100 сая баррель газрын тосны нөөцийг зах зээлд нийлүүлэх ажлыг түргэтгэхээр тохиролцжээ
Олон улсын эрчим хүчний агентлаг (IEA) аравдугаар сарын 7-нд мэдэгдэл гаргаж, тус байгууллагын гишүүн орнууд энэ оны гуравдугаар сард зарласан газрын тосны нөөцийг зах зээлд нийлүүлэх төлөвлөгөөний хэрэгжилтийг түргэтгэхээр тохиролцсоныг мэдээллээ.
Гишүүн орнууд өмнө нь нийлүүлэхээр амласан боловч зах зээлд хараахан гаргаагүй газрын тосны нөөцөө бүрэн нийлүүлбэл ойролцоогоор 100 сая баррель газрын тосыг нэмж нийлүүлэх боломжтой гэж тооцоолжээ.
Түүнчлэн дэлхийн зах зээлд дизель түлшний нийлүүлэлт хомсдож буйг харгалзан, боломжтой тохиолдолд дизель түлшний нөөцийг тэргүүн ээлжид зах зээлд гаргахаар гишүүн орнууд тохиролцсон байна.
Одоогийн байдлаар Олон улсын эрчим хүчний агентлагийн гишүүн орнууд гуравдугаар сард баталсан хамтарсан төлөвлөгөөний хүрээнд нийт 325 сая орчим баррель газрын тосыг зах зээлд нийлүүлжээ. Зарим улс амласан хэмжээнээсээ давуулан нийлүүлсэн байна.
Тус агентлагийн мэдээлснээр, гишүүн орнуудын стратегийн нөөцөд одоогоор 1.1 тэрбум орчим баррель газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн хадгалагдаж байгаа бөгөөд үүний 200 сая гаруй баррель нь дизель түлш аж. Шаардлагатай тохиолдолд эдгээр нөөцийг ашиглан зах зээлийн нийлүүлэлтийг тогтворжуулах боломжтой гэж үзэж байна.
Олон улсын эрчим хүчний агентлаг цаашид гишүүн орнуудын засгийн газруудтай хамтран ажиллаж, гуравдугаар сард тохиролцсон төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих юм. Мөн ирэх долоо хоногт болох Удирдах зөвлөлийн хурлаараа дэлхийн эрчим хүчний зах зээлийн өнөөгийн нөхцөл байдлыг дахин үнэлэхээр төлөвлөжээ.
Г.Бямба



