээд гадуурхчихав уу, тэднийг. Тэгвэл ХҮН нам яав. Нэгэнт МАН-ын халаасны нам юм чинь байсан , байгаагүй ялгаагүй гээд үл тоов уу. Гээд олон таамаг хөвөрчээ.
Энэ ч яахав. Анхаарал татсан гол асуудал бол Н.Энхбаяр дээр төвлөрч байгаа юм. ҮХНӨ-ийг яагаад түүний гарт өгчихөв. Үүний цаад учир шалтгаан юу байв. Энгийн логикоор тунгааж үзье л дээ. Н.Энхбаяр бол цагтаа Монгол төрийн ноён оргил байв. Оюуны өндөр чадамжийг нь засаг төр үнэлж, хайр хишгээ ч харамгүй хүртээсэн. Төрийн гурван өндөрлөгийн сэнтийд заларч, түүхэнд зам мөрөө тод бичүүлсэн, жинхэнэ төрийн хар хүн. Тэр утгаар нь ҮХНӨ-ийг Н.Энхбаяраар ахлуулаад явах нь зөв гэж нийгэмд үзэх хэсэг байх шиг байна. Үнэн чанартаа Ардын намаасаа өрх тусгаарлаж, улс төрд хэсэгтээ сэлэм эргүүлэх гэж хичээсэн тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө буюу 2021 оны тавдугаар сард буцаж нийлж байгаагаа зарласан. Өмнө бие биеэ үзэж чаддаггүй байсан хүмүүс МАН хэмээх нэг туган дор ороодхов. Тухайн үед Н.Энхбаяр сэтгүүлчдийн өмнө “Тавдугаар Үндсэн хуулийг батлах нь хоёр намын тохирооны маш чухал зүйл. Амьдрал баян юм чинь ямар ч шийдвэр Ерөнхийлөгчийн сонгуулиар гарч болзошгүй. У.Хүрэлсүх хэлсэндээ байдаг хүн” гэж мэдэгдсэн нь хэвлэлийн хуудаснаа шарлаж амжаагүй л байна. Ингээд мань эр ч хүүгээ УИХ-ын гишүүн болгож чадсан. Дараа нь түүнд ҮАБЗ-ийн дэргэдэх Стартегийн хүрээлэнгийн захиралын суудлыг санал болгосон ч тас гэдийсэн тухай шум бишгүй түгсэн. Харин энэ удаад гэнэт ҮХНӨ-ийг хариуцуулахаар ажлын хэсэг байгуулж өгсөнийг цаад учир шалтгаан Н.Энхбаярын амыг таглаж, санааг нь амраах гэсэн шийдвэр хэмээх яриа Төрийн ордноос дуулдав.
Энэ нь түүний ашиг сонирхолтой бүрэн нийцнэ. Яагаад гэвэл МАХН-ын дарга байхдаа тэрбээр Шинэ үндсэн хууль гээч төслөө бариад 21 аймгийн тойрчихсон шүү дээ. Сум болгонд очиж, иргэдтэй уулзаж, төслөө танилцуулж байв. Тэгэхээр Н.Энхбаяр энэ удаад боломжийг ашиглаад өөрт байгаа ҮХНӨ-ийн бэлэн төслөө зүтгүүлэх гэж оролдоно. Хэдийгээр Засгийн газар хууль санаачлах эрх мэдлийнхээ хүрээнд ҮХНӨийг шүүрч авсан ч УИХ уг үйлдлийг тийм ч ойшоохгүй байгаа гэлцэнэ лээ. Яагаад гэвэл УИХ-аас үндсэн ажлын хэсэг байгуулагдаж, төслийг боловсруулж, хэлэлцдэг хуультай болохоор тэр биз. Тэгээд ч өнгөрсөн хавар ҮХНӨийн асуудлыг судлах ажлын хэсгийг УИХ-аас байгуулж, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогтоор ахлуулахаар болсон тухай мэдээлж байсныг санаж байна.
Зарим хэвлэлүүдийн онцолж байгаачилан МАН хэдийгээр Н.Энхбаярт өрөө төлж байгаа мэт харагдаж буй ч түүнийг золионд гаргаж байна гэх өнцөгийг харж болохоор. Тэрбээр 2019 онд парламентын гаднах намуудтай нийлж ҮХНӨ-ийг эсэргүүцэж байсан нэгэн. Нэмэлт, өөрчлөлт оруулахын оронд шинэ Үндсэн хууль батлах ёстой гэдэг байр суурийг илэрхийлдэг байв. Э н э утгаараа Ерөнхий сайдын зүгээс Н.Энхбаярыг гудамжны жижиг намуудтай учир зүйтэй сайн ойлголцож чадах хүн хэмээн саналыг нь хүлээж авсан байж ч болно. Бас эрсдэлтэй тал бий. Хэрэв парламентын гадна байгуулагдаж байгаа энэ ажлын хэсгийнхний санал ямар нэгэн байдлаар УИХ-д дэмжигдэхгүй унавал ямар ч гарзгүй гэдэг логикийг улс төрийн хүрээнийнхэн олоод харчихжээ. Ингэж хараад Н.Энхбаяраар ҮХНӨ-ийн ажлын хэсгийг хариуцуулсан Засгийн газар өөрсдийгөө дэндүү доошоо хийсэн асуудал болно. Өөрсдөдөө итгэхгүй байгаагийн илрэл гэж үзэхээс яахав.
УИХ энэ сарын 25-нд ээлжит бус чуулган зарлахаар гишүүддээ зар тараасан сурагтай. Орон нутагт найр, наадам хэсч, тив дэлхийгээр амарч, зугаалж яваа эрхэм гишүүдийн цуваа нийслэлийг зорьсон гэв үү. Учир нь Цэц ирэх даваа гаригт хуралдаанаа товложээ . Их суудлын энэ хуралдаанаар Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн холбогдох заалтын талаарх маргааныг хэлэлцэх юм. Цэцийн гаргах шийдвэрийг эрх баригчид урьдчилж“ захиалсан” болохоор ийнхүү ээлжит бус чуулганыг зарлаж байна гэх гаргалгаа эндээс харагдана. Өөрөөр хэлбэл, Цэцээр ямар шийдвэр гаргуулахаа мэдэж байгаа гэсэн үг. Угтаа ҮХЦ гэдэг байгууллага бол хууль, УИХ-ын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэр Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянан хэлэлцэх үүрэгтэй. Нөгөөтэйгүүр ҮХНӨ нь Үндсэн хуулийнхаа нэгэн адил бүрэн эрхтэй байдаг. Энэ утгаараа Цэц Үндсэн хуулийнхаа бүрэн эрхэд халдаж байгаа юм. Ийм бүдүүлэг байж болохгүйг учир мэдэх хүмүүс шүүмжлэх нь бий. Мэдээж аливаа шинэчлэлийг хийхэд заавал эсэргүүцэлтэй тулгардаг. Гэхдээ ҮХНӨийг Н.Энхбаяр, Б.Батболд, Б.Цогтгэрэл мэтийн хөгшчүүл хийгээд өөрчлөлт авчирч чадах уу. Оюуны потенциал сайтай, сийрэг толгойтой, Үндсэн хуулиар мэргэшсэн эрдэмтэн судлаачид Монголд олон байгаа шүү дээ