Зэсийн томоохон үйлдвэрлэгч “Glencore”, “Rio Tinto” хоёр нэгдэх хэлцэл хийж байна

Зэсийн томоохон үйлдвэрлэгч “Glencore”, “Rio Tinto” хоёр нэгдэх хэлцэл хийж байна

 

Өнгөрсөн оны сүүлээр зэсийн хоёр томоохон үйлдвэрлэгч болох “Glencore” компани “Rio Tinto”-д компаниудаа нэгтгэх талаар хэлэлцсэн нь цааш үргэлжлээгүй талаар ойрын эх сурвалж мэдээлжээ.

Дэлхийн хоёр дахь том уурхайн компани болох “Rio Tinto” болон нүүрс, суурь металлын томоохон үйлдвэрлэгч “Glencore”-ийн хоорондох яриа богино хугацаанд болж, үр дүнд хүрээгүй хэмээсэн байна.

Харин “Bloomberg News” пүрэв гарагт хоёр компани нэгдэх эхний шатны хэлэлцээгээ хийж байгаа талаар мэдээлсэн юм.

Хэрэв нэгдэх тохиролцоо амжилттай болж чадвал энэ нь уул уурхайн салбарын түүхэнд хамгийн том нэгдэл болох боломжтой. Эдгээр компаниудын нийт зах зээлийн үнэлгээ 158 тэрбум ам.долларт хүрч байгаа нь BHP-ийн 126 тэрбум ам.доллараас давж буй.

Rio Tinto болон Glencore хоёр тайлбар өгөхөөс татгалзав

Дэлхийн уул уурхайн компаниуд цэвэр эрчим хүч рүү шилжилт хийж байгаагаас үүдэн хоёр компани цаашид байр сууриа улам бэхжүүлэхийн тулд бие биенээ харилцан судлаж байна. Энэ нь өнгөрсөн жил BHP-ийн 49 тэрбум ам.доллараар Anglo American-ыг худалдан авах оролдлогоос үүдсэн байж болох юм. “Tribeca Investment Partners”-ийн портфелийн менежер Бен Клеари нь Glencore-ийн хамгийн том хувьцаа эзэмшигчдийн нэг бөгөөд, тэрээр хэлэхдээ “хэрвээ Rio Tinto сонирхож байгаа бол нэлээд өндөр татаас төлөх шаардлагатай болно”. Хамгийн сүүлд нэгж хувьцаа нь ойролцоогоор 3.5 фунт стерлингээр арилжаалагдаж байсан Glencore энэ жил Viterra нэгжээ Bunge-д 34 тэрбум доллараар нэгтгэсний дараа хувьцаа эзэмшигчиддээ хөрөнгийн өгөөжөөр урамшуулах төлөвтэй байна.

Клеари "Хэрэв Glencore 5 фунтээс доош үнээр зарагдах юм бол энэ нь утгагүй болно" гэж тэмдэглээд Glencore-ийн түүхий эдийн холимог нь Хятадын эдийн засгийн өдөөлтөнд маш сайн тохирч байгааг онцолжээ. Rio, Glencore нарын дунд өнгөрсөнд ч нэгдэх талаар яриа өрнөж байсан бөгөөд 2014 онд Rio нь хувьцаа эзэмшигчдийн ашиг сонирхолд нийцэхгүй гэж үзэн Glencore-ийн нэгдэх саналыг хүлээж аваагүй юм.

RBC-ийн шинжээч Каан Пекер тэмдэглэхдээ “Glencore-ийн хувьцаа эзэмшигчид, түүний дотор 9.93%-ийн хувь эзэмшдэг хуучин Гүйцэтгэх захирал Иван Гласенберг зэрэг том хөрөнгө оруулагчдад цэвэрхэн гарах боломж олгоно” гэжээ. Мөн борлуулалт, маркетингийн үйл ажиллагааг нэгтгэснээр 1 тэрбум ам.долларын хэмнэлт гарах боломжтой гэж нэмж хэлсэн юм.

Өнгөрсөн жил Rio Tinto литийн үйлдвэрлэгч Arcadium-г 6.7 тэрбум ам.доллараар худалдан авах хэлцэл хийсэн

Rio нь Glencore-ийн Чили дэх Collahuasi, Перу дахь Antamina зэрэг зэсийн тэргүүлэх зэрэглэлийн хөрөнгүүдийг сонирхох магадлалтай ч Конго улсын зэсийн хөрөнгө, эсвэл нүүрсний бизнесийг нь сонирхохгүй байж болох юм гэж Пекер онцлов. Эдгээр хэлэлцээ нь уул уурхайн компаниуд цэвэр эрчим хүчний шилжилттэй уялдуулан хөрөнгө оруулалтын багцаа шинэчлэх явцад олон жилийн турш үргэлжилж буй нэгтгэл, худалдан авалтын давлагааны ердөө л нэг хэсэг.

Өнгөрсөн жил Rio нь АНУ-д бүртгэлтэй литийн үйлдвэрлэгч Arcadium-ийг 6.7 тэрбум ам.доллараар худалдан авах хэлцэл хийсэн ба төмрийн хүдэр үйлдвэрлэлээс өндөр чанартай, бага нүүрстөрөгчийн түүхий эд боловсруулах чиглэлд шилжихийг зорьж байгаа. Мөн Glencore өнгөрсөн жил Teck Resources-ийн гангийн нүүрсний нэгжийг 6.9 тэрбум ам.доллараар худалдан авчээ.

Эх сурвалж: Reuters

Т.БАТСҮРЭН

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen