Аймшигт үйл явдлын гэрч болсон "камер"-ууд
Зарим гэрэл зураг түүхийг зүгээр нэг харуулдаггүй — харин хүний амьдралын хамгийн сүүлчийн мөчийг мөнхөлж үлдээдэг. Интернэтэд энэ төрлийн олон хуурамч зураг байдаг ч бодит тохиолдлууд ч бас цөөнгүй. Хүмүүс амиа алдсан ч камер, хальс эсвэл санах ойн карт нь амьд үлдэж, аймшигт үйл явдлын гэрч болон үлдсэн байдаг.
1. 2001 оны 9-р сарын 11 — Нью-Йорк дахь террорист халдлага
Билл Биггарт (Bill Biggart) 2001 оны 9-р сарын 11-нд Нью-Йоркт болсон террорист халдлагын үеэр амиа алджээ. Дэлхийн худалдааны төв рүү онгоц мөргөсөн тухай сонсоод тэр даруй гурван камераа аваад гэрээсээ гарсан байна. Тэр Өмнөд цамхаг нурж буй мөчийг зураглаж байсан ч удалгүй Хойд цамхгийн нурангид дарагдан нас баржээ. Дөрөв хоногийн дараа түүний цогцос болон эвдэрсэн камерын үлдэгдлийг нуранги дундаас олсон байна.









2. Зургаан өдрийн дайн — 1967 он, Израиль
Пол Шутцер (Paul Schutzer) нь “LIFE” сэтгүүлийн нэрт гэрэл зурагчин байв. 1967 онд тэр Israel руу дайны сурвалжлага хийхээр очжээ. Египет болон хөрш Арабын орнууд Израилийн эсрэг бүрэн дайчилгаа зарласан тэр үед нөхцөл байдал туйлын хурцадмал байсан аж. Шутцер Израилийн цэргүүдтэй хамт цэргийн машинд явж байхдаа толгойдоо хүнд шарх авч, хэдхэн секундын дараа тус машинд их бууны сум тусжээ. Түүний цогцос болон камерын үлдэгдлийг маргааш нь олсон байна.









3. Онтакэ галт уулын дэлбэрэлт — 2014 он, Япон
Изүми Ногучи (Izumi Noguchi) нь 2014 онд Япон дахь Онтакэ галт уул дэлбэрэх үеэр ууланд авирч явжээ. Тухайн өдөр уулын бэлээр 300 гаруй хүн авирч байсан бөгөөд зарим нь амжиж буусан ч олон хүн гэнэтийн дэлбэрэлтэд өртсөн байна. Ногучи бусад хүмүүсийн хамт уулчдын түр буудалд хоргодохыг оролдсон ч халуун хий, чулууны үүлэнд дарагдан амиа алджээ. Түүний камер хайлсан байсан ч санах ойн карт нь гайхамшигтайгаар бүтэн үлдсэн байна.



4. Дятловын бүлгийн нууцлаг үхэл — 1959 он, ЗХУ
1959 онд Уралын политехникийн оюутнуудаас бүрдсэн аяллын баг Умард Уралын ууланд нууцлаг байдлаар амиа алдсан хэрэг өнөө хүртэл тайлагдаагүй хэвээр байдаг. Өнөөдөр уг газрыг “Дятловын даваа” гэж нэрлэдэг болсон. Тэднийг цасан нуранги, хүчтэй шуурга, нууц зэвсгийн туршилт, бүр үл мэдэгдэх амьтдын халдлага хүртэл янз бүрээр таамагладаг. 2009 онд мөрдөн байцаалтын архив дахь гэрэл зургууд нийтэд ил болсны дараа энэ хэрэг дахин олны анхаарлыг татжээ. Ялангуяа Юрий Кривонищенкогийн камер дахь сүүлчийн зураг хамгийн их яригддаг бөгөөд бүдэгхэн харагдах гэрэлтэй бөмбөлгүүд олон нууцлаг таамгийг улам дэвэргэжээ.








5. 2004 оны цунами — Тайланд
Канадын Книлл хэмээх гэр бүл Зул сарын баяраар Тайланд улсын Као-Лак амралтын газарт амарч байжээ. Тэд өглөө эрт далайн эрэг дээр гарч, алсаас ойртож буй аварга давалгааг зурагласан байна. Гэвч тэр нь Энэтхэгийн далайд болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас үүссэн аймшигт цунами байжээ. Сарын дараа нэгэн номлогч эвдэрсэн дижитал камерыг далайн эргээс олж, санах ойн картыг нь талийгаачдын хүүхдүүдэд илгээсэн байна.
6. Баавгайн дайралтын тухай хуурамч зураг
Мичио Хошино (Michio Hoshino) нь үнэхээр алдартай амьтны зурагчин байсан бөгөөд 1996 онд Орост баавгайн дайралтаар амиа алдсан юм. Гэвч интернэтэд түгээмэл тархсан “майхан руу орж буй баавгайн сүүлчийн зураг” нь бодит биш аж. Энэ зураг 2009 онд фото эвлүүлгийн тэмцээнд зориулан бүтээсэн хуурамч зураг байсан нь хожим тогтоогджээ. Бодит байдал дээр Хошино шөнийн цагаар амиа алдсан бөгөөд баавгай майхны амыг бус, ханыг урж дайрсан байна.




