Трамп Иранд хэлцэл хийхээс татгалзвал өмнөхөөсөө хүчтэй цохилт өгнө гэж анхааруулав
"Бид хэлцэл хийхийг хүсч байна. Харин тэд бидний хүссэн байр суурийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тэд хэлцэл хийх ёстой, эс тэгвэл хүчтэй цохилт амсах болно" гэж Трамп Axios мэдээллийн порталд хэлсэн бөгөөд "Иран илүү сайн санал гаргаж ирэхгүй бол "өмнөхөөсөө хамаагүй хүчтэй" цохилт өгнө гэж нэмж онцолжээ.
Axios-ын мэдээлснээр АНУ-ын Ерөнхийлөгч Иранд чиглэсэн цаашдын байлдааны сонголтуудыг хэлэлцэхийн тулд дээд зэрэглэлийн аюулгүй байдлын албан тушаалтнуудтайгаа 5-р сарын 19-нд уулзалт хийхээр төлөвлөж байна.
Мөн эх сурвалжийн өгүүлж буйгаар 5-р сарын 16-нд Трамп Дэд Ерөнхийлөгч Жей Ди Вэнс, тусгай элч Стив Виткофф, Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, ЦАГ-ын дарга Жон Рэтклиффтэй Ираны асуудлаар уулзсан гэнэ.
Ням гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Ираныг боломжит хэлцэлийн төлөө илүү хурдан ажиллахыг уриалжээ. "Иранд өгсөн хугацаа дуусч байна, тэд хурдан хөдлөх хэрэгтэй, эс тэгвэл тэднээс юу ч үлдэхгүй. Цаг хугацаа маш чухал!" гэж тэрээр Truth Social платформдоо бичсэн байна.
АНУ болон Израиль 2-р сарын 28-нд Иранд цэргийн ажиллагаа эхлүүлсэн. 4-р сарын 7-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Иранд хоёр долоо хоногийн гал зогсоож буйгаа зарласан.
4-р сарын 11-нд Иран болон АНУ Исламабад хотод хэд хэдэн удаа хэлэлцээ хийсэн боловч урт хугацааны тохиролцоонд хүрч чадаагүйгээ мэдэгдсэн юм. 4-р сарын 21-нд АНУ-ын Ерөнхийлөгч Трамп гал зогсоосон шийдвэрийг сунгах хүсэлтэй байгаагаа зарласан. Харин Ираны улсын телевизийн мэдээлснээр Тегеран Вашингтоны нэг талт гал зогсоох санаачилгыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд өөрийн эрх ашигт нийцсэн байдлаар үйл ажиллагаагаа явуулна гэж мэдэгдсэн байна.
Орчуулсан Н.Отгончимэг
Эх сурвалж: tass.com



