ГЭР ХОРООЛЛЫН ИРГЭДИЙН АСУУДАЛ УИХ-ЫН ДАРГЫН ШИРЭЭН ДЭЭР ГАЦСАН УУ?

ГЭР ХОРООЛЛЫН ИРГЭДИЙН АСУУДАЛ УИХ-ЫН ДАРГЫН ШИРЭЭН ДЭЭР ГАЦСАН УУ?

 

Өчигдөр төв талбай дээр гэр хорооллын иргэд дахин төлөвлөлтийг идэвхжүүлэх шаардлага тавьж, майхантай жагсаал, цуглаан хийсэн. Газраа суллаж өгөөд оронд нь орон сууцтай болох гэсэн иргэдийн хүсэл хясал болоод удаж байгаа. Аргаа барсан гэр хорооллын иргэд сүүлийн үед газраа орон сууцаар солилгүйгээр хашаандаа дэд бүтцэд холбогдсоноор, халаалттай, халуун, хүйтэн устай, бохироо шийдсэн, утаагүй амины орон сууцтай болох боломжийг олж харсан, хууль эрх зүйн нөхцөл бололцоог нь хангаж өгсөн хуулийн төсөл ч парламентын даргын ширээн дээр тавигдсан. Эхнээсээ Яармаг мэтийн дэд бүтэц хамгийн ихээр ойртсон гэр хорооллын иргэдэд мэргэжлийн байгууллагуудын зүгээс сургалт, зөвлөгөөг ч эрчимтэй өгч эхэлжээ.

Харамсалтай нь хүн амын 60 хувь нь оршин сууж байгаа иргэдийн хүсэн хүлээсэн, "Гэр хорооллын хөгжлийн тухай хуулийн төсөл” УИХ дээр гацаанд орчихоод байгаа аж.

Үүнийг өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд Л.Болд гишүүн сануулав. Тэрээр "Бидний ажил хонх нь дуугарахаар дамар нь таг гэдэг шиг л болчихоод байна. Маш олон чухал хууль тогтоомж хэлэлцэх шаардлага үүсэхээр ирц бүрддэггүй. Ирц маш сайн бүрдэхээр хэлэлцэх асуудал байдаггүй. Сүүлийн хэдэн долоо хоног пүрэв гаригийн үдээс өмнө 11, 12 цаг гээд хэлэлцэх асуудалгүй болоод чуулган тарж байна шүү дээ. Алба залгуулсан маягаар л ганц нэг асуудал хэлэлцээд байдаг.

Их хурлын дарга өчигдөр яг өргөн баригдсан хэлэлцэх бэлэн хуулиуд алга байна гэж хэлсэн. Бидний өргөн барьсан хуулиуд байгаа. Газар өмчлөлийн тухай хуулийн төсөл байгаа, өнөөдөр ард түмний хамгийн их хүлээлттэй байгаа, хамгийн олон хүнд хамаарч байгаа хууль бол Гэр хорооллын хөгжлийн тухай хууль байгаа. Та бид энд хэлэлцэх асуудлаа олж ядаж байхад гэр хорооллынхон маань өөрсдөө босоод ирсэн шүү. Өчигдөр талбай дээр Гэр хорооллын төлөө хөдөлгөөн жагсаал цуглаан хийж шаардлагаа хүргүүлсэн.

Тэдний хувьд бол үнэхээр манай нийгмийн хөгжлийн гадна хаягдсан хамгийн их хохирч иргэд. Тэд өнөөдөр үгээ хэлж эхэлж байна шүү. Үүнийг УИХ үл ойшоох байдлаар хандаад сайн зүйлд хүргэхгүй ээ. Та бүхэн харж байгаа байх, Армянд юу болов, Малайзд юу болов. Ерөөсөө эрх баригчид ард түмнээсээ өөрсдийгөө хана хэрмээр тусгаарлаад, тэдний хүсэж байгаа, хүлээж буй асуудлуудаас нь өөрсдийгөө хөндийрүүлэхээр үр дүн бол ийм хувьсгалаар л дуусдаг юм шүү.

Өнөөдөр та бид хуулийг нь хэлэлцэж гэр хорооллын иргэдийн хашаа байшин, газрын үнэлгээг нэмэгдүүлж, анхаарахгүй бол Монголын ирээдүй цаашид хэцүү байна. Монголын хөгжил гэдэг бол өнөөдөр гэр хорооллын хөгжил. Утааны асуудлыг ч харсан, үр хүүхдээ ч бодсон, хөгжлөө ч бодсон гэр хорооллын асуудлаа л цэгцэлж авах хэрэгтэй” хэмээсэн юм.

Парламентад 65 гишүүнтэй олонхийн бүлэг гэр хорооллын иргэдийн өмнөх тулгамдсан асуудлуудыг шийдчихвэл, үгүй ядаж хуулийн төслийг нь хууль болгоод батлаад өгчихвөл хүн амын 60 хувийн хүчтэй дэмжлэг хүлээнэ гэдгээ ч бодолцмоор.

Б.Анир

http://www.24tsag.mn/a/162181

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen