Украин, Молдова улсууд Европын Холбоонд элсэхэд дахин нэг алхам ойртжээ

Украин, Молдова улсууд Европын Холбоонд элсэхэд дахин нэг алхам ойртжээ

 

БРЮССЕЛЬ, 2026 оны аравдугаар сарын 14 /Кazinform/. Украин, Молдова улсууд Европын Холбоонд /ЕХ/ элсэх замдаа дахин нэг алхам урагшиллаа. Тодруулбал, ЕХ эдгээр улстай “Дотоод зах зээл”, “Өрсөлдөх чадвар ба хүртээмжтэй өсөлт” гэсэн хоёр бүлэг сэдвээр хэлэлцээ хийж эхэлсэн тухай тус холбооны Зөвлөлийн аравдугаар сарын 13-ны мягмар гарагт нийтэлсэн хэвлэлийн мэдээнд дурджээ.

 

“Өнөөдөр Украин улс ЕХ-нд элсэх замдаа бас нэгэн чухал үе шатыг давлаа. Европын Холбооны Зөвлөлийг даргалж буй Ирланд улс Украиныг ЕХ-нд элсэх үйл явцад ахиц гаргахын төлөө тууштай ажиллаж байна.

 

Өнөөдрийн шийдвэр нь Украин сэргээн босгох чадвартай, туйлын хүнд нөхцөлд ч шинэчлэлээ үргэлжлүүлэх эрмэлзэлтэй байгааг харуулж байна” гэж Ирландын Европын асуудал эрхэлсэн сайд Томас Бирн мэдэгдсэн байна. Молдова улсын тухайд Т.Бирн хэлэхдээ, ЕХ-ны Зөвлөлийг даргалж буй Ирландын хувьд тус холбоог өргөжүүлэх нь ямар чухал болохыг харуулж байна хэмээн онцолсон байна. “Бид даргалах хугацаагаа дуусахаас өмнө хэлэлцээний үлдсэн бүлэг чиглэлүүдээрх хэлэлцээг эхлүүлэхийн тулд бүхий л хүчин чармайлтаа гаргана” гэж Ирландын сайд хэлжээ. 

 

Украиныг ЕХ-нд элсүүлэх тухай хэлэлцээний хоёр, гуравдугаар бүлэг чиглэлийг эхлүүлэхэд Унгарын зөвшөөрлийг авахын тулд үндэсний цөөнхийн эрхтэй холбоотой Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай байв.

 

Уг баримт бичгийг аравдугаар сарын 12-нд Украины Дээд Рада хоёр удаагийн хэлэлцүүлгээр хэлэлцэн баталж, мөн өдөр Ерөнхийлөгч Владимир Зеленский гарын үсэг зуржээ. ЕХ-нд элсэх тухай хэлэлцээг хууль тогтоомж, төрийн бодлогын янз бүрийн салбарыг хамарсан зургаан үндсэн чиглэл буюу бүлэг сэдэвт хуваан явуулдаг. Хэлэлцээний явцад нэр дэвшигч улс нь холбооны дүрэм, стандартыг хэрэгжүүлэхэд хэр бэлэн байгааг үнэлж дүгнэдэг байна.

 

Эдгээр зургаан бүлэг сэдвийг “Үндсэн зарчмууд”, “Дотоод зах зээл”, “Өрсөлдөх чадвар ба хүртээмжтэй өсөлт”, “Ногоон хөтөлбар ба тогтвортой уялдаа холбоо”, “Нөөц баялаг, хөдөө аж ахуй ба нэгдмэл байдал”, “Гадаад харилцаа” гэж нэрлэдэг байна.

 

ЕХ-нд элсэх тухай хэлэлцээний эхний бүлэг чиглэл болох “Үндсэн зарчмууд”-ын асуудлаарх хэлэлцээг Украин, Молдоватай зургаадугаар сарын 15-нд эхлүүлжээ. “Энэхүү бүлэг сэдвийг хамгийн түрүүнд эхлүүлж, хамгийн сүүлд хаадаг бөгөөд элсэх тухай хэлэлцээний бүх үйл явцын үндэс суурь болдог. Үүнд хууль дээдлэх ёс, шүүхийн тогтолцоо, үндсэн эрх, авлигатай тэмцэх асуудал багтдаг” гэж Молдовагийн "NewsMaker.md" цахим хэвлэлд тайлбарласан байна. Украин, Молдоватай мөн “Гадаад харилцаа” гэсэн зургаадугаар бүлэг сэдвийн хүрээнд долоодугаар сард хэлэлцээ хийж эхэлжээ. “Дотоод зах зээл” бүлэг сэдэвт бараа, үйлчилгээ, ажиллах хүч, хөрөнгийн чөлөөт хөдөлгөөн, оюуны өмчийн эрх зэрэг асуудал багтдаг бол “Өрсөлдөх чадвар ба хүртээмжтэй өсөлт” сэдвийн хүрээнд дижитал шилжилт, хэвлэл мэдээлэл, эдийн засаг, мөнгөний бодлого, татвар, бизнес эрхлэлт, боловсрол, шинжлэх ухааны судалгаа, гаалийн асуудал зэрэг чиглэлээр хэлэлцээ явуулдаг байна.

 

 

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen