"Сонсгол" гэх улс төрийн шинэ хонгил бий болсон уу!

"Сонсгол" гэх улс төрийн шинэ хонгил бий болсон уу!

 

Монгол Улсын хууль, УИХ-аас батлан гаргасан бусад шийдвэрийг биелүүлэх үйл ажиллагаанд хяналт тавих зорилгоор УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулийг 2021 оны арванхоёрдугаар сард батлан гаргасан билээ. Уг хуулийн 25 дугаар зүйлд УИХ-ын хяналтын сонсголоор хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсгол, төсвийн хяналтын сонсгол, ерөнхий хяналтын сонсгол, нэр дэвшигчийн сонсголыг тус тус хийхээр заасан.

Хуулийн дагуу өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаагийн сонсгол болж өнгөрлөө. Ямарч гэсэн тухайн асуудлаар иргэд, сонгогчид тодорхой хэмжээний мэдээлэл авч байгаа нь сайшаалтай ч сүүлийн үед олон нийтийн анхааралд өртсөн Хөгжлийн банкны болон нүүрсний асуудлаар хийсэн сонсголын үр дүнд сэтгэл дундуур байна.

 

Сүр дуулиантай эхэлж, олон өдөр болсон сонсголд тухайн асуудалд холбогдсон гол этгээдүүд оролцохгүй бултаж, шаварт унасан шарын эзэн гэгчээр хэдэн муусайн албан хаагчид нь УИХ-ын гишүүдийн өмнө нүд нь бүлтэлзэн байцаагдахдаа “Би ерөөсөө мэдэхгүй, би жирийн л нэг гүйцэтгэх ажилтан байсан” гэх нь холгүй булзаж, хамаг лай ланчигээ “Эзэн этгээд” рүүгээ чихнэ. Зарим “Эзэн этгээд”-үүд нь ирэхээрээ УИХ-ын гишүүдийг хөл толгойгүй загнаж, зааварлаж, “Чамайг бодвол би наад суудал дээр чинь өчнөөн жил болсон. Асуудлаа мэдэхгүй байж, намайг байцаадаг чи хэн бэ” гэх нь холгүй ааш авир гаргаж байсан. Байгаа хэдийг нь байцаасан болоод Түр хорооны гишүүд тогтоолын төслөө боловсруулж УИХ-ын даргад өргөн барьсан. Харамсалтай нь, УИХ-ын чуулган хаалттай хуралдаж асуудлыг олон нийтээс хагас нуулаа. Удалгүй болсон шүүхийн анхан шатны хуралдаан мөн л сүр эхэлсэн ч хэрэгт холбогдсон этгээдүүдийн талаас илүүг нь суллан тавьж, өнөөх л “нунж дорой” хэдэд “цөөн төгрөг”-ийн торгууль, “цөөн жил”-ийн ял өгөөд өнгөрөв. Анх шүүх хурал эхлэхэд индэрийн ширээн дээрээс сүр бараагаа үзүүлж байсан эрхэм шүүгчид маань “Бүгд Найрамдах...” уншихдаа бүүр нурмайж, арай ядан хэдэн хүний нэр уншсан болсон нь цаанаа л нэг айдастай. Аргагүй л улс эх орныг цөлмөсөн том асуудалд улнаасаа оройдоо хүртэл холбогдчихсон юм болохоор “Эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй” гэж шийдвэрлэсэн нь илт.

 

Саяхан бас давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарч үлдэж хоцорсон цөөн хэдэн ялтануудын “маань” бараг хагасыг нь шахуу суллах юм сонсогдов. Ингэж ингэж “Үүдний манаач шоронд оров” гэгч л болох вий дээ. Хэрэв ингэх байсан юм бол цаг, нараа барж, бөөн шалгалт, шүүлэг хийх хэрэг байсан ч юм уу, үгүй ч юм уу. Цаад учир нь юу юм бол.

Одоо бас болоогүй энэ хаврын чуулганаар Ногоон автобус, Эмийн хяналт, Нийслэлийн газар олголт гэх мэт гурав, дөрвөн сонсгол хийх сонсогдож байна. Эхнийх нь сонсголын үр дүн гараагүй байхад дараагийн сонсгол хийх гээд овооролдуулаад байгаагийн шалтгаан юу вэ. УИХ-ын сонгууль болоход хэдхэн сар дутуу байхад яаруу түргэн энэ олон сонсголыг төлөвлөдөг нь ирэх сонгуульд нэр дэвшихээр улайрч байгаа хүний өөрийн олон горилогчдыг эртхэн шиг яль, шалгүй шалтгаанаар зайлуулах гэсэн арга чарга л болов уу. Ямар ч гэсэн УИХ-ын хяналтын сонсгол гэгч маань сүүлдээ улс төрийн өрсөлдөгчдөө намнадаг шинэ төрлийн “Хонгил” болчихвий дээ.

Өглөөний сонин 
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen