Нүүрсний зах зээлийн зөрчилтэй парадокс

Нүүрсний зах зээлийн зөрчилтэй парадокс

 

Ираны дайн түүхий нефть болон шингэрүүлсэн байгалийн хийн зах зээлийг хүчтэй донсолгосон ч нүүрсний зах зээлд үзүүлсэн нөлөө нь харьцангуй бага байлаа. Гэсэн ч эрчим хүчний зориулалттай нүүрсний үнэ нэг л мэдэхэд олон жилийн дээд түвшиндээ хүрчээ. Ираны дайн бол нүүрсний үнийг хөдөлгөж буй олон хүчин зүйлийн зөвхөн нэг хэсэг. Үүнээс гадна Хятадын дотоодын олборлолт буурсан, Индонезийн зохицуулалт өөрчлөгдсөн зэрэг зүйл ч бий.

Түүхий эдийн шинжээч "Kpler"-ийн мэдээллээс харвал, Азийн далайгаар тээвэрлэгддэг эрчим хүчний нүүрсний импорт тавдугаар сард өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас хойших хамгийн өндөр түвшиндээ хүрэх төлөвтэй байна. Тодруулбал, Азийн эрчим хүчний нүүрсний импорт тавдугаар сард 76.26 сая метр тонн хүрэх төлөвтэй байна. Энэ нь дөрөвдүгээр сараас 23 хувиар өссөн үзүүлэлт юм. Мөн өнгөрсөн оны тавдугаар сарын 72.83 сая тонноос давсан үзүүлэлт.

Бүс нутгаар нь авч үзвэл хамгийн том худалдан авагчид бүгд импортын өсөлттэй байна.

ХЯТАД ОЛБОРЛОЛТОО БУУРУУЛЖ, ИМПОРТОО НЭМЭГДҮҮЛЭВ

Тухайлбал, дэлхийн хамгийн том нүүрс импортлогч Хятад улсын далайгаар тээвэрлэгдсэн эрчим хүчний нүүрсний импорт 22.63 сая тоннд хүрэх төлөвтэй байгаа нь дөрөвдүгээр сарын 16.0 сая тонноос өссөн үзүүлэлт. Үүний зэрэгцээ нэгдүгээр сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт болж байна.

Хятад улс дотооддоо олборлолтоо багасгасан тул импорт өсч буй. Тодруулбал, дөрөвдүгээр сард олборлолт 385.63 сая тонн болсон нь гуравдугаар сарын дээд амжилт болох 440.62 сая тонноос огцом буурсан үзүүлэлт юм. Харин энэ оны эхний дөрвөн сарын байдлаар Хятадын олборлолт 0.1 хувиар буурч, 1.58 тэрбум тонн болсон байна.

Хятадад нүүрсээр ажилладаг цахилгаан үйлдвэрлэл оны эхний дөрвөн сард 3.6 хувиар өссөн учраас нүүрсний хэрэгцээ нэмэгдэж, дотоодын нийлүүлэлт хүрэлцэхгүй болж эхэлсэн. Энэ нь импорт нэмэгдэхэд нөлөөлсөн байж магадгүй юм.

Гэтэл хэдхэн хоногийн өмнө /2026.05.22/ Шаньси мужийн нүүрсний уурхайд гарсан дэлбэрэлтээс болж нийлүүлэлт цаашид улам чангарч болзошгүй байна. Учир нь эрх баригчид эрчим хүчний болон коксжих нүүрсний уурхайнуудын аюулгүй ажиллагааны шалгалтыг эрчимжүүлэхээр болжээ. Сүүлийн 17 жилд тохиолдоогүй тус ослоор 82 хүн амиа алдсан.

Хятадын импортын эрэлт өссөн нь тус улсын ихэвчлэн худалдан авдаг төрлийн нүүрсний үнийг өсгөхөд нөлөөлсөн байна. Түүхий эдийн үнийн мэдээллийн "Argus" агентлагийн мэдээлснээр, Индонезийн нүүрсний үнэ тавдугаар сарын 22 хүртэлх долоо хоногт тонн нь 64.43 ам.доллар хүрч, сүүлийн гурван жилийн дээд түвшинд хүрсэн байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн оны эцсээс хойш 42 хувиар өсчээ.

ИНДОНЕЗИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ӨӨРЧЛӨЛТ

Дэлхийн нэг, хоёр дахь том импортлогчид болох Хятад, Энэтхэг улсуудын аль аль нь Индонезиос илүү их нүүрс худалдан авах төлөвтэй байна. Гэхдээ дэлхийн хамгийн том нүүрс экспортлогч улс Индонезийн өнгөрсөн долоо хоногт зарласан зохицуулалтын өөрчлөлтүүд нүүрсний арилжаанд нөлөөлөхөөр байна. Индонези улс нүүрсний экспортоо төрийн өмчит компанийн шугамаар явуулж, гэрээ болон үнийг төрөөс хянадаг болох замаар худалдааг хяналтдаа авахаар төлөвлөжээ.

Засгийн газар одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй урт хугацааны гэрээнүүдийг хүндэтгэнэ гэж мэдэгдсэн ч ийм гэрээнүүдийн үнийг дахин хянах эрхийг өөртөө үлдээх аж.

Төрөөс экспортыг хянаснаар үнийн дутуу мэдүүлгийг таслан зогсоож, улмаар илүү их орлого төвлөрүүлнэ гэсэн үг юм. Гэхдээ шинэ систем бодит байдал дээр хэрхэн ажиллах нь тодорхойгүй хэвээр байвал худалдааны урсгалд нөлөөлөх магадлалтай.

Индонезийн зохицуулалтын өөрчлөлтөөс улбаатайгаар үүсч болзошгүй тасалдлыг дэлхийн хоёр дахь том нүүрс экспортлогч Австрали улс өөртөө ашигтайгаар эргүүлэх боломжтой байж магадгүй. Австралийн бага чанарын нүүрс нь Индонезийн нүүрсийг орлох бүрэн боломжтой.

Дашрамд дурдахад, дэлхий даяар 2025 онд урьд өмнөхөөс илүү олон нүүрсний цахилгаан станц барьж, ашиглалтад оруулсан ч ашиглалтын хэмжээ нь буурсан үзүүлэлттэй гарчээ.

Нүүрсний ашиглалт өмнөх оноос 0.6 хувиар буурсан ч шинээр ашиглалтад орсон станцуудын хэмжээ 3.5 хувиар өссөн. Томоохон эдийн засагтай орнуудаас зөвхөн АНУ л нүүрсээр ажилладаг цахилгаан үйлдвэрлэлээ мэдэгдэхүйц нэмэгдүүлсэн болохыг "Global Energy Monitor" байгууллагын шинэ тайланд дурдсан байна.

Нүүрс нь дэлхийн дулааралд нөлөөлдөг хүлэмжийн хийн ялгарлын гол эх үүсвэрүүдийн нэг. Иймд нүүрсний хэрэглээг үе шаттайгаар халах нь уур амьсгалын өөрчлөлтийг хязгаарлахад маш чухал юм.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS, JAPAN TODAY

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen