Jay Park зургаадугаар сарын 20-нд Монголд тоглолтоо хийнэ
К-попын хамгийн алдартай соло уран бүтээлчдийн нэг Jay Park Монголд тоглолтоо хийхээр болжээ. Тэрээр “Super Concert 2026”-ийн хүрээнд Монголд хүрэлцэн ирж байгаа бөгөөд тоглолт нь ирэх зургаадугаар сард болох юм.
Ингээд тоглолтоо хийж буйтай холбогдуулан түүний тухай сонирхолтой баримтуудыг түүвэрлэн хүргэж байна.
ЮУН ТҮРҮҮНД ЯАЖ ИРЭХЭЭР БОЛОВ?

Манай улсад өмнө нь Bigbang хамтлагийн Taeyang, к-попын алтан хоолой Ailee, к-попын хоёрдугаар үеийн томоохон төлөөлөл T-ara, Rain болон Bloo зэрэг дэлхийн хэмжээний алдарт уран бүтээлчид хүрэлцэн ирж, тоглолтоо хийж байсан билээ.
Тэгвэл эдгээр уран бүтээлчдийг Солонгос-Монголын хамтарсан албан ёсны Evandis энтертайнментаас “Super Concert” тоглолтын хүрээнд авчирч байсан юм. Одоогоос хэдхэн жилийн өмнө бид алдартай уран бүтээлчдийн тоглолтыг эх орондоо үзнэ гэдэг боломжгүй байсан бол өдгөө энэхүү энтертайнментын ачаар үзэх боломжтой болж буйг онцлууштай.
Ингээд тус энтертайнментын энэ жилийн “Super Concert”-д оролцох хамгийн эхний уран бүтээлчээр Jay Park зарлагдаад байна.
JAY PARK ГЭЖ ХЭН БЭ?

Түүний жинхэнэ нэрийг Пак Жэ Бом гэдэг бөгөөд 1987 оны дөрөвдүгээр сарын 25-нд АНУ-д төрж, өсжээ. Тэрээр жүжигчин, бүжигчин, модель, дууны шүлэг зохиогч, хөгжмийн зохиолч, реппер гээд төрөл бүрийн авьяастай нэгэн юм. Өсвөр насандаа гудамжны бүжиг (b-boy) стилиэр бүжиглэж, алдаршиж байсан гэдэг.
Ийнхүү улсынхаа хамгийн том гурвалын нэг гэгдэх JYP энтертайнментад дадлагажигчаар элсэн, 2008 онд 2PM хамтлагт дэбютээ хийж байжээ. Jay Park хамтлагтаа ахлагч байсан бөгөөд энэ үеэс нэр хүнд нь бага багаар өсөж эхэлсэн байна.
ХАМТЛАГАА ОРХИВ

Хамтлагтаа дэбют хийснээс хойш жилийн дараа түүний Myspace дэх хуудсаас 2005 онд Солонгосын тухай бичиж байсан эвгүй мессеж олон нийтэд тарав. Тэрээр найздаа англиар бичсэн уг мессежийг Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд орчуулан хэдэн зуугаар нь сенсаци болгон цацав. Jay Park-ийн зүгээс “Анх Солонгост ирээд бэлтгэгдэж байх хугацаандаа соёлын болоод бусадтай харилцах талаар төдийлөн сайн ойлголтгүй, шинэ орчинд дасах маш хэцүү байсан. Гэр бүл, хуучин найз нөхдөө үгүйлж байсан” хэмээн тайлбарлаж, уучлал гуйсан байна. Гэсэн хэдий ч шүтэн бишрэгчид нь хамтлагаас гарахыг шаардсан учир хамтлагийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцохоо больж, улмаар 2010 оны эхээр хамтлагаа албан ёсоор орхисон байна.
Түүнийг хамтлагаасаа гарсны дараа 2PM анхны бүрэн хэмжээний албумаа 1:59PM гэж нэрлэсэн бөгөөд үүнийгээ Jay Park-ийг гарсан шалтгаантай холбон тайлбарласан аж. “Again & Again” хэмээх жилийн эцсийн үзүүлбэрүүд дээрээ тэд Jay Park-т баярлаж явдгаа болон түүний эргэн ирэхийг хүсэж байгаагаа дахин дахин илэрхийлж байв. Mnet Asian Music Awards дээр Jay Park-т хүндэтгэл үзүүлж “Again & Again” үзүүлбэрийнхээ үеэр түүний бүжиглэдэг байрлалыг гэрэлтүүлж, дуулалтын хэсгийг дуулалгүйгээр өнгөрөөсөн байна.
Сонирхолтой нь, түүнийг хамтлагаасаа гарсны дараа хэвлэл мэдээллийн газрууд түүний мессежийг буруу орчуулагдаж тархсан талаар мэдээлэж, шүтэн бишрэгчид нь ч түүнийг эргэн хамтлагтаа нэгдэхийг хүссэн хэдий ч тэрээр соло эргэн ирэлтээ хийхээр шийдсэн гэдэг.
YOUTUBE БА СОЛО ЭРГЭН ИРЭЛТ

Jay Park 2010 оны 3-р сард B.o.B-н “Nothin’ on You” дуунд өөрийн бичсэн үгээр ковер хийж видеогоо Youtube-д байршуулсан нь алдаршиж, ердөө 24 цагийн дотор 2 саяд хүрсэн гэнэ. Түүгээр ч зогсохгүй томоохон дууны чартуудад 1-р байрт бичигдсэн түүхэн үзүүлэлт болжээ. Ингээд 2010 оны 7-р сард SidusHQ энтертайнменттай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж, соло дуучин, жүжигчнээр ажиллаж эхэлсэн түүхтэй.
Тийнхүү дараа жил нь анхны мини цомог “Take a Deeper Look”-ээ гаргаснаар илүү их алдаршиж, өдгөө дэлхийн хамгийн амжилттай уран бүтээлчдийн нэг болоод буй.
ТОГЛОСОН КИНО

Тэрээр хамгийн анх 2011 онд “Mr. Idol” гэх кинонд тоглож, жүжигчнээр дэбют хийж байв. Мөн тус онд “Vampire Idol” цувралд тоглож байсан бол 2014 онд “Hype Nation 3D” кинонд тоглож байв. Хамгийн сүүлд тэрээр Netflix-ийн “Boyfriend on Demand” цувралд Jisoo-тэй хамтран түүний төсөөллийн найз залуугийн дүрийг бүтээсэн билээ.


