Монголчууд хэр жаргалтай вэ?

Монголчууд хэр жаргалтай вэ?

 

Жил бүрийн гуравдугаар сарын 20-ныг Дэлхийн аз жаргалын өдөр болгон тэмдэглэхээр НҮБ-аас албан ёсоор зарласан байдаг. Тэгвэл аз жаргал гэж юу вэ. Энэ өдрийг яагаад тэмдэглэх ёстой вэ.

2011 онд НҮБ-аас энэхүү шийдвэрийг гаргахдаа “Аз жаргал, сайн сайхан байдал нь дэлхий дээрх хүн төрөлхтний амьдралын нийтлэг зорилго, хүсэл эрмэлзэл гэдэгт итгэдэг” хэмээн тодорхойлж Ерөнхий ассамблейн хурлаар батламжилжээ. Энэ жилийн аз жаргалын өдрөөр “Дэлхийн улс орнуудын аз жаргалын нэгдсэн тайлан-2024”- олон нийтэд танилцууллаа. 


Аз жаргалын индексийн хамгийн гол үзүүлэлт болох дэлхийн хүн амын амьдралын чанарыг сүүлийн гурван жилийн дундаж үнэлгээнд үндэслэн эрэмбэлдэг. Тухайлбал, тухайн улс орны эдийн засаг, ДНБ, дундаж наслалт, эрх чөлөөний үнэлэмж, нийгмийн асуудлууд, авлигын нөхцөл байдал зэрэг олон зүйлийг харгалзан нийгмийн болон салбар дундын мэргэжилтнүүдийн үнэлгээн дээр тулгуурлан гаргадаг. Мөн энэхүү тайланг гаргахдаа 140 гаруй улс орон бүрээс нас насны төлөөллүүдээс судалгаа авч, амьдралын чанар, аз жаргалаа хэрхэн үнэлж байгаа зэргийг тодорхой асуулгуудаар нэгтгэн гаргадаг. 


Дэлхийн аз жаргалын тайланг  өмнө нь НҮБ-ын дэргэдэх Тогтвортой хөгжлийн шийдлийн сүлжээнээс эрхлэн гаргадаг байсан бол энэ жилээс эхлэн Оксфордын их сургуулийн Сайн сайхан аж байдлын судалгааны төв хамтран ажиллах болсон байна. Энэхүү тайланд Gallup World Poll-ийн мэдээллийг голчлон ашигладаг бөгөөд worldhappinessday.report цахим хуудаст олон нийтэд нээлттэйгээр байршуулдаг аж. 
Өнөө жилийн тайланг Ковидын дараах буюу 2021-2023 оны мэдээлэлд тулгуурлан гаргасан бөгөөд хамгийн гол онцлог нь нас насны хүмүүсийн аз жаргалын үзүүлэлтийг тусгайлан авч үзсэн учир хэд хэдэн өөр төрлийн жагсаалтууд гарчээ. Тухайлбал, залуучууд буюу 30-аас доош насныхан, дундаж насныхан, ахимаг насныхан, ахмад үе зэргээр  амьдралын аль мөчлөгт хүн ямар аз жаргалтай байгаа, нийгмийн үе хоорондын аз жаргалыг үнэлэх үнэлэмж, ялгаа болон ямар улсад амьдралын чанар сайн, аз жаргалын индекс өндөр байгааг харьцуулан харах боломжтойгоороо онцлогтой.

 

 

Финланд долоо дахь удаагаа тэргүүлэв

Шинэхэн зарласан тайлангаас харахад Финланд улс долоо дахь удаагаа Аз жаргалын индексийг  тэргүүлсэн бөгөөд тэдний араас Дани, Норвеги зэрэг Скандинавын улс орнууд уламжлал ёсоор эхний байруудад төвөггүй жагсжээ. 
Энэ жилийн хамгийн том өөрчлөлт нь эхний 20 улс орны шинэчлэгдсэн жагсаалт байлаа. 
Тухайлбал, Коста Рика, Кувейт улсууд 12, 13 дугаарт жагссан бол эхний 10 байр харьцангуй тогтвортой хэвээр байжээ. 
Эхний 10-т багтсан улс орнуудыг харьцуулахад Австрали, Нидерландаас бусад нь 15 саяас бага хүн амтай бол бол эхний 20-д багтсан Канад, Их Британи 30 саяас дээш хүн амтай.
Хүүхэд, өсвөр үеийнхний аз жаргалын тухайд дэлхийн хэмжээнд 15-24 насны залуучууд өндөр настнуудаас илүү амьдралын сэтгэл ханамжтай байдаг гэсэн судалгаа бий. Тэгвэл Европт энэ ялгаа багасч эхэлсэн бол Хойд Америкт эрс өөрчлөгджээ. 2019 оноос хойш Хойд Америк, Баруун Европ, Ойрхи Дорнод, Хойд Африк, Өмнөд Азид 15-24 насны залуучуудын сайн сайхан байдал буурч, харин дэлхийн бусад орнуудад өссөн байна. Мөн  дэлхий нийтээр 15-аас доош насны хүүхдүүдийн сайн сайхан байдлын талаархи мэдээлэл харьцангуй бага судлагдсан болохыг судлаачид онцолжээ. 
Монголд залуучуудаас илүү ахмадууд аз жаргалыг мэдэрдэг үү?
Манай улсын хувьд энэхүү жагсаалтад ерөнхий дүнгээр буюу  бүх насныхны үнэлгээгээр 77 дугаарт багтсан байна. Харин 30-аас доош насныхны хувьд аз жаргалын жагсаалтад 86 дугаарт жагссан бол 60-аас дээш насныхан харьцангуй аз жаргалын үнэлэмж өндөр, 53 дугаарт бичигджээ. Эндээс харахад, монгол залуучуудын хувьд амьдралдаа сэтгэл хангалуун байдал нь ахмад настнуудаас хамаагүй доор байгаа нь санаа зовнисон асуудал болж байна. Харин ахмад настнуудын хувьд нийгмийн стресс багатай, мөн гэр бүл үр хүүхэдтэйгээ хамт байгаа зэргээр сэтгэл ханамж арай илүү учир аз жаргалаа үнэлэх үнэлэмж нь өндөр байх боломжтой гэсэн гаргалгаа гарч байна. 
АНУ-д 30-аас доош насныхан аз жаргалын үнэлэмж буурчээ
2013 оны судалгаанаас хойш Серби болон Болгар улсуудад дундаж наслалт эрс нэмэгдсэн нь дээрх улсуудын үнэлгээ дээшлэх томоохон шалтгаан болсон хэмээн мэргэжилтнүүд дүгнэжээ. Харин амьдралын чанар хамгийн их өссөн дараагийн хоёр улс нь болон Конго улсууд юм. Мөн АНУ-ын хувьд 2012 онд Дэлхийн аз жаргалын тайланг анх нийтлүүлснээс хойш анх удаа эхний 20-ийн жагсаалтаас хасагдаж 23 дугаар байрт бичигджээ. Энэ нь 30-аас доош насны америкчуудын сайн сайхан байдал ихээхэн буурсантай холбоотой хэмээн дүгнэсэн байна. 

 

Дани 60 настнуудын аз жаргалын орон 

Литва улс 30-аас доош насны хүүхэд залуучуудын жагсаалтыг тэргүүлж байгаа бол Дани 60-аас дээш насны хүмүүсийн хувьд хамгийн аз жаргалтай улс юм. Мөн Норвеги, Швед, Герман, Франц, Их Британи, Испани зэрэг улсуудад ахмад хүмүүс залуучуудаасаа хамаагүй илүү аз жаргалтай байдаг бол Португал, Грек эсрэгээрээ харагдаж байна.
Нийгмийн үе үеийг харьцуулж үзвэл 1965 оноос өмнө төрсөн хүмүүс 1980-аад оныхноос илүү аз жаргалтай байгаа хэмээн үзэж болохоор дүр зураг байна. 1980-аад оныхон нас ахих тусам амьдралдаа сэтгэл хангалуун байдал нь буурч байгаа бол 1960-аад онд төрсөн Boomers-ийн хувьд эсрэгээрээ, нас ахих тусам амьдралдаа сэтгэл ханамжтай байгаа гэжээ. 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen