Шалгагдаж буй хэргүүд
Улс төрчид, олны танилуудын хэргүүд шүүхэд шилжлээ. Эдгээрээс онцлох хэргүүдийг тоймлон хүргэж байна.
- Хилийн хоригтой байсан Найруулагч Б.Баатарыг цагдан хорив-
Энэ оны гуравдугаар сараас эхлэн Б.Баатарыг “Үндэсний эв нэгдлийг бусниулах“ үндэслэлээр тагнуулын байгууллагаас шалгаж эхэлсэн байдаг. Мөн эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах, мөнгө угаах" гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаад буй нь энэ юм.
Тэгвэл өнгөрөгч долоо хоногт Дүүргийн эрүү, иргэний эрүүгийн хэргийн хялбар ажиллагааны шүүхэд "Хэро интертайнмент"-ийн найруулагч Б.Баатарыг цагдан хорих эсэхийг шийдвэрлэх шүүх хурал болов. Тодруулбал, тус шүүхээс түүнийг "Цагдан хорих хангалттай үндэслэл байхгүй" гэж үзсэн. Тэгвэл эл шийдвэрт прокурор гомдолтой буйгаа илэрхийлсэн. Үүний дагуу шүүхээс /2026.10.05/ түүнийг 30 хоног цагдан хорих шийдвэр гаргав. Өнгөрсөн есдүгээр сараас эхлэн Б.Баатарт хилийн хориг тавьсан юм.
-Т.Даваадалайн авлигын хэргийг шүүхэд шилжүүлэв-
Прокурорын байгууллагаас Т.Даваадалай нь Нийслэлийн Засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор ажиллаж байхдаа төрсөн дүү, “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨУТҮГ-ын Метро төслийн менежерээр ажиллаж байсан Т.Мөнхдалай нарын хүмүүстэй бүлэглэн 2024-2025 онд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон хамаарал бүхий этгээдүүддээ нийт 5.2 тэрбум төгрөгийн давуу байдал олгосон хэмээн үзжээ.
Мөн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн улмаас олсон нийт 2.6 тэрбум төгрөгийн хууль бус эх үүсвэрийг нуун далдалж, ашиглан мөнгө угаасан хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг /эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт /мөнгө угаах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна.
Улмаар хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.
-ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэнд давж заалдах шатны шүүхээс 13 жилийн ял оноов-
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга асан Л.Бямбасүрэн нарын 11 хүнд холбогдох авлига, албан тушаалын хэргийн шүүх хурал Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд аравдугаар сарын 05-нд боллоо.
Эл хэргийг эргэн сөхвөл, шүүхээс 2026 оны дөрөвдүгээр сард хэргийг Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хэлэлцэн шийдвэрлэсэн байдаг.
Тодруулбал, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга асан Л.Бямбасүрэн нарын хүмүүсийг бусдыг хясан боогдуулах замаар авлига авч, мөнгө угаасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн, 2-13 жил хорих ял оноосон. Тухайлбал, Л.Бямбасүрэн нь авлигын тодорхой хэсгийг ажилтныхаа дансаар авсан. Энэ нь мөнгө угаасан үйлдэл гэж шүүхээс дүгнэж, 13 жилийн хорих ял оноожээ.
Мөн нийтийн албанд томилогдох эрхийг бүх насаар нь хасаж, 50 сая төгрөг гаргуулан улсын төсөвт оруулахаар шийдвэрлэсэн юм. Гэвч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаснаар хэргийг ийнхүү хянан хэлэлцэв. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэлэлцэж, Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ. Тодруулбал, Л.Бямбасүрэнг улс төрийн нөлөө бүхий этгээд хахууль авсан, мөнгө угаасан гэм буруутайд тооцож, 13 жилийн хорих ялыг оноов.
-Н.Тавинбэхийн гэм буруугийн шүүх хурал энэ сарын 16-нд болно-
Н.Тавинбэх болон Р.Дагдан, А.Энхбат, Бат-Эрдэнэ нарт холбогдох /ЭХ-ийн 22.1-3, 22.5-1, 22.4-5/ хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг аравдугаар сарын 02-нд боллоо.
АТГ-аас Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Тавинбэхийг бусадтай бүлэглэн Монгол Улсад хийгдэж буй төслийн хүрээнд ажлын гүйцэтгэл нь хангалтгүй байсан зөвлөх үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгжийн гэрээний хугацааг сунгуулах болон 2,965,515.69 ам.доллараар зөвлөх үйлчилгээний төсвийг нэмэгдүүлэн нэр бүхий аж ахуйн нэгжид эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх үндэслэлээр шалган, хэргийг шүүхэд шилжүүлсэн юм.
Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх "Надад 400 тэрбум төгрөгийн хаус байхгүй. Би 2013 онд авсан орон сууцандаа амьдардаг. Би машингүй, тэгэхээр яаж жолоочтой байх юм бэ? 2019 онд хийсэн зөвлөх гэрээнд 2020 оны долдугаар сард Эрчим хүчний сайд болсон би яаж албан тушаалаа ашиглан давуу байдал олгох билээ. Цаг хугацааны хувьд хэнд ч ойлгогдоно. Намайг буруутгаж байгаа асуудалд үндэслэлгүй зүйл олон байна. Гэхдээ би энэ хэргийн учрыг олтол эцсээ хүртэл явна“ хэмээсэн. Улмаар түүний гэм буруугийн шүүх хурлыг энэ сарын 16-ны 11:00 цагт товложээ.


