Сиднейд КАЗИНО СУДАЛСАН гэх гишүүдийн зөрүүтэй тайлбар

Сиднейд КАЗИНО СУДАЛСАН гэх гишүүдийн зөрүүтэй тайлбар

 

УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн долоо хоногт Австрали улсад болсон Ази, Номхон далайн орнуудын парламентын XXVIII чуулганд УИХ-ын нэр гишүүдийн хамтаар оролцоод ирсэн билээ. Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат нар Сидней хотод казино тоглосон байж болзошгүй мэдээлэл, зураг олон нийтийн сүлжээнд ил болсон юм. Тэгвэл энэхүү асуудалд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат нар тайлбар өглөө.


Д.ЭРДЭНЭБАТ: КАЗИНОД ОРООД ГАРСАН НЬ ҮНЭН 

-УИХ-ын даргатай Австралид болсон Ази, Номхон далайн XXVIII чуулганд оролцоод ирсэн. Энэ үеэр нэр бүхий гишүүдийг казино тоглосон асуудлаар шуугиан, дуулиантай зүйл болж байх шиг байна. Товч, тодорхой тайлбар өгөх нь зөв байх. Сиднейд анх удаа очсон. Энэ үеэр хөтөлбөрийн хүрээнд нэг өдрийн чөлөөт цаг гарсан. Хөтөлбөрт тусгаснаар Сиднейгийн түүх дурсгалт газраар орох төлөвлөгөө тусгасан. Энд аялал жуулчлалын том төв байдаг юм билээ. Түүгээр явж байхдаа казиногоор ороод гарсан. Би нэг л зүйлийг дотроо бодож байна. Харин оронд бид нэг л үндэстэн. Түүнээс аль нэг намын ялгаа байдаггүй. Чөлөөт цагаа чөлөөтэй өнгөрүүлэх бодол хүн бүхэнд л байдаг. Энэ утгаараа казинод ороод гарсан нь үнэн. Казиногоор ороод гарсан шалтгаанаа ямарваа нэгэн байдлаар зөвтгөх, зүтгүүлэх, өөрсдийгөө хамгаалах үндэслэл байхгүй. Бид нэгэнтээ л ардчилсан нийгэмд амьдарч байгаа, мэдээлэл нууц байна гэж байхгүй болсон. Хэвлэл мэдээллийнхэн анхаарч байгаа нь зөв гэж бодож байна. Ингэснийх нь төлөө сөрөг зүйлийг бид хэлж болохгүй. Энэ хугацаанд би хүн амьтантай нааш, цааш нь яриагүй. Болох зүйл болдгоороо л болж байна. Гагцхүү энэ шуугианыг далимдуулж улстөржих, бие биеэ доромжилж гүтгэх болон нэр хүндээ унагах, иргэдийг хуваах үйлдэл хийх ёсгүй. Би мөрийтэй огт тоглоогүй. Тоглох шалтгаан ч байхгүй. Миний зураг олон нийтийн сүлжээнд гарсан байна билээ. Хүн чи мөн үү, биш үү гээд л асууж байна. Би мөн. Д.Тогтохсүрэн гишүүний хажууд зогсож байгаа нь би мөн. Энд эргэлзэх хэрэг байхгүй. Казино нь нээлттэй юм билээ. Хэн нэгэн орж, гарахад ямар ч биеийн байцаалт шаарддаггүй. Ороод үзэж, сонирхоод л гарсан. Тэнд нэг их удаагүй. УИХ-д Казиногийн тухай хуулийг өргөн барьсан. Мэдээж дуулиантай зүйл болох байх. Өндөр хөгжилтэй оронд казино байдаг л зүйл гэж ойлгож байна. Мөрийтэй тоглох гэсэн хүн бүр ордоггүй. Сонирхсон, жуулчилж яваа хүн ч ордог. Дахин хэлэхэд, тэнд ямар ч гишүүн мөрийтэй тоглоогүй. Бид сонирхож, хэдэн ширээ л тойрсон. Ийм л зүйл болсон. 


Д.ТОГТОХСҮРЭН: БИД КАЗИНОД ТОГЛООГҮЙ, ҮЗЭЖ СОНИРХСОН 

-Бид энэ сарын 12, 13, 14-ний өдөр олон улсын хуралд суусан. Харин энэ сарын 17-нд Сиднейд нэг өдөр аяллын хөтөлбөртэй байсан. Казинод УИХ-ын гишүүд тоглолоо гэдэг мэдээлэлд тайлбар хийх нь зөв байх. Энэ сарын 17-ны өдөр УИХ-ын гишүүдийг Сидней хоттой танилцуулах хөтөлбөр байсан. Энэ хүрээнд худалдааны төв, гудамжаар явж танилцсан. Энэ үеэр казиногийн худалдаа, бизнесийн том төвд орсон, танилцсан. Элчин сайдтай хамт орж танилцсан. Бид УИХ-ын гишүүд казиногийн үйл ажиллагааг орж, сонирхож үзье гэдэг байдлаар гурван гишүүн, Элчин сайдтай орсон. УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Австрали улсад суугаа Элчин сайд Чулуунхүү бид нар орсон. Ороод үйл ажиллагаатай танилцсан. Том танхим байна билээ, олон хүн бужигнасан. Ороод гарах явцад бидний зургийг авсан байна. Сууж байгаа болон зогсож байгаа зургийг авсан байна билээ. Бид тэнд удаагүй. Гол нь үзэж, сонирхох гэж л орсон. Та бүхэн мэдэж байгаа УИХ-д Казиногийн тухай хуулийг боловсруулах, санал дүгнэлтэд бэлтгэх Ажлын хэсэг ажиллаж байгаа. Энэ парламент амжих аваас хуулийг нь батлах хэрэгтэй гэж ярьж байгаа. Энэ талаар ч гэсэн Д.Эрдэнэбат гишүүн бид казиног нь сонирхож үзье, ямар газар байдаг юм. Хууль хэлэлцэх үед ойлголттой болох үүднээс бид дөрөв орсон. Ийм л зүйл болсон. Гэтэл онгоцонд явж байхад ийм мэдээлэл тарсан. Хэн нэгэн хүнээс нууж, хаах зүйл байхгүй. Хүмүүсийн сэтгэлд Элчин сайд, сөрөг хүчнийхээ бүлгийн дарга, ахмад гишүүнтэйгээ хамт тоглоод сууж байна гэдэг нь буухгүй болов уу гэж бодож байна. Бие биедээ хяналттай явж байгаа шүү дээ. Бид тоглоогүй, зөвхөн үзэж сонирхсон. Би ямар нэгэн бооцоо тавиагүй, огт мэдэхгүй байна. Би олон нийтэд ил болсон зургийг харсан. Хүнгүй хоосон ширээ байна билээ. Элчин сайд хүнээс юм асууж байсан. Тэнд Д.Эрдэнэбат бид нар хүнээс юм асууж, эргэж тойроод байж байсан зураг байна билээ. Түүнээс би өмнө нь казинод орж байгаа ч үгүй.

Zindaa.mn

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen