АТГ өөрөө өөрийгөө шалгах ёстой болж таарлаа, чааваас...

АТГ өөрөө өөрийгөө шалгах ёстой болж таарлаа, чааваас...

 

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдол хариуцсан орлогч О.Номинчимэг өчигдөр Төв Цэнгэлдэхийн өмчийн маргааны асуудлыг АТГ-т шалгуулах хүсэлт гаргасан билээ. Хүсэлтийн агуулга нь “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн бүртгэлийн асуудал болон Нийслэлийн үе үеийн Засаг дарга нар болон “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн удирдлагууд 2005 оноос хойш тус орчмын газрыг бусдад эзэмшүүлж, 29 аж ахуйн нэгжид олгосон явдал байв.

Уг хүсэлтийн хариу үнэн зөвөөр шийдэгдэх эсэх нь туйлын эргэлзээтэй. Учир нь хамгийн инээдтэй нь Төв Цэнгэлдэхийн газрыг эзэмшиж, орон сууц, обьект барьсан, бариулсан 29 хуулийн этгээдийн нэг нь Авилгатай Тэмцэх Газар өөрөө шүү дээ.

Тодруулбал Нийслэлийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/561 дүгээр захирамжаар “Зүүн тариа” ХХК-нд Биеийн тамир, спорт зориулалтаар 891 ам метр газрыг шилжүүлснийг Нийслэлийн Засаг даргын 2017-А/741 захирамжаар Биеийн тамир, спорт зориулалтыг Контор болгон өөрчилж, газрын талбайн хэмжээг 610 ам метр болгон өөрчилсөн байна. Нийслэлийн Засаг даргын 2021-А/67 захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/139 дүгээр захирамжаар Авлигатай тэмцэх газарт 850 ам метр газрыг эзэмших эрх олгосон байдаг.

Уг газарт АТГ ажилчдынхаа орон сууц болох 16 давхар байрыг Стадион Оргилын 10-р байр нэрээр барьсан юм.

Өөрөөр хэлбэл Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдол хариуцсан орлогч О.Номинчимэгийн хүсэлт ёсоор бол АТГ өөрөө өөрийгөө шалгах ёстой болж таарлаа, чааваас.

 

М.Оргил

sonin.mn

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen