Төсөв алдагдалтай баталсны горыг тэд биш бид үүрнэ
УИХ Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг 31.9 их наядын орлоготой, 33.9 их наядын зардал гаргахаар тооцон баталснаар алдагдал хоёр их наяд төгрөгт хүрэхээр болов. Энэ нь төсвийн нийт зарлага өмнөх батлагдсан дүнгээс 971.5 тэрбум төгрөгөөр нэмэгдэн, тэлсэн гэсэн үг юм. Төсвийн алдагдлын 2 их наяд төгрөгийн 1.8 их наядыг Засгийн газрын үнэт цаасаар, 779.2 тэрбум төгрөгийг гадаадаас зээл авч нөхнө.
Алдагдлыг Засгийн газрын үнэт цаас, гадаадын зээлээр нөхөх нь улсын өрийн дарамтыг нэмэгдүүлж, инфляц хөөрөгдөхийн зэрэгцээ зээлийн хүү өсч, бизнесийн идэвхижлийг боомилдог сөрөг үр дагавартай.
Нөгөө талдаа зээлжих зэрэглэлийг ч бууруулдаг. Иймээс төсвийн алдагдал аж ахуй нэгжид асар их дарамт дагуулах нь ойлгомжтой болж байна. Нэг ёсны зээлийн өртөг өсөх нь цаг хугацааны асуудал гэж ойлгож болно.
Үнийн өсөлтийн эсрэг Засгийн газар төрийн албан хаагч нарын цалинг 50 хувиар, ахмад настны суурь тэтгэврийг 100 мянгаас 300 мянган төгрөгөөр нэмэхээр холбогдох зардлыг төсөвт суулгасан байсан. УИХ-аар тодотголыг хэлэлцэх хүрээнд халамжийн тэтгэврийг 20-26 хувиар нэмэхээр болж, мөн зардал дотор нь зохицуулалт хийж төсөвт суулгалаа. Ингэснээр ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс төрийн албан хаагчдын цалин, ахмадын тэтгэвэр, халамж нэмэгдэнэ. Гачлантай нь, цалин, тэтгэвэр нэмэгдэх сургаар бүх л бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг жишиг үргэлжилж, хувийн хэвшилд ажиллагсад чирэгдэх нь тодорхой болж байна. Төрийн алба 200 мянга гаруй ажилтан, албан хаагчтай бол 500 мянга гаруй ахмад настан тэтгэвэр авдаг. Харин 65 мянга гаруй иргэн хөгжлийн бэрхшээлтэй иргэний халамжийн тэтгэвэр авч байна. Тэгвэл хувийн хэвшилд 900 мянга гаруй иргэн хөдөлмөр эрхэлдэг. Улсын бүртгэлд 264 мянга орчим аж ахуй нэгж бүртгэлтэй байдгаас 116 мянга гаруй нь идэвхтэй үйл ажиллагаа эрхэлсээр иржээ. Үндсэндээ аж ахуй нэгжүүдийн 50 гаруй хувь нь татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрөө цаг хугацаандаа багтаан барагдуулж чадахгүй, цалингаа өр төлбөр тавин зохицуулсаар ирснийг энэхүү статистикаас харж болно.
Харин ирэх сараас төрийнхний цалин нэмэгдсэнээр хувийн хэвшлүүд ажилтнаа цөөлөх үү, аль эсвэл хаалгаа барих уу, үйлдвэрлэж байгаа барааныхаа үнийг нэмэх үү гэдэг сонголттой нүүр тулах болж байна.
Аль ч хувилбарыг аж ахуй нэгж сонгосон төрийн шийдвэрийг дагаж үнийн өсөлт иргэн бүрийн толгой дээр бууна.
Үндэсний статистикийн хороо 2026 оны есдүгээр сарын байдлаар инфляц 12.9 хувьд хүрснийг зарласан. Харин эдийн засагчдын тооцооллоор инфляц өнгөрсөн долдугаар сард хэдийнэ 17 хувьд хүрсэн бөгөөд төсвийн зарлага буурахгүй өссөөр байвал оны төгсгөлд 20 хувь давна гэж анхааруулсан юм. Зуны дэлгэр цагаар инфляц өсөхөд төрөөс хэрэгжүүлсэн бодлого шийдвэрүүд нөлөөлсөн. Тухайлбал, цахилгаан, дулааны үнийн өсөлт, мах, ногоо, гурилын үнэ зогсолтгүй өссөн нь инфляцыг хөөрөгдсөн юм. Үүн дээр шатахууны хомсдол, үнийн өсөлт ч давхар нэрмээс болсон. Харин энэ удаад төсвийн тодотголыг дагаж инфляц нэмэгдэн, цалин цаас болж хувирах нь ойлгомжтой болж байна.
Харин эрх баригчдад инфляц хэдэн хувиар өсч, төгрөг үнэгүйдэх хамаагүй “цалин, тэтгэвэр, халамж нэмсэн” гэдэг үгээр Ерөнхийлөгчийн сонгуулийн тархи угаалтаа эхлүүлэх болов. Угтаа цалинг бүтээмж дагуулж өсгөх ёстой ч эрх баригчдын хувьд сонгууль угтсан санал авах ажиллагааны нэг хэрэгсэл болгон хувиргасан нь эцсийн дүндээ эдийн засгийн хямралыг өдөөх эрсдэлийг ч дагуулах болсон.
Монгол Улсын эдийн засгийн өсөлт энэ онд 7.7 хувьд хүрсэн нь зөвхөн уул уурхайн дэмжлэгийн нөлөө юм. Гэвч Засгийн газар үүлэн чөлөөний нар шиг олдсон энэхүү зурвас боломжийг зөвхөн цалин, тэтгэвэр нэмэхэд ашиглаж ирсэн нь нөгөө талд иргэд ядуурлын эгнээ рүү гулсан орсоор дундаж давхаргагүй болж мэдэх нөхцөл байдалд хүргээд байна. Мөн төрөөс тендер авдаг, төрөөс хамааралтай аж ахуй нэгжийн бизнес цэцэглэх болсноор хувийн хэвшлүүд оршин тогтнох орон зай ч хумигдах болсон. Төсвийн тодотголоор хувийн хэвшлүүдээ хамгаалж, төрийн данхгар бүтцийг бууруулж, төсвийн үргүй зардлыг танах ёстой гэх зөвлөмжийг эдийн засагчид өгсөн ч УИХ ажил хэрэг болгож чадсангүй.
Төсвийн тодотгол эхэн үедээ сандал суудлаар нь барьцаалан сүр дуулиантай эхэлсэн ч эцэстээ эрх баригчдын найруулгаар батлагдлаа.
Сөрөг хүчин татвар төлөгчдийн нэг төгрөг бүрийг үр ашигтай зарцуулж байгаа эсэхэд хяналт тавих эрх УИХ-д бий. “Гэрт ойр сургууль” төслийн 50 тэрбум төгрөгийн задаргааг Засгийн газар, УИХ ил болгох ёстой. Ерөнхий сайд Н.Учралын хамаарал бүхий сургуульд 3.5 тэрбум төгрөг олгох нь хууль зөрчсөн үйлдэл. Засгийн газрын тэргүүн өөртөө итгэл үзүүлэх тухай асуудлыг УИХ-д оруулж ирэх ёстой гэх шаардлага тавьсан ч нохой хуцсаны чинээ тоохгүй байсаар 2026 оны төсвийн тодотголыг баталлаа.
Эцсийн эцэст төсвийг данхайлган, зардлыг тэлж, алдагдлыг нэмсний горыг тэд биш иргэд, бор зүрхээрээ зүтгэдэг аж ахуй нэгж үүрэх болж байна.
Г.ХОРОЛ
https://news.mn/r/2893719/



