ЦАГААН ХАДНЫ ХЯНАЛТЫН БҮСИЙГ БУУЛГАСАН НЬ ЭДИЙН ЗАСГИЙН АЛДАГДАЛТАЙ ЮУ

ЦАГААН ХАДНЫ ХЯНАЛТЫН БҮСИЙГ БУУЛГАСАН НЬ ЭДИЙН ЗАСГИЙН АЛДАГДАЛТАЙ ЮУ

 

Засгийн газраас Өмнөговь аймгийн Гашуунсухайтын боомтоос 23 км зайтай орших Цагаан хадны гаалийн хяналтын бүсийг хаах шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэртэй зэрэгцүүлэн Эрдэнэс-Тавантолгойн нүүрсний уурхайг түшиглэн Гаалийн хяналтын бүс байгуулах тооцоо, судалгааг нарийвчлан хийх үүргийг  асуудал хариуцсан Сайд нарт Засгийн газрын зүгээс өгчээ.


Уул уурхайн компаниуд Цогтцэций сум дахь Тавантолгойн уурхайгаас нүүрс тээвэрлэж, Ханбогд сумын нутагт байрлах Цагаан хадны Гаалийн хяналтын бүсэд гаалийн бүрдүүлэлт хийлгэн экспортолдог байсан юм. Сум дамнасан энэ тээвэрлэлтээс үүдсэн бэлчээр талхдалт, их хэмжээний тоосжилт, хөрс бохирдолт зэрэг  байгаль орчин, оршин суугчдад маш их сөрөг нөлөөтэй хэмээн үзээд байж.Тиймээс, БОНХЯ Цагаан хадны гаалийн хяналтын талбайн үйл ажиллагааны улмаас байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг тогтоох, нөхөн сэргээх зардлыг  тооцох ажлыг эхлүүлээд байна.

Гэвч нөгөө талаас тус газарт үйл ажиллагаа эрхэлж байсан хувь хүн, аж ахуйн нэгж, зарим нэг байгууллагууд Засгийн газрын энэхүү шийдвэрийг эсэргүүцэж буйгаа илэрхийлээд байна. Тэд энэ асуудлаар өчигдөр мэдээлэл хийж, энэхүү хяналтын бүсийг буулгасан нь эдийн засгийн хувьд асар их алдагдалтай болохыг онцоллоо. Тэд дараах хүсэлтийг  Засгийн газар болоод холбогдох байгууллагуудад хүргүүлжээ. 

Хүсэлт:

Цагаан хадны боомтын хөгжлийг зогсоож, Хятад улсын Ганц модны хөгжлийг дэмжсэн шийдвэр нь хэнд ашигтай вэ?
-Таван толгойд Гаалийн хяналтын бүс байгуулж, Цагаан хадыг хаах Засгийн газрын шийдвэрийг аж ахуйн нэгжүүд эсэргүүцэж байна.Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хад дахь Гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагаа явуулдаг компаниудын зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчид энэ сарын 6-нд хүсэлт хүргүүлжээ. Таван заалт бүхий уг хүсэлтэд "Шинэчлэлийн Засгийн газар жирийн бизнес эрхлэгч, татвар төлөгч, ажил олгогч аж ахуйн нэгжүүдийнхээ үйл ажиллагааг хумих биш, өнөөдрийн олсон ололт, хүрсэн түвшнээ улам сайжруулан, бизнес эрхлэгчидтэйгээ нягт хамтран ажиллах нь зүйтэй баймаар байгааг дурьдаж Цагаан хаданд үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд санал нэгтэйгээр Таван толгойд Гаалийн хяналтын бүс байгуулах Засгийн газрын шийдвэрийг эрс эсэргүүцэж байна” гэдгээ илэрхийлжээ.

Түүнчлэн Ханбогд сумын Цагаан хад дахь Гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий нүүрс дамжуулан буулгах аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоож, Гүний гаалийг Таван толгойд байгуулснаар дараах сөрөг үр дагавар гарна гэж үзэж буй юм.

1.    "Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн Гүний гаалийг Цогт Цэцийд байгуулснаар нүүрсний тээвэр эрхлэх үйл ажиллагааны 50 хувийг БНХАУ-ын тал гүйцэтгэхээр "Эрдэнэс таван толгой” ХК нь Хятадын талтай тохиролцсон байна. Ийм нөхцөл байдал үүссэнээр нүүрсний тээвэр эрхлэх манай аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа үндсэндээ зогсох болно.Үндэсний аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа зогссоноор улсын төсвийн орлого, орон нутагт орох татаас болон тээвэр, нүүрсийг дагаж амьдралаа залгуулдаг олон мянган иргэн орлогогүй болно. Хэрэв шууд Таван толгойд байрлах Гүний гаалиас БНХАУ-ын Ганц мод боомтод нүүрс буулгавал тээвэрлэлтэд гарах бүх зардлыг Монголын тал хариуцахаар болж байна. Ингэснээр Ерөнхий сайдын яриад байгаа хэмнэлт гарах биш, харин ч эсрэгээр тээврийн зардалд гардаг байсан мөнгө монголын аж ахуйн нэгжүүдэд үлдэх биш 50 хувь нь хятадын тээврийн компаниудад очиж тэдний тээврийн компаниудыг дэмжсэн бодлого болж хувираад байна.

2.    Нутгийн гүнд буюу Монгол Улсын хилээс 225 км-т Гүний гааль байгуулах нь Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхөөр байна. Ингэснээр тээвэрлэлтэд тавих хяналт бүрэн алдагдана.Хэрэв Монгол Улсын хил 225 км ухран хилийн хяналтын бүсийг бүрэн хяналтдаа байлгахад хүрвэл эдийн засаг хүнд хэцүү байгаа энэ үед багагүй хөрөнгө, хүч, цаг хугацаа зарцуулна. Эдийн засгийн хэмнэлт гарахгүй, нүүрснээс олох ашиг ч нэмэгдэхгүй. Үүнээс гадна БНХАУ-ын аж ахуйн нэгж, иргэд олноор нутгийн гүнд ажилласнаар нутгийн иргэдийн амгалан тайван байдал, аюулгүй байдлыг хангахад ихээхэн хүндрэл учруулахыг үгүйсгэхгүй.

3.    Цагаан хадын нүүрс дамжуулан буулгах үйл ажиллагааг зогсоосноор байгаль орчны асуудал бүрэн шийдвэрлэгдэхгүй. Монгол Улсын хилийн цаана орших БНХАУ-ын Ганц мод боомтод нүүрс буусаар л байх ба Ганц мод боомт орчин үеийн хот болон сүндэрлэсээр л байх болно.Иймд одоогийн байгаа Цагаан хад дахь нүүрс буулгах үйл ажиллагааг улам сайжруулах, байгальд ээлтэй дэвшилтэт технологи ашиглах, байгаль орчноо хамгаалах, Цагаан хадыг орчин үеийн боомт хот болгоход бид өөрсдийн бололцоогоо дайчлан Засгийн газар, орон нутгийн засаг захиргаатай нягт хамтран ажиллахад бэлэн байна.

4.    Өнөөдөр Монгол Улсын стратегийн орд Таван толгойг ашиглахад төрийн сайн менежмент хэрэгтэй байна. Олсон амжилтаа үгүйсгэх бус, Цогтцэций, Баян-Овоо, Хан-Богд сумын нутаг дэвсгэрийг хамарсан орчин үеийн технологийн шаардлагад нийцсэн авто зам барих нь ус, агаар мэт хэрэгтэй байна.

5.    Цагаан хаданд ажиллаж байгаа үндэсний аж ахуйн нэгжүүд нь Гаалийн хяналтын бүс байгуулахын тулд 2-5 тэрбум төгрөг зарцуулсан. Иймд энэ газар үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоож, татан буулгасан тохиолдолд үндэсний 100 гаруй аж ахуйн нэгжид багагүй хохирол учирна. Түүнчлэн тэнд ажиллаж, амьдарч байгаа 10 000 орчим иргэн ажлын байр, олох орлогогүй болох юм. Энэ нь ажлын байрыг нэмэгдүүлэх төр, засгийн бодлогод эсрэгээр нөлөөлж байна” гэжээ.

Хүсэлт хүргүүлсэн эдгээр аж ахуйн нэгжүүд нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хад дахь Гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авч, хуулийн хүрээнд ажиллаж байгаа үндэсний аж ахуйн нэгжүүд юм.Улс орныхоо хөгжлийн алс ирээдүйг харан  Цагаан хадыг  БНХАУ-ын Тэнжин, Чинхондоо шиг эдийн засгийн чөлөөт бүс болгон нүүрс, түүхий эдийн чөлөөт зах зээлийг нээж ажиллуулбал хятад, Солонгос, Япон,Энэтхэг гэх мэт улс орнуудын хэрэглэгч нар ирж түүхий эдээ авдаг болох нь манай улс эх оронд маань ашиг тусаа өгөх нь зайлшгүй гэж үзэж байна.

Ямартай ч иргэд ААН-үүд дээрх хүсэлтийг хүргүүлээд байгаа. Харин тэдний хүсэлтийг хүлээн авч Засгийн газар гаргасан шийдвэрээ эргэн харах эсэхийг харах л үлдэж байна.
Б.Сансар
olloo.mn
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen