Татварын дарамтаас залхсан "Kincora Copper" алт, зэсийн "Хүрэл үнэг" төслөөс бүрэн гарч, Монгол компанид худалдлаа

Татварын дарамтаас залхсан "Kincora Copper" алт, зэсийн "Хүрэл үнэг" төслөөс бүрэн гарч, Монгол компанид худалдлаа

 

Канадад бүртгэлтэй “Kincora Copper” компанийн эзэмшлийн “Хүрэл үнэг” алт зэсийн орд нь Дорноговь аймгийн 22 мянган га талбайг эзлэх бөгөөд Оюу Толгой, Цагаан суваргын ордтой геологийн тогтоцоор нэг байршилд багтдаг орд. Энэ орд Рио Тинто группийн анхаарлыг мөн татаж байсан энэ орд нь эдийн засгийн ач холбогдол, ирээдүйд өгөх өгөөжийн хувьд чухал ордуудын тоонд ордог билээ. 

2006 онд “Айвонхау Майнз” хайгуулын ажлыг хийж байсан бөгөөд 0.5-1.5 хувийн зэсийн агууламжтай хүдрийн дээжийг уг ордоос илрүүлж, 1200 метрийн гүнд хийсэн өрөмдлөгөөр тонн тутамд 1.5 гр алт байгааг тогтоож байсан юм. 

"Хүрэл үнэг" орд — гол үзүүлэлт
22,000 га
Талбайн хэмжээ (Дорноговь)
1.5 гр/т
Алтны агууламж
1200 м
Өрөмдлөгийн гүн
0.5–1.5%
Зэсийн агууламж
72
Өрөмдсөн цооног (2017)

2017 онд хайгуулын лиценз бүхий нийт талбайн 10 орчим хувьд хайгуулын ажил хийж, 72 цооног өрөмдсөн бөгөөд өрөмдлөгөөр зэсийн эрдэсжилт байгаа нь батлагдсан. 

Монголын талаас уг төсөл дээр 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Ашигт малтмалын газраас гаргасан нэгэн шийдвэр хэрэгжиж эхэлсэн нь Ашигт малтмалын 106 лицензийг хүчингүй болгосон. 

Монгол Улсын нутаг дэвсгэр дээр олгогдсон дээрх 106 лицензийг эзэмшиж байсан компаниуд 2013 оны эхнээс эзэмшиж буй газар дээрээ хайгуул, олборлолт хийх бүрэн боломжгүй болгосон гэсэн үг. Тухайн үед хүчингүй болсон 106 лицензийн 31 нь 19 сая ам.долларын ажил хийгээд байсан бөгөөд дахин 36 сая ам.долларын бүтээн байгуулалт хийхээр төлөвлөсөн байсан ч ийн зогсоосон. Дээрх хүчингүй болгосон лицензүүдийн дотор “Kincora Copper”-ын хоёр лиценз багтаж, үүний дараа тус компани Монгол дахь хайгуулын салбарын хөрөнгө оруулалтаа долоон сая ам.доллараар бууруулахад хүрсэн.

Ингэхдээ тухайн үед тун хачин явдал болж байсан нь шинэ хууль, эрх зүйн орчны зохицуулалтын дагуу лицензийн эздийг дахин шалгаруулав. Уг шалгаруулалтад тус компани мөн л дахин оролцож, лицензийн эзнээр шалгарсан. Ингээд эцэст нь “Kincora Copper” 12 жилийн хугацаанд лиценз эзэмших эрхээ дахин олж авсан юм. Угтаа өөрийн эзэмшсэн лизенцээ цуцлуулж, дахин өрсөлдөөд өөрийн болгож авсан түүхтэй. Энэ нөхцөл байдлаас үүдэж компанийн зүгээс шүүхдэж, гурван шатны шүүхийн шийдвэр гарч, тус компани хоёр лицензээ эргүүлэн авах эрх нь нээгдсэн.

Энэ асуудлын талаар “Kincora Copper”-н ТУЗ-ийн дарга асан Оливер Тервалл “Татварын байгууллага нь ашигт малтмалын лицензийн эзэмшилд өөрийн үнэмлэмжээр татвар тогтоогог өндөр эрх мэдэлтэй ганц ч улс дэлхийгээс олоогүй” хэмээн мэдэгдэж байв. 

Улмаар татварын маргаанаас залхсан “Kincora Copper” Монгол дахь хөрөнгүүдээ зарахаар болсноо 2023 оноос зарлаж эхэлсэн. Үндсэндээ “Kincora Copper” Монголын тал бүрийн дарамтаас залхсан гэхэд болно.

Ингээд уг асуудлыг эцэслэж 2024 оны 10-р сард Монголд Оюутолгой шиг өгөөжөө өгөх боломж бүхий “Хүрэл Үнэг” төслийг 450 мянган ам.доллартой тэнцэх хэмжээний хувьцаа болон бэлэн мөнгөн дүнгээр тохиролцож “Woomera Mining”-д худалдсан юм.

“Woomera Mining” компани албан ёсоор “Хүрэл үнэг” ордыг өөрийн болгож шилжүүлэн авсны дараа компанийнхаа нэрийг 2024 оны 12-р сард “Orbminco” болгож өөрчилсөн бөгөөд Монгол улстай татварын маргааныг эцэслээгүй хэвээр байв. 

2025 оны 8-р сард тус компани хууль эрх зүйн тодорхой байдал бүрдэх хүртэл Монгол дахь цаашдын хайгуулын ажлаа түр зогсоох болсноо зарласан юм. 

Гэвч үүний дараахан “Orbminco” компани “Kincora Copper” компанитай хийсэн хэлцлээ цуцлаж,  цаашид тус орд дээр хайгуулын ажил дахин хийх эсэх асуудал гацсан. 2025 оны 11-р сард “Kincora Copper” компани “Хүрэл үнэг” төслийг нэмэлт зардал гаргалгүй эргүүлэн авсан талаараа мэдэгдэл хийсэн. Ийн буцаан авсныхаа дараа уг төсөлдөө шинэ хөрөнгө оруулалт татах, хайгуул хийх зэрэг олон талт боломжуудыг судлаж байгаа хэмээж байсан юм.

Гэсэн ч энэ онд албан ёсоор тус компани Австрали дахь алт, зэсийн төслүүддээ төвлөрөхөөр Монгол дахь хөрөнгүүдээ худалдах 10 сая ам.долларын дүнтэй хэлцлийг эхлүүлснээ албан ёсоор зарлажээ. Уг мэдээллийн араас Монгол дахь "Түмэн айл көүл" ХХК-иас тэдэнд 1.5 сая ам.долларын урьдчилан төлбөр санал болгож, Монгол дахь охин компагниудыг 100 хувь шилжүүлэн авах онцгой эрхийг тус компанид өгөв.

"Хүрэл үнэг" төслийн он цагийн товчоо
2006–2026
  • 2006
    Айвонхау Майнз хайгуул хийв
  • 2013.10.30
    Ашигт малтмалын 106 лиценз хүчингүй болов
  • 2023
    Kincora Copper Монгол дахь хөрөнгөө зарна гэв
  • 2024.10
    Woomera Mining-д $450 мянгаар зарав
  • 2024.12
    Woomera нэрээ Orbminco болгов
  • 2025.08
    Orbminco хайгуулаа түр зогсоов
  • 2025.11
    Kincora төслөө буцаан авав
  • 2026
    $10 сая хэлцэл; Түмэн айл көүл $1.5 сая урьдчилгаа санал болгов

"Түмэн айл көүл" ХХК нь 2014 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн Ногоон тал, Довцог худаг зэрэг байршлуудад нүүрсний ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг уул уурхайн компани аж. Тус компани "Kincora Copper"-т 10 сая ам.долларыг энэ он дуустал хувааж төлөх нөхцөлтэйгөөр хэлцэл хийжээ.

Т.БАТСҮРЭН

 

https://eguur.mn/674966/

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen