“Сүмбэрийн боомтод үлдсэн хүмүүс явах замдаа гал тавьсан гэж ойлгосон”
Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багийн нутаг дэвсгэрт гарсан ой, хээрийн түймэрийн асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн У.Отгонбаяр болон “Мобиком" корпорацийн удирдлагуудыг буруутай гэх мэдээлэл гараад байгаа юм. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн У.Отгонбаяр өөрийн байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр “Түймэр гарсан өдөр би Улаанбаатар хотод байсан. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 14:00 цагт эхэлсэн бөгөөд би 13:40 цагт ирцэнд бүртгүүлсэн. Энэ бол хөдлөшгүй баримт. Миний хувьд Нөмрөгийн дархан цаазат газарт амьдралдаа очиж үзээгүй. Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт ажиллаж байсан. Аравдугаар сарын 7-нд Дорнод аймгийн Чойбалсан хотод хоёр арга хэмжээнд оролцоод тухайн шөнөө Улаанбаатар хотод буцаж ирсэн.
Сүмбэрийн боомтод аравдугаар сарын 6-нд ажилласан нь үнэн. Энэ арга хэмжээг Хил хамгаалах ерөнхий газар болон аймгийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулсан “Мобиком" корпорацийн удирдлагууд оролцсон. Сүмбэрийн боомтод шилэн кабелийн нээлт болсон юм. Манай бүс нутаг олон хил, боомттой. Цаашид ОХУ, БНХАУ-тай холбогдох гарцыг сайжруулах чиглэлээр нэлээд ажил хийж байгаа. Энэ арга хэмжээ тэдгээр ажлын нэг хэсэг гэж ойлгож болно.
Миний ойлгосноор, би аравдугаар сарын 6-нд ажлаа дуусгаад аймгийн төв рүү буцсан. Харин тухайн хүмүүс Сүмбэрийн боомтод үлдсэн. Тэд цааш явах замдаа гал тавьсан юм байна гэж ойлгосон. Тэр хүмүүс надтай ямар ч хамааралгүй. Бид зөвхөн тухайн арга хэмжээнд хамт оролцсон” гэлээ.



