Оффшороос орж ирсэн 74.9 сая ам.долларыг улсад авах нь...

Оффшор бүсэд 17 тэрбум ам.доллар байгаа гэж АТОЗ-ийн хэдэн "гар" яриад байгаа. Аль Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө л ингэж ярьсан. Мөн тухайн үед одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгатай гэрээ байгуулж байв. Нэр дэвшигч Х.Баттулга ч Ерөнхийлөгч болбол оффшор бүсэд байгаа мөнгийг оруулж ирэхэд анхаарна хэмээн амалж байлаа. Түүнийг амлалтаа биелүүлсэн, биелүүлээгүй гэж дүгнэх боломж алга. 

Учир нь оффшор бүсээс Монголд 74.9 сая ам.доллар орж ирчихээд байна. Тодруулбал, АТГ-ын Эрүүгийн хэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад оффшор бүсэд холбогдох этгээдүүд нь 85.9 сая ам.долларыг байршуулж байсныг тогтоосон аж. Үүнээс 74.9 сая ам.доллар тодорхой хэлбэрээр Монгол Улсад орж ирсэн болох нь шалгалтаар тогтоогдоод байгаа талаар мэдээлсэн. Шинэ мэдээлэл гэвэл, энэ мөнгийг улсад хурааж авахаар АТГ-ынхан ажиллаж эхэлсэн бөгөөд нэлээд ахицтай байгаа юм байна. Үүнийг Ерөнхийлөгчийн амлалттай холбох хэцүү юм. Гэхдээ бас тодорхой хэмжээнд үүрэгтэй ажилласан байх.  

74.9 сая ам.доллар гэдэг өчигдрийн /2020.01.19/ Монголбанкны зарласан ханшаар 2746 төгрөг байсан гэж тооцвол 205.9 тэрбум төгрөг гэсэн үг. Асар их мөнгө. Оффшор бүсэд мөнгө аваачиж хадгалж, эргэлдүүлж байгаа хүмүүс гэдэг эрх мэдэлтэй, баян, том бизнестэй, бүр албан тушаалтай байж таарна.  Манайхан оффшор гэхээр мангас гэж битгий ойлго. Хууль ёсоор олсон орлогоо тэнд аваачиж "нууж" болно гэж ч тархи толгой угааж ч байх шиг.  Хамгийн наад зах нь тэд эх орныхоо өмнө хүлээсэн үүргээсээ хүртэл зугтаж байна гэсэн үг. Хэчнээн хууль ёсоор олсон байсан ч гэсэн Монголдоо, банкинд хадгалуулбал хэдэн хүнд зээл өгөх боломж үүсэхээс авахуулаад сайн талыг нь тоочоод баршгүй. 

Гэхдээ оффшор бүсэд мөнгөө аваачиж хадгалж л байгаа бол цаана нь ямар нэгэн хууль бус, зувчуулсан, бултуулсан, авлига авсан, албан тушаалаа ашигласнаас үүдэж олсон хөрөнгө байх магадлал маш өндөр. Тэгвэл АТГ сайн ажиллаж, Монголд 74.9 сая ам.доллар оффшор бүсээс ороод ирснийг тогтоочихож. Одоо улсад хурааж авахаар ажиллаж, нааштай байна гэнэ. Оффшор бүстэй тэмцэнэ гэж амласан Ерөнхийлөгч. "Хүндэт авлигачид аа, гишгэх газаргүй болсон шүү" гэж бахархалтайгаар хэлж байсан Тамгын газрынх нь дарга. Шударга ёсны төлөө үхэхээс айхгүйгээ илэрхийлсэн Ерөнхий сайд. Түүний тэргүүлсэн Засгийн газар энэ ажилд бүхий л чадлаараа, гар, хөлөөрөө тусална гэж найдаж байна. 

Зөвхөн орж ирсэн мөнгийг нь улсад аваад зогсохгүй эзэн холбогдогч нь хэн байв. Оффшорт аваачиж нуусан мөнгө нь шударгааар олж авсан, бизнесээс олсон ашиг байв уу. Хэн нэгэн албан тушаалтан авлигын мөнгөө аваачиж нуучихаад, гарах гарцгүй, гарцаагүй баригдах болохоороо оруулж ирсэн байна уу гээд бүгдийг нь нарийн шалгаж байгаа байх. Тиймээс эрх мэдэлтнүүд, улстөрчид оффшортнуудаа, авлигачид аа өмөөрөөд, "аалзны тор"-оо нэхээд байв аа.  

Эх сурвалж: zaluucom.mn

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen