Франц: 14 настай хүүхэд багш, сургуулийн захирлаа буудаж шархдуулжээ
Францын өмнөд хэсгийн Марсель хотын ойролцоох Обань хотын дунд сургуульд 14 настай сурагч сургуулийн захирал болон багшийг ангын буугаар буудаж, шархдуулсан хэрэг гарчээ. Сэжигтэн буугаа гитарын гэрэнд нууж сургуульд авчирсан гэж орон нутгийн албаныхан мэдээлсэн байна.
Хэрэг Даваа гаригт /2026.10.12/ Жозеф Лаканалын нэрэмжит дунд сургуульд болсон бөгөөд сурагч хэд хэдэн удаа гал нээжээ. Тэрбээр эхлээд сургуулийн нэгдүгээр давхарт гал нээж, захирал болон нэг багшийг хөлөнд нь шархдуулсан байна. Дараа нь хоёрдугаар давхарт гарч дахин хоёр удаа гал нээжээ. Мөн өөр нэг хүн суманд шүргүүлж шархадсан байна.
Сургуулийн ажилтан сэжигтнийг цагдаа ирэхээс өмнө зэвсэггүй болгожээ. Улмаар цагдаа нар түүнийг баривчилсан байна. Шархадсан захирал болон багшийн биеийн байдал хүнд биш байгаа аж.
Тухайн үед бусад сурагч буун дуу сонсоод айж сандарч, сургуулийн байрнаас гарахаар гүйлдсэн байна. Нэг сурагчийн мэдээлснээр, математикийн багш эхний буун дууг ойролцоох барилгын ажлын чимээ гэж тайлбарлажээ. Харин дараагийн буун дууны дараа дохиолол дуугарч, сурагчид ангиасаа гарч зугтсан байна.
Францын боловсролын сайд Эдуар Жеффрей уг хэргийг хүлээн зөвшөөрөх боломжгүй үйлдэл хэмээн буруутгаж, нийгэмд хяналтгүй хүчирхийлэл нэмэгдэж байгаатай хамтран тэмцэх шаардлагатайг онцолжээ. Мөн дотоод хэргийн болон боловсролын сайд нар хэргийн газарт очихоор болсон байна.
Францын сургуулиудад сурагчид галт зэвсэг ашиглан халдлага үйлдэх тохиолдол ховор байдаг. 2017 онд тус улсын өмнөд хэсгийн Грасс хотод 16 настай сурагч буу, гар буу болон жижиг гранат авчирч, ахлах сургуульд гал нээн, гурван сурагч болон сургуулийн захирлыг шархдуулж байжээ. Одоогоор энэ удаагийн халдлага Францад сүүлийн хэдэн долоо хоног үргэлжилж буй сургуулийн нөхцөл, санхүүжилтийг сайжруулахыг шаардсан сурагчдын эсэргүүцлийн хөдөлгөөнтэй холбоотой гэх мэдээлэл гараагүй байна.



