Умайн хүзүүний хавдраас урьдчилан сэргийлэх сарын аяныг эхлүүллээ
ЭМЯ, ХСҮТ зэрэг холбогдох байгууллагынхан жил бүрийн нэгдүгээр сарын туршид умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг иргэд, олон нийтэд хүргэдэг уламжлалтай. Уг аяныг өдгөө эхлүүлээд буй юм. Тогтмол бус, эсвэл цэвэршилтийн дараа цус алдах, ялгадасны хэмжээ ихсэх зэрэг нь өмөнгийн шинж тэмдэг байж болзошгүй тул эмчид хандаж, шалтгааныг заавал тодруулах нь зүйтэйг албаныхан зөвлөлөө. Учир нь манай улсад умайн хүзүүний хорт хавдын шинэ тохиолдол өдөр бүр бүртгэгдэж, хоёр хоног тутамд нэг хүн нас барсаар байгаа.
Дэлхийн хэмжээнд жил бүр уг өвчний улмаас 350 мянган хүн нас бардаг бол Монголд эмэгтэйчүүдэд зонхилон тохиолддог хавдрын II-т, нас баралтын V-т умайн хүзүүнийх бичигдэж байна. Хавдар олон янзаар үүсэж болох ч 90 хувь нь хүний папиллома вирус (ХПВ)- ний шалтгаантайг олон улсад хэдийн судалж тогтоосон билээ. ДЭМБ-аас 90:70:90 зорилт дэвшүүлэн, 2030 он гэхэд 15 хүртэлх насны охидын 90 хувийг уг вирусний эсрэг вакцинд хамруулах, эмэгтэйчүүдийн 70 хувийг илрүүлэгт орсон, оношлогдсон нийт тохиолдлын 90 хувийг эмчилсэн байхыг улс орнуудад уриалаад буй. Иймд манай улс ХПВ-ний эсрэг вакциныг Дархлаажуулалтын тухай хуулийн дагуу үндэсний товлолдоо оруулан, 2024 оны арваннэгдүгээр сараас вакцинжуулалтыг улс орон даяар эхлүүлсэн. Уг ажлын хүрээнд зорилтот буюу 11 насны 78 000 орчим хүүхдийг вакцинд хамруулах бөгөөд явц нь 90 гаруй хувьтай үргэлжилж буй гэнэ.
ХПВ-ний 200 орчим хэв шинж байдгаас 50 гаруй нь бэлгийн замаар, эхээс хүүхдэд, ахуйн хавьтлаар дамжин халдварладаг. Үүний дотор хавдар үүсгэх өндөр эрсдэлт хэв шинж нь 16, 18, 33, 45, 51, 52, 56 гэдгийг ХСҮТ-ийнхөн хэлсэн. Тиймээс эдгээр хэв шинжээс сэргийлэх дөрвөн цэнт вакциныг энэхүү сарын аяны хүрээнд эрчимжүүлэн, дархлаажуулалтаас хоцорсон 11 болон 12-15, 15-аас дээш насныханд сайн дураар хүйс харгалзахгүйгээр хийж байгаа аж. Ташрамд, дэлхийн 75 улсад өдгөө уг вакциныг хүйс харгалзахгүй хийж буй юм байна.
О.Оргилох
https://www.unuudur.mn/a/279736



