Үе үе Ерөнхийлөгчөөс илгээдэг Элсний 13 намдаа л гай болдог...

Үе үе Ерөнхийлөгчөөс илгээдэг Элсний 13 намдаа л гай болдог...

 

Дээр үед Элсний 13 гэж Оросын уран сайхны кино гардаг байсан. Элсэн цөлийг туулж яваа 13 хүнтэй цэргийн жижиг отряд баянбүрдэд хүрнэ. Тэндээс пулемёт олно. Гол нь устай болдог. Гэтэл нь: Ус хайсан басмачуудын том отряд тэднийг бүсэлнэ. Отряд хэл хүргэх холбоочин амжиж явуулна. Ингээд хүч тэнцвэргүй тулалдаан эхэлдэг. Эцсээ хүртэл байлдсан 13 цэргээс ердөө ганц нь амьд үлддэг. Кино эмгэнэлтэй төгсдөг.

Харин Монголын улс төрд: Олны өөдөөс сөрсөн цөөхөн, гэхдээ намаасаа урваж нам дамнаж төр сүйтгэдэг хэдэн хүн гэж ойлгогддог, "Элсний 13" гэгдэж улс төрийн акц хийдэг 13 хүн үе үе гарч ирдэг.

Анх Элсний 13 Ардчилсан холбоо эвсэл 50 суудалтай байсан 96-2000 онд мэндэлж байлаа. Тэр хугацаанд эвслийн дөрвөн Засгийн газар огцорсноороо эдүгээ рекордоо эвдүүлээгүй байгаа. Чухамхүү тэр үед 98 оны 7 дугаар сард эвслийн хоёр дахь Засгийн газар буюу Ц.Элбэгдоржийн Засгийн газар намынхаа 13 хүний дэмжлэгтэйгээр огцорч байв. Начир нь: Эвслийн 50 гишүүний 13 нь МАХН-тай санал нэгдэж, урваснаар огцорсон. Тэгэхэд Ерөнхийлөгч Н.Багабанди, МАХН-ын дарга Н.Энхбаяр байсан.

Тэрний дараа 2007 онд МАХН-аас Элсний 13 төрсөн. Тэд Ерөнхий сайд, МАХН-ын дарга М.Энхболдыг чиглэсэн. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагва саявтар “Зааг” хэмээх дурсамж номондоо: Миний хувьд, тодорхой нэг саналаар бусад нөхөдтэйгөө санаа нийлэхгүй байгаагаа илэрхийлж байв. Тэр бол: Сонгуулийн хугацаа дөхсөн, намын нэр хүнд ихэд унасан учир юуны өмнө Ерөнхий сайд, намын даргын албыг түр салгая. Ерөнхий сайд М.Энхболд Засгийн газрынхаа ажлыг хийг. Харин намын даргаа өгч, орондоо өөр хүн томилуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байсан юм. Засгийн газрын ажил ид ундарч байхад Ерөнхий сайд намынхаа ажлыг хийж амжихгүй. Сонгуулийн өмнө МАХН-ын XXV их хурлыг хуралдуулж, намын бодлого, үйл ажиллагаа, боловсон хүчний томилгоонд шинэтгэл хийж, намын дарга нь түүндээ анхаараг. Засгийн газраа М.Энхболд толгойлоод яваг гэсэн бидний дэвшүүлсэн санал, байр суурийг намын төлөөлөгчдийн олонх нь дэмжээгүй юм гэж бичиж үлдээж. МАХН-ын Элсний 13-ын талаар 2007 оны 12 дугаар сарын 10-нд эдүгээ УИХ-ын гишүүн болсон сэтгүүлч Л.Мөнхбаясгалан: МАХН-ын парламент дахь Элсний 13 гишүүнээс Д.Тэрбишдагва, Д.Арвин, Ц.Шаравдорж, Т.Ганди нар Ч.Улаан гишүүний өрөөнд нууцаар хуралдаж байгаад хэвлэлийнхэнд баригдсан яг тэр орой экс Ерөнхийлөгч эдүгээгийн Ерөнхийлөгчийнхөө эсрэг хатуухан үг чулуудав. Ингэснээрээ Н.Багабанди намын дарга бөгөөд Ерөнхий сайд М.Энхболдыг хаацайлж байгаа хэрэг л дээ. Мөнөөхөн 13 нь шинэчлэлийн төлөө намын дарга, Ерөнхий сайдаа сөрж дуугарч байгаа мэт харагдавч тэдний ард Н.Энхбаяр инээмсэглэн сууж байгааг мартаж яахин болох гэж бичиж байж. Тэр Элсний 13-ын үйл ажиллагааны дүнд М.Энхболд байсан бүхнээсээ салж, С.Баяр орыг нь эзэлсэн.

Эдүгээ АН-д Элсний 13-тай боллоо. Тэр бөгөөс: УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Ж.Батсуурь, О.Амгаланбаатар, Ц.Баатархүү, П.Батчимэг, Д.Ганбат, Ж.Баярмаа, Д.Энхтуяа П.Мөнхтулга, С.Одонтуяа, Р.Сэддорж, Р.Эрдэнэбүрэн, Д.Жаргалсайхан нараас бүрдэж байна. Уул нь: АН арай л гэж сөрөг хүчний байр дээрээ ирж, ард нийтийн анхаарлыг татаж, итгэлийг олохын гараан дээр ирсэн. Гэтэл нь эд нар: АН-ынхаа эдүгээгийн удирдлагыг хүчтэй шүүмжилж эхэлсэн. Мөнхүү: Ерөнхийлөгчөөс санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг дэмжиж байна. Энэ байдлаар Элсний 13 гэдгээ илэрхийлж байгаа.

Гол нь: Эдгээр 13 гишүүн АН-ынхаа удирдлагад тааруу хандах, Ерөнхийлөгчид таатай байх тодорхой шалтаг шалтгаануудтай байгаад начир нь оршиж буй. Эхнээс нь харвал:

О.Амгаланбаатар Говь-Алтайнх. Гурван давхраас салдаггүй. АТГ хавиар ч нөлөөтэй. Намынхан нь. Амгаагаас айж явсан нь дээр гэдэг. Тэрүүгээрээ ойлгомжтой. П.Батчимэг бол АПУ-г эзэмшдэг хүмүүсийн нэг. Тэр басхүү хоёр цэргээ энд чирж яваа. Элсний 13-ын Б.Түвшин, Д.Энхтуяа нар АПУ фракцынх. Ц.Баатархүү бол Хэнтийнх. Нутаг усаараа налчихсан. Энүүгээр тэрүүгээрх уулзалт, үдэшлэг дээр сөн хавьд сууж л байдаг гэж сонсдоод удсан. Ж.Батсуурь Сүхбаатарынх. Басхүү АТГ-аас уяатай л хүн. 24 оны 4 дүгээр сард: Сүхбаатар-89 нэртэй клубт тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, ИТХ-ын дарга Д.Хосбаяр тэргүүтэн ТУЗ-д нь ажилладаг бөгөөд үүгээр дамжуулан Сүхбаатар аймгийн удирдлага УИХ-ын гишүүн Ж.Батсуурьт давуу байдал олгож, хамаарал бүхий хүмүүсийнх нь нэр дээр үл хөдлөх хөрөнгө бариулсан нь тодорхой болсон байж болзошгүй байна гэсэн мэдээлэл цацагдсан. Р.Эрдэнэбүрэн, Ж.Баярмаа хоёр бол эдүгээгийн Ерөнхийлөгчийн маш ойрын хүний фракцынх. Улс төрийн хүрээлэлд мэдэхгүй хүн ховор. Р.Сэддорж бол 22 онд нүүрсний хулгайд холбогдсон 17 албан тушаалтны нэг болж АТГ-аар зарлуулж байсан хүн. Д.Ганбат 20 оны сонгуулиар бүрдсэн УИХ-д байхдаа бас нэг бүлгийнх нь дарга болж будилуулж явсан. Тэрнээс болж 23 онд нөгөө бүлгийнхээ дарга О.Цогтгэрэлтэй зодолдож цагдаа дээр хэрэг үүсгүүлээд 24 онд нэр дэвших эрхгүй болчих шахсан. Гэвчиг мань хүн ядах нь ээ Бүлгийн даргаа баталж, албан ёсны болгочих хүсэлтэй. Б.