Гал зогсоох хугацаанд Ормузын хоолойг нээнэ

Гал зогсоох хугацаанд Ормузын хоолойг нээнэ

 

МОСКВА, 2026 оны дөрөвдүгээр сарын 8 /RIA Novosti/. Гал зогсоох хугацаанд техникийн хязгаарлалтыг харгалзан Ормузын хоолойг хоёр долоо хоног нээнэ гэж Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи X нийгмийн сүлжээнд мэдэгджээ. 

 

“Хоёр долоо хоногийн хугацаанд Ираны Зэвсэгт хүчинтэй хамтран зохицуулалт хийж, техникийн хязгаарлалтыг харгалзан үзсэний үндсэн дээр Ормузын хоолойгоор аюулгүй нэвтрэх боломжийг нээнэ” гэж тэрбээр бичсэн байна. 

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өмнө нь АНУ, Ираны хооронд хоёр долоо хоногийн хугацаанд гал зогсоохоор тохиролцсон гэж мэдэгджээ. Түүний хэлснээр, АНУ-ын тал Иранаас 10 зүйл бүхий санал хүлээн авсан бөгөөд үүнийг хэлэлцээ хийхэд тохиромжтой үндэслэл гэж үзэж байгаа аж.  Ираны Үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөл үүний дараа АНУ-тай хийсэн дайнд ялалт байгуулсан гэж зарлаж, АНУ Ираны 10 заалттай саналыг хүлээн авсан гэдгийг мэдэгджээ.

 

Тус зөвлөлийн мэдээлснээр, АНУ Ормузын хоолойн хяналтыг Иранд үлдээх, нөхөн төлбөр олгох, хоригийг цуцалж ураны баяжуулалтыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөх, Ойрх Дорнодын бүсээс цэргээ татахыг зөвшөөрсөн байна.

 

АНУ-тай хийх хэлэлцээ дөрөвдүгээр сарын 10-ны баасан гарагт Пакистаны нийслэл Исламабад хотод эхэлнэ. Ираны тал хэлэлцээг хоёр долоо хоногийн хугацаанд багтаан хийхээр товлосон бөгөөд энэ хугацаанд гал зогсоох тохиролцоо үйлчилнэ. АНУ-тай хийж буй хэлэлцээ нь тус улстай хийж буй дайны төгсгөл биш болохыг тус зөвлөл онцолсон байна.

 

 

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen