"Галзуу баян азиуд" олон ангит цувралаар эргэн ирнэ
Холливуд дахь ази стандартыг шинэчилсэн "Галзуу баян азиуд" кино нээлтээ хийснээс хойш найман жил өнгөрчээ. Тэгвэл соёлын үзэгдэл гэж нэрлэгдэхүйц хэмжээнд алдаршсан тус бүтээлийн шинэ бүлэг удахгүй гарах гэж байна. "HBO Max"-ийн албан мэдэгдэлд дурдсанаар, Мишель Ёо, Констанс Ву, Хенри Голдинг нар өөр өөрсдийн хуучин дүрээ дахин бүтээнэ. Шинэ бүлгийн зураг авалт 2027 онд эхлэх аж.
"Галзуу баян азиуд" кино 2018 онд театруудаар гарсан даруйдаа Холливудыг шуугиулсан нэг шалтгаан нь дан ази жүжигчдээр багаа бүрдүүлсэн байсанд оршино. Өөрөөр хэлбэл, тус кино нь Холливудын олон талт байдалд эргэлтийн цэг болсон юм. Тиймдээ ч тус кино дэлхий даяар 230 сая ам.долларын орлого олж, шүүмжлэгчдээс эерэг үнэлгээ хангалттай авчээ.
Азиудын хувьд энэ кино соёлын бахархал болсон юм.
Киноны найруулагч Жон М.Чу "Найман жилийн өмнө энэ кино миний амьдралыг өөрчилж байлаа. Маажон тоглож хонох, онгоцонд үздэг киногоороо сонгох зэргээр үзэгчид ‘Галзуу баян азиуд’-ыг амьдралынхаа нэг хэсэг болгож байгааг харах гайхалтай байсан. Цаашид юу болохыг хуваалцахсан гэхээс тэсч ядаж байна. Дараагийн анги хэзээ гарах вэ гэсэн асуултыг сүүлийн найман жилийн турш сонслоо. Одоо л энэ асуултад хариулах боломжтой боллоо" гэжээ.
Кино зохиолыг бичсэн Аделе Лим "Дэлхий нийтийн хүсэн хүлээсэн үргэлжлэлийг бид хийхээр боллоо. Гэхдээ энэ нь ганцхан анги байхгүй, БҮХЭЛ БҮТЭН НАЙМАН АНГИ ГАЛЗУУ БАЯН ИД ШИД" байх болно гэжээ.