Пүрэвдорж 21 оны 4 дүгээр сард АТГ-т шалгуулж явсан. АТГ-ын мөрдөгчид Ховд аймагт ажиллан, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн хамаарал бүхий “Баруун монгол интернэйшнл” болон “Жинст транс” компанид нэгжлэг хийж, санхүүгийн бичиг баримтуудыг нь хураан авсан. Дээрх компаниуд нь Засгийн газрын тусгай сангийн хууль зөрчиж, Мал хамгаалах сангаас нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр их хэмжээний зээл авсан байх магадлалтай талаар зарим хэвлэл мэдээлсэн. Д.Жаргалсайхан бол Х.Баттулгын л хүн. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийг удирдаад Хөдөлмөрийн баатар болсон. Гэвчиг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, төрсөн эгчийнхээ компаниар гүүрний ажил гүйцэтгүүлсэн, оффтейк гэрээтэй холбоотой асуудлаар АТГ-т шалгуулж байсан гэдэг юм. С.Одонтуяагийн нөхөр Г.Өлзийбүрэн эдүгээ чөлөөлөгдчихөөгүй бол хэдхээн сарын Ерөнхий сайдын зөвлөх байсан. Тэгэхлээр хэнийг дагах нь ойлгомжтой.

Гол нь: Эд нарын улс төрийн зорилго болоод эдүгээ хийж байгаа улс төрийн үйл ажиллагааны явцыг ажихул: УИХ-д байгаа бүлгээ сарниулж, тэрүүгээр дамжиж АН-даа нөлөө олж аван, тэрнийхээ ард 27 онд МАН-д унаж өгөх хүнийг Ерөнхийлөгчид дэвшүүлэхээр зорьж буй. Хэрэвзээ: 27 онд АН ялагдвал АН-ын дарга О.Цогтгэрэл хариуцлага хүлээж огцорно. Орыг нь Элсний 13-ын нэг нь эзэлнэ. Эсхүл эзнээс даргыг нь илгээнэ. Элсний 13-аас ч бай, дээрээс ирсэн ч бай АН-ын дарга тэднийх болоход, тэгээд 28 онд ялж чадахул тэд нарын бүх хүсэл биелнэ. Уулаасаа улстөрчдийн мөнхийн зорилго нь сонгуульд ялах байдаг хойно. Тиймийн учраас л Ерөнхийлөгчөөс үе үе аль нэг намд Элсний 13-ыг илгээдэг. Тэрхүү Элсний 13 нь намдаа л гай болдог. 98 онд АН-ын Элсний 13 урваад Эвслийн 2 дахь Засгийн газрыг огцруулсан. 2000 онд АН газар гудартал ялагдсан. 2007 онд МАХН-ын Элсний 13 М.Энхболдоо унагасан. 8 онд олонх болж чадаагүй. Эдүгээ энэхүү Элсний 13 энэ чигээрээ зөрүү буруу улс төрөө үргэлжлүүлээд байвал АН-ын мөрөөдөөд байгаа 27, 28 оны ялалтууд будаа болно. Уул нь: Эдүгээ 98 он биш, 2007 он биш, дэмий л байгаа юм даа эднүүс…

Ө.Билэг

ӨДРИЙН СОНИН 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen