Бор өндөг сайн уу эсвэл цагаан өндөг үү?
Тахианы өндөгний хальс ямар өнгөтэй байх нь хамаагүй гэж бидний олонх нь боддог ч энэ нь тийм биш шүү гэж үздэг, анхааруулдаг олон ферм, хүмүүс бий.
Тэд биднийг аль болох цагаан өнгөтэй өндөг хэрэглэж байхыг зөвлөх бөгөөд бор өнгөтэй өндөг зах зээлээс шахагдан алга болох ёстой гэж сурталчилдаг байна. Яагаад? Бор болон цагаан өндөгний алийг нь авах хэрэгтэй вэ? Судалгаанд оролцсон хүмүүс “бор өнгөтэй өндөг гаргадаг тахианууд нь маш догшин зан ааштай, зохих арга хэмжээ авахгүй бол нэг нэгнийгээ эрэмдэглэн гэмтээдэг учраас…” гэж өөрсдийн үзэл бодлоо тайлбарладаг.
Ийм тахиануудыг нэг нэгнээс нь хамгаалахын тулд хошууг нь хэт улаан туяаны тусламжтайгаар тайран авдаг аргыг одоо ихээр хэрэглэх болжээ. Хошуугүй болсон тахиа нэг нэгнийгээ гэмтээж чадахгүй боловч ингэж хошууг нь тайрах нь өөрөө ихээхэн зэрлэг арга гэж байгаль хамгаалагч нар эсэргүүцнэ.
Цагаан өндөг гаргах тахиа нь шувуун фабрикийн давчуу орчинд илүү эв найртай байх учир дээрх аргыг хэрэглэх нь цөөн гэж ярьдаг ч чухам яагаад нэгэн төрөл аймгийн адилхан шувуунууд хороондоо ийм эрс өөр авир гаргадаг гэдэг талаар тэд ямарваа нэгэн тайлбар хэлдэггүй. Гэхдээ тахианы зан араншингийн ялгаа нь тэдний байгаа орчноос шалтгаалах болохоос өндөгтэй ямар ч хамаагүй гэж үздэг экспертүүд ч бас олон бий.
Их Британийн шувууны ассоциацын нэртэй мэргэжилтэн Ричард Жексон нь тахиа ямар өндөг гаргадагаас шалтгаалан зан ааш нь өөр байдаг гэдэг үзлийг шинжлэх ухааны биш ойлголт гэж үздэг байна. Түүнийхээр бол ийм цуу яриаг бодит байдлын тухай тодорхой ойлголт үгүй хүмүүс л гаргадаг гэжээ. Бас бор өндөг гаргадаг тахиа нь “илүү их ажилладаг” ба тэд жилд 11 тэрбум өндөг гаргадаг байхад цагаан өндөг гаргадаг нь үүнээс хэдэн арав дахин бага өндөг нийлүүлдэг гэсэн тооцоо байдаг. Их Британид хүмүүс бор өнгөтэй өндөг авах нь их бөгөөд Европын бусад оронд ч бас ийм хандлага давамгайлдаг билээ. Харин 1970-аад оны үед Британичууд цагаан өнгөтэй өндгийг илүүд үздэг байсан гэдэг. Бор өндөг нь хүнд хэрэгтэй бодис илүү ихээр агуулдаг гэсэн яриа хаанаас ч юм тархаж эхэлснээс хойш ийм өндгийг ихээр авдаг болсон юм.
Гэхдээ энэ нь эрүүл хүнсийг сурталчилдаг хүмүүсийн хэлэх дуртай “хар талх бол илүү эрүүл, цэвэр, байгалийн гаралтай” гэдэг яриатай тун адил сонсогдоно. Харин Хятадуудын хувьд энд ямар нэг ялгаа байхгүй, тэд өндгийг тахианаас хамаарахгүйгээр ямар л бол ямар өнгөтэй болгож сурсан хүмүүс билээ.